“Ядуугийн зовлон” уран сайхны киног Монголын хамгийн анхны аймшгийн бүтээл гэдэг. Тэгвэл тус киноны хоёрдугаар анги буюу “Ядуугийн зовлон-2” уран сайхны кино энэ сарын 22-нд нээлтээ хийх гэж байна. Тус киноны ерөнхий найруулагч Ц.Хүсэлбаатартай ярилцлаа
-Киногоо нээх гээд тун завгүй байгаа бололтой.Сэтгэл их хөдөлж байна уу?
-“Ядуугийн зовлон” уран сайхны киноныхоо хоёрдугаар ангийг үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болгоод байна. Одоо зөвхөн нээлтийг л хүлээж, басхүү түгшиж сууна. Уран сайхны кино гэдэг баг, хамт олны нөр их хөдөлмөр. Тиймээс кино багийнхан маань бүгд л надтай адилхан түгшиж, бас догдолж байгаа болов уу. Нээлт “Тэнгис кино” театрт 18:00 цагаас болно.
-Нээлтийн үеэр үзэгчдэд ямар гэнэтийн бэлэг бэлдээд байгаа вэ?
-Гэнэтийн бэлэг бол гэнэтийн л бэлэг байх ёстой. Энд хэлчихвэл гэнэтийн гэдэг утгаа алдчихна шүү дээ.
-Хоёрдугаар ангиараа үзэгчдэд чухам юу өгүүлэхийг хүссэн бэ?
-Арван долоон жилийн өмнө хүмүүст хэлж байсан санаа одоо ч байж л байна. Хүмүүсийн шунал, хөдөлмөрлөхгүйгээр орлого олох гэсэн мунхаг хүсэл, шударга бус явдал энэ олон жилийн дараа оршсоор л байна. Алтанд шунасан Сэндэр эгч, амьдралаа залгуулах гэж ядарч буй Хүдэр, цэрэгт явсан хүүгээ хүлээсэн эмгэний сүнс гээд л бид анх яг л энэ сэдвийг хөндөж хийж байсан. Тэгвэл киноны хоёрдугаар анги мөн л энэ сэдвийг хөндөж байна.
-Киноны нэгдүгээр анги төгсөх тэр мөчид хоёрдугаар ангийг хийнэ гээд тухайн үед төлөвлөчихсөн байсан уу?
-Тухайн үед киноны хоёрдугаар ангийг хийнэ гээд яг таг төлөвлөсөн бодсон зүйл байгаагүй. Хүмүүсийн дунд домог болж үлдэх бүтээл болно ч гэж тооцоолоогүй байсан.
-Тэгвэл шуналаас болж өөрийгөө болон эхнэрээ алдсан гол дүрийн баатар Хүдэр энэ удаагийн анги дээр ямар байдалтайгаар эргэн ирж байгаа нь үзэгчдийн сонирхлыг татаж байна?
-Хүдэр олон жилийн дараа галзуугийн эмнэлгээс оргож байгаагаар кино үргэлжлэх болно. Хүдэр эргэн ирэхийн учир мэдээж энэ кино түүнгүйгээр сонирхолтой болохгүй шүү дээ. Хүрэлхүү маань Хүдэрийн дүрийг бүтээхээс гадна киноны ерөнхий продюсероор ажилласан байгаа.
-“Ядуугийн зовлон-2” уран сайхны кинонд өнөөгийн дэлгэцийн уран бүтээлийн өнгийг тодорхойлж буй Ц.Цэрэнболдоос эхлээд олон мундаг жүжигчин тоглож байгаа харагдсан…?
-Дүрдээ сайн тохирох, ур чадвар өндөртэй уран бүтээлчдийг сонгосон. Ц.Цэрэнболд, Г.Золбоот, А.Адилцэцэг, Т.Анар, Ц.Алдармаа, залуу жүжигчин сурагч Н.Буянцог зэрэг уран бүтээлчид бий.
-“Ядуугийн зовлон” яах аргагүй Монголын анхны аймшгийн кино. Харин одоо бол аймшгийн кинонууд ар араасаа мэндэлж байна. Эдгээрээс хоёрдугаар анги юугаараа өөр байх бол?
-Хүмүүс өөрсдөө энэ айдсыг бий болгож байна. Мэдээж нэгдүгээр ангиас өөр байлгүй яахав. Тэр үеэс одоо бидний амьдарч байгаа орчин хүртэл өөр шүү дээ. Илүү бодитой амьдралыг харуулна. Бас баатар болгон өөр өөрийн онцлогтой, давтагдашгүй байх болно.
-Тухайн үед уг киноны нэгдүгээр анги үзэгчдэд хүрч байх үеийн сэтгэгдлээс хуваалцахгүй юу. Анх үзэгчдийг байлдан дагуулна гэдгээ төсөөлөө ч үгүй байсан гэсэн?
-Нэгдүгээр ангид тоглосон гавьяат жүжигчин Сэлэнгэ агсан, мөн соёлын тэргүүний ажилтан Нарантуяа, Д.Хүрэлхүү, А.Адилцэцэг, тэргүүтэй жүжигчид, ангийн анд Г.Энхтөр, зураач П.Чулуунбаатар, залуу зураач С.Чулуунбаатар, гайхалтай зураглаач агсан Наранбаатар гээд олон сайхан уран бүтээлч маш сайхан эрч хүчтэй гар нийлэн ажилласан учраас одоо болтол хүмүүсийн дунд сайн бүтээл гэж яригдаж байгаагийн шалтгаан байх.
-Өмнөх анги шигээ үзэгчдэд хүрч чадах болов уу. Та юу гэж бодож байна?
-Мэдээж энэ сэдэв бол мөнхийн сэдэв. Хүн чанарын гэрэлтэй, сүүдэртэй талууд байгаа цагт дээрээс нь хэрхэн цааш үргэлжлэх бол гэсэн хүмүүсийн хүлээлт байгаа цагт хэрэгцээтэй хэвээр л байх болно.
-Зураг авалтыг хаана хийв?
-Улаанбаатар хотод авсан. Мөн зураач С.Чулуунбаатарын багийнхны гараа гаргаж бэлдсэн павильонд авсан. Энэ дашрамд харамгүй сэтгэлээр тусалсан бүх анд найзууддаа болон бүх уран бүтээлчдэдээ чин сэтгэлээсээ баярлалаа.
-Киноны нэгдүгээр анги хичнээн төгрөгөөр бүтэж байсан бол. Харин хоёрдугаар анги хэр өртөгтэй босов?
-Энэ асуулт нууц хэвээрээ үлдэг. Тэгээд ч санхүүгийн талын нарийн ширийн асуудлыг би сайн мэдэхгүй.
-Гэргий болон охин тань дүр бүтээсэн үү ?
-Гэргий Өлзийхүү маань энэ киноны арын албаны ажлыг хариуцаж ажилласан. Мөн зургийн дарга гэдэг том албыг хашиж бид бүгдийг саадгүй ажиллуулж байлаа.
-Кино багийнхнаа танилцуулахгүй юу?
-Зураглаач Г.Гүеэнбаатар, хөгжмийн зохиолч Г.Хишиг, нүүр хувиргагчаар киноны нэгдүгээр ангид ажилласан Ж.Болормаа, Г.Хос-Эрдэнэ зэрэг олон сайхан уран бүтээлчдийн хөдөлмөр шингэсэн байгаа.