Маргааш 10.00 цагт Гандантэгчэнлин хийдэд Майдар эргэнэ. Гандантэгчэнлин хийдэд Хаврын адаг сарын шинэдийн өлзий ерөөл бүрдсэн сайн өдөр Майдар эргэдэг уламжлалтай. Энэхүү арга хэмжээ нь хүрээ хийдүүд алтан Майдар бурхныг ногоон морин тэргүүнтэй, хорол дөрвөн дугуйтай тэргэн дээр дэвжээ сэнтий засаж залаад хүрээ хийдээ нар зөв тойрон дөрвөн зүгт нь үдлэн эргэдэг.
Ногоон морин тэргүүнт тэргэнд залсан Майдар бурханы баруун зүүнд Додигалсан, Жадамба, Жамчой динаа, Алтангэрэл судруудыг Боди суврагын хамт залан, номт хувцас соёрхсон хоёр тахилч сүнтагийн хадгийн үзүүрийг Майдар бурханы зүрхэн тус уяад, түмэн олноо адис хүртээж явдаг. Гандантэгчэнлин хийдийн шар хэрмийн гол, баруун, хойд, зүүн зүгт тус тус үдлэн Түй мандал өргөн ерөөл талбин эргэн гол үүдэнд хүрч, Манзуширын үд хийж, их ерөөл хуран, өлзий хутаг оршоож, их мандал өргөдөг ёслол юм.