“Нөгөө Б.Насанбаяр чинь ажлаа хийж
байна” гээд нэг сайт дээр эвэртэй туулай харсан юм шиг мэдээлснийг хараад санаа
зовов. Хэсэг бүлэг хүн хэн нэгэнд хаяг, шошго зүүгээд, буруутгаж давшилж, өөрсдөө
ялын тогтоол уншаад, гэмт хэрэгтэн болгочихдог жишиг тогтоож болно гэж үү. Мүүнчин
тодруулах сарын “аян”-ы дараа юу болоод өнгөрөв, яагаад бид элдэв тархи угаалтанд
автамхай байна вэ хэмээн эрэгцүүлэхэд хүрлээ.
“Энэ үзэгдэл олон улсад болоод өнгөрсөн
түүх. Монголчууд шинээр зохиосон тэнэглэл биш” хэмээн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл
хэллээ. Хүний эрх зөрчигдсөн тохиолдолд өмгөөлж дуугардаг энэ эмэгтэй цөөнгүй жишээ
хэлж чадах билээ. “1950-иад онд Америкт МкКарти гэдэг сенатын гишүүн байлаа. Тэр
хүн хэнийг хуруугаараа чичиж, ангийн дайсан болгож зарлана, түүнийг нь нийгмээрээ
үзэн яддаг байжээ. Тэр хүн байнгын хорооны дарга. Түүний тэргүүлдэг байнгын хороо
нь Америкийн эсрэг үзэлтнүүдийг илчлэх гэдэг тодотголтой. “Тэр хүн коммунист намын
гишүүн юм шиг байна”. “Тэр час улаан байна”, “Тэр нь ягаан байна”, “Орос найзтай,
авгай нь орос” гэх мэтээр Зөвлөлтийн эсрэг хүйтэн дайны үеийг өөрийнхөө нэр төрийг
өргөхөд ашигладаг сенатч байжээ. Тэр цаг хугацаа МкКартигийн хар үе гэж нэрлэгддэг.
Хар үед нийгэм тэр чигээрээ МкКарти шигээ хар болсон. Холливудын жүжигчдийг буруу
дүрд тоглосон гэж шүүмжилж байлаа. “Спартак” гэдэг киног бид алга ташаад үздэг байхад
тухайн үед Америкт Спартакийг үзсэн хүн боолчуудын хөдөлгөөнийг дэмжсэн, коммунист
болчихдог байж. Спартакт тоглосон жүжигчин, зохиолыг бичсэн хүнийг ч буруутгаж,
өөрөөр хэлбэл солиорол болж байсан. Яагаад нийгэм тэгтлээ солиорсон гэхээр аливаа
нэг дайсан гаргаж ирэх замаар дотоодын асуудлаа мартуулах технологи хэрэглэдэг.
МкКарти гэдэг бизнесмэн, сенатч асуудал ихтэй хүн байж л дээ. Авилагч, татвараас
бултдаг тэр хүнтэй холбоотой асуудлыг шалгах, яриа гарах тоолонд сөргүүлээд ангийн
дайсан гаргаж ирдэг технологитой байв. Нийгмээрээ хэн нэг хүнийг үзэн ядах хөдөлгөөн
өрнүүлнэ гэдэг цаана нь өөр сонирхол байна гэсэн үг” хэмээн Ц.Оюунгэрэл тодорхойлов.
Жон Кеннеди ерөнхийлөгч болж байж
л МкКартигийн солиорол төгсчээ. Жон Кеннеди “Нэг хэсэг нь хар өнгөтэй байг, нэг
хэсэг нь коммунист намын гишүүн байг, нэг хэсэг нь куба, орос найзтай байг, тэгээд
юу гэж. Энэ чинь Америк, чөлөөт орон шүү дээ” гэсэн нь хүмүүсийг тайвшруулжээ. Үүнтэй
адилхан технологийг МкКартигаас хориод жилийн өмнө Гитлер хэрэглэсэн байна. Гитлер
буруутгахыг хүссэн хүнээ еврэй гээд зарлачихдаг. Эсвэл еврэй найзтай, цэвэр герман
үндэстэн биш гэнэ. Хүнийг уншиж байсан ном, найз нөхөд, суух гэж байсан бүсгүй,
залуугаар нь цоллодог. Тэгсээр байгаад Гитлер юу болж хувирсаныг дэлхий нийтээрээ
мэднэ.
“Одоо Монголд болж байгаа энэ үзэгдэл
цаанаа ямар нэг Гитлер, МкКартиг агуулж буй. Хэн нь ирээдүйн Гитлер, МкКарти болж
гарч ирэхийг одоохондоо мэдэхгүй. Гэхдээ технологи нь тэдэнтэй адилхан өрнөж байгаа.
Тэр технологийн хохирогч болж байгаа хүмүүсээ олуулаа нийлж муулахаасаа өмнө манай
нийгэм юуны хохирогч болох гээд байна гэж болгоомжлох ёстой. Б.Насанбаяр биш, бидний
солиорол нийгмийг хохирооно.Тэгэхээр бид хэнийг, юуг дагаад намирчихав гэдгээ байсхийгээд
эргэж харах учиртай” гэж хүний эрхийн төлөө тэмцэгч зөвлөж байна. Тэр ч бас Б.Насанбаярыг
фэйсбүүк, твитертээ өмөөрөөд “Чи өөрөө мүүнчин” гэж хэлүүлэхэд хүрчээ. “Энэ бол
солиорол. Хүмүүс нэгнийгээ өмөөрөх эрхгүй болно гэдэг чинь нийгмээрээ нөгөө л
1937 он руугаа явна гэсэн үг шүү дээ. хэмээн УИХ-ын гишүүн тайлбарлав. Америкчууд
тэрхүү солиролоосоо нэгнийгээ өмөөрч л гарсан гэнэ. Спартакийг бичсэн зохиолчийг
гол дүрд тоглосон жүжигчин өмөөрсөн. Спартак гэдэг кинонд тоглосон хамт олныг Жон
Кеннеди өмөөрчээ. “Би энэ киног үзлээ. Гоё кино байна шүү дээ. Энэ киноны зохиолч,
найруулагчийг юунд нь буруутгаад байгаа юм бэ” гээд л хэлчихжээ. Нэгнийгээ өмөөрөх
нь нийгмээ эрүүл байр суурин дээр буцааж аваачдаг. Үгээ цэнэж, би ч бас хамсаатан
гэгдэх вий хэмээн айгаад дуугүй өнгөрвөл харин нийгмээрээ галзууралд автсан мэт
харагдах вий.
Стэнфордын их сургуульд хүний эрхийн
чиглэлээр хичээл заасан багш нь Ц.Оюунгэрэлд “Хэн нэг хүнийг нийгмээрээ үзэн ядаад
эхэлбэл тэнд маш гүн гүнзгий хүний эрхийн зөрчил явж байдаг юм шүү. Яг тэр үед дороо
зогсоод, эргэн тойрныхноо сайн хараад өмөөрч байх ёстой” гэж захисан гэнэ.
Мүүн гэгч хүнтэй өмнө нь ч олон
улстөрч, нийгмийн зүтгэлтнүүд зургаа авахуулж, уулзаж, зохион байгуулсан хурал зөвлөгөөнд
нь оролцож байсан. Гэтэл гэнэт өнөөдөр мүүнчин олж хараад, Мүүнтэй холбоотой бүхнийг
нэг эмэгтэйд дангаар нь тохох нь дэндүү зохиомол харагдана. Хэн нэгэн нийгмийн сэтгэл
зүйг захиалгаар зориуд хуйлруулахаас хэрхэн хамгаалах вэ?
-Нийгмийн дархлаа л хэрэгтэй. Нялх
хүүхэд эхийнхээ сүүг хөхөж байвал өвчин тусахгүй гэдэг шүү дээ. Түүнтэй адил Монголын
нийгэмд гэнэтийн хуй салхи биднийг хямраахаас нийгмийн дархлаа л аварна. Нийгмийн
дархлаа нь боловсрол, хүний эрхийн мэдрэмж, бусдад хүндэтгэлтэй хандах юм. Энэ үнэт
чанарууд байж л нийгэм тогтвортой байна. Дархлаагүй нийгэмд ямар ч халдварт өвчнийг
хэн ч халдааж чадна гэж ярилцагч маань онцолсон билээ.
Далай лам ийнхүү айлджээ. “Хүмүүсийн
ярьж байгаа бүхэнд итгэх хэрэггүй. Гэхдээ тэд үүнийг огт шалтгаангүй яриагүй гэдгийг
санах хэрэгтэй”.
Б.Насанбаярыг өргөдлөө өгөх тухай
мэдэгдэхэд жендерийн мэдрэмжтэй олон хүн эмэгтэй дарга ажлаа өгөхөд хүрсэнд харамссан
нь лав. Түүнд мүүнчин хэмээх маск зүүлгэсэн хүмүүс боловсролын салбарын шинэчлэл
хэрхэн өрнөснийг, галын шугаманд тэргүүн эгнээнд хэн дэрвэж явсаныг анзаараагүй
бололтой. Цэцэрлэгээс авахуулаад ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиа
хүртэл сургалтын агуулга, хөтөлбөр шинэчлэгдэж, боловсролын салбарт их өөрчлөлт
шинэчлэлтийг гардан хийгчдийн нэг нь, бодлого боловсруулагчдын тэргүүн эгнээнд Б.Насанбаяр
гэдэг эмэгтэй яваа. Өдрийн цагаар байнга л хурал зөвлөгөөн, уулзалт, яриа таниулга
хийгээд, сургуулиудаар явж байдаг энэ эмэгтэйг оройн цагаар БСШУЯ-дээрээс олж уулзаж
болно гэдгийг сэтгүүлчид мэднэ дээ.
Төрд бас дархлаа хэрэгтэй. Ажлын
алдаа дутагдал гаргасан бол хариуцлага хүлээх нь зүй. Бүлэг хүн сошиэл ашиглан дайралт
хийсний төлөө яамны түшээ ажлаа өгөхдөө тулах нь төрийг дэндүү эмзэг хамгаалалтгүй
харагдуулж байна.
Б.Насанбаяр эрхээ хамгаална гэдэг
дараагийн хүн эрхээ хамгаалах дархлааг бий болгох юм. Эхний довтолгоонд өртөгчид
эмзэг тусах нь лав. Гэхдээ л энэ хүн өөрийгөө хамгаалж байж л дараагийн үеийнхэн
“мүүнчин” гэх мэт солиотой шалтгаар ажлаа өгөхдөө тулахгүй, эрх нь зөрчигдөхгүй.
Сайн жишиг үлдээхийн тулд тэсч үлдээрэй, Б.Насанбаяр. Бас боловсролын салбарт эхлүүлсэн
шинэчлэлээ үр дүнд хүргээрэй.
Нийгмийн дайсан гэдэг монголчуудын
хувьд МкКарти эсвэл Гитлерээс ч танил сэдэв. Хэн нэгнийг хувьсгалын эсэргүү, ангийн
дайсан, японы тагнуул гэж зарлахад л нийгмийн дайсан болж хувирдаг, нийтээрээ чичилдэг
гашуун түүх давтагдах учиргүй.
Б.АМАР