“Өдрийн сонин”-ы № 093 (5358) дугаараас авч нийтлэв
–ПРОКУРОРООС Б.БУЛГАНЫ ӨРӨӨНИЙ ГЭРЭЛ, БИЕ ЗАСАХ БУЛАНГИЙН ЗӨРЧЛИЙГ
АРИЛГАХ ЧИГ ҮҮРЭГ ӨГСӨН ГЭВ–
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо өчигдөр хуралдах байсан ч гишүүдийн ирц хүрээгүйгээс нээлттэй сонсгол хийлээ. Энэ үеэр удахгүй чуулганы хуралдаанаар хэлэлцэх гэж буй Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах тухай хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслүүдэд хүний эрхийг хэрхэн хангаж байгааг авч үзсэн юм. Дээрх хуулийн төслүүдтэй холбогдуулан Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд бусад гишүүдийн хамт хорих байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан. Ингээд өргөдөл гомдол гаргагсдын болон иргэний нийгмийн байгууллагуудын санал, холбогдох байгууллагуудын тайлбарыг авах нээлттэй сонсгол хийж байгаа нь энэ аж. Хуралдааныг тус дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Л.Болд даргалсан бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Тахарын ерөнхий газрын дарга Ц.Азбаяр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Дэд хороонд харьяалагддаг бусад гишүүдийн хувьд гадаад, дотоодод томилолт болон албан ажилтай байж таарсан тул ирж амжсангүй. Хүний эрхийн төлөөх иргэний нийгмийн байгууллагуудын нэлээд төлөөлөл ирсэн харагдана. Тухайлбал, Хүний эрхийн үндэсний комисс, Глоб интернэйшнл төв, Монголын эрэгтэйчүүдийн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо, Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүдийн клуб, Хүний аюулгүй байдлын судалгааны төв, Хүний эрх хөгжил төв, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Ирвэс хамгаалах сан, Эвт сайн хөрш ТББ, Хүүхдийн эрх хамгаалал төв, Хүний эрхийн залуу судлаачдын клуб, Зориг сан, иргэн С.Шаарийбуу, хуульч Г.Нарангэрэл зэрэг харагдаж байв.
ХОРИХЯЛЫГ БАГАСГАХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ САНААЧИЛСАН ГЭВ
Хуралдааны эхэнд Хууль зүйн сайд Д.Дорлигжав дээр дурдсан хуулийн төслүүдэд хүний эрхийг хэрхэн хангасан талаар танилцуулга хийв. Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад яллагдагчийн гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоох, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг хориглох, яллагдагч хэргээ шүүхэд шилжүүлж хэлэлцүүлэхийг шаардах, энэ талаар гомдол гаргах эрхтэй байхаар тусгажээ. Мөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, аль болох цагдан хорих арга хэмжээг авахгүй байх үүднээс хувийн баталгаа гаргах, зорчих эрхийг хязгаарлах зэрэг төрлүүдийг шинээр оруулж ирсэн байна. Ингээд тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт бий болсныг үндэслэж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсаны дараа таслан сэргийлэх арга хэмжээг авдаг байхаар тусгажээ. Түүнчлэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг мөн богиносгохоор тусгасан аж. Харин цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тахар, гааль, татварын гээд олон байгууллага хууль сахиулах үйл ажиллагааг явуулдаг. Ингэхдээ тус бүрийн дүрэм журмаар хүний эрхийг хязгаарладаг байдалтай байсныг Хууль сахиулах тухай хуулиар нэгдсэн нэг журамд оруулж байгаа аж. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслүүдийн хувьд тухайлбал, хорих ялыг хувь хүний онцлогт тохируулан ялгамжтай эдлүүлэхээс эхлээд зорчих эрхийг хязгаарлах зэрэг шинэ төрлийн ялыг нэвтрүүлснээр ял эдлэгсдийн тоо, хоригдож буй хүний эрх зөрчигддөг сөрөг хандлагууд буурна гэж үзэж байгаа аж. Мөн өсвөр насны хүнд оногдуулсан ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан хэрэгжүүлэхээр заажээ. Харин Тахарын албыг ШШГЕГ-ын дэргэд ажиллахаар болгож буйг тайлбарлахдаа “Шинэ тутам байгуулагдаж байгаа учраас сум бүрт хүрч ажиллахад дөхөмтэйг бодолцсон” хэмээсэн юм.
Б.БУЛГАНЫГ 461 ДҮГЭЭР АНГИД ШИЛЖҮҮЛЭХСАНАЛ ХҮРГҮҮЛЖЭЭ
Танилцуулгын дараа гишүүд асуулт тавьсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Б.Булганы ээжийн өргөдлийн дагуу хоригдож буй газарт нь очиж уулзсан. Энэ үеэр ШШГЕГ-ын мэдлээс обьект нь гарчихсан байдал ажиглагдсан. Тэр байгууллага ер нь Тагнуулын ерөнхий газрын хяналтад байна лээ. Хэрвээ энэ байгууллагад Тахарыг нэгтгэчихвэл бүх гэрч, хохирогчоо тагнуулын байгууллагад өгчих юм биш үү” гэхэд Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Б.Булганы байдлын тухайд бид тодорхой мэдэхгүй байна. Гэрчийг бол аваачиж хорьдоггүй л дээ. Тэгэхээр гэрч биш сэжигтэн яллагдагч болсон учраас удаан хугацаагаар хорьж шалгаж байгаа байх. Бид мөрдөн байцаалт ямар түвшинд яваа дээр хяналт тавих, мэдээлэл авах эрхгүй. Хуулиар хориотой. Ер нь бол ШШГЕГ-ын урьдчилан хорих байр бол мөрдөн байцаагчийн тавьсан шаардлагын дагуу тэр хүний хэнтэй уулзахыг л зохицуулж ажилладаг. Өөрсдийн санаачилгаар хэн нэгнийг уулзуулахгүй гэсэн юм байхгүй. Мөрдөн байцаагч, прокурорын тавьсан шаардлагын хүрээнд ажиллаж байгаа байх гэж бодож байна. Өмгөөлөгчийг дарамталдаг асуудал байдаг гэлээ. Хэрэв тийм бол энэ одоо ч Монгол Улсын хуулиар хориотой. Шинэ хуулийн төсөлтэй холбож ярихад Б.Булгантай холбоотой асуудлыг аваад үзэхэд ийм маягаар ажиллах боломжгүй л болгож байгаа шүү дээ” хэмээв.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Б.Булганы өрөө бусдаасаа илүү хурц гэрэлтэй байсан. Ариун цэвэр сахих булан нь үүдэндээ хүний нүдэнд ил байдаг нь ямар учиртай юм” гэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү “Нар тусдаг газрын камерууд гэрэл байдаггүй юм. Бид тусгайлан нэг хүнд зориулж өрөө тохижуулах боломжгүй. Бие засах цэг нь үүдэндээ байгаа нь сантехникийн шугамаасаа шалтгаалсан байх. Хоригдож буй хүндээ зориулж өрөөг өөрчлөх хөрөнгө ч байхгүй. Төв аймгийн хорих 35 хүний багтаамжтай бусад нь гурав, дөрвөөрөө байдаг бол Б.Булган ганцаараа нэг өрөөнд байгаа” гэж хариуллаа.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Б.Булганыг шилжүүлэх боломж байна уу. 461 дүгээр ангид сул өрөө олон байгаа гээ биз дээ” гэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү “Бид гишүүдийг хориход очоод явсны дараа Улсын ерөнхий прокурорт Б.Булганыг Улаанбаатар хотын 461 дүгээр саатуулахад шилжүүлэх талаар санал явуулсан” хэмээв. Энэ үеэр мөн өргөдөл бичих эрхийг нь ч боогдуулсан талаар УИХ-ын гишүүд ярьсан юм. Тэгэхэд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Өмнө нь манайхаас хүмүүс очиж уулзахад ийм зөрчил байгаагүй. Үнэхээр өргөдөл бичихийг хориглодог болоод бичсэн өргөдлийг дардаг бол энэ маш том хэрэг. Бичсэн өргөдлийг дарагдуулсан тэр хүн дээр Улсын Ерөнхий прокурор маш том хариуцлага тооцох байх гэж бодож байна. Хүний өргөдөл, гомдол гаргах Үндсэн хуульд заасан эрхийг зөрчих эрх хэнд ч байхгүй шүү” гэв.
Г.ЭРДЭНЭБАТ: ӨРГӨДӨЛ ГАРГАХЭРХИЙГ ЗӨРЧСӨН ТАЛААР БИД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ШАЛГАНА
УИХ-ын гишүүн Л.Болд “Ерөнхийдөө манай энэ шалгадаг, хорьдог хүмүүс хамгийн амраар нь цагдан хорих газарт аваачаад хорьчихож байна. Тэгээд ямар нэг зүйл илрэх байх гээд гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байх. Б.Булганыг таван сарын турш хорьсон. Ингэхдээ он гарснаас хойш нэг ч удаа байцаагаагүй. Бүр цааш нь ярих юм бол өмнө нь ийм байдалд улстөрчид сууж байсан жишээнүүд бий. Тэдний хувьд ч байцаадаггүй байсан. Өмнө нь яваад байдаг зүйл гэж хэлэх гээд байна л даа. Ерөнхийдөө хорьчихоод мартчихдаг. Үүнийг л хуулиар хаахгүй бол хүчний байгууллагууд бүгд тийм сонирхолтой хэвээр үлдэх гээд байх шиг байна. Сэжиглэж байгаа гээд шоронд хийчихдэг. Хичнээн сараар хүнийг тамладаг энэ байдал нэр хүндээс гадна ар гэрийнхнийг нь хүнд байдалд оруулж байна шүү. Хэнтэй хэнийг хорихыг хэн шийддэг юм бэ. Намайг урьдчилан хорихтой танилцаж явахад тендерт хардагдсан нэг Төрийн нарийн бичгийн дарга баахан хулгай хийсэн хүмүүстэй сууж байгаа юм. Өөр бас нэг хувийн компанийн захирлыг хүн алсан хоёр хүнтэй нэг өрөөнд хийчихсэн байсан. Тэр хүн хэрэг хүлээх ёстой юм уу. Эсвэл тэр хүмүүс нь дарамталж илрүүлж өгдөг юм уу мэдэхгүй. Үүнийг шүүхийн шийдвэр биелүүлэх хуулиар үнэхээр хаамаар байгаа юм. Тэгэх бололцоо байна уу. Бид гэмт хэрэгтэй тэмцэхийг бол ойлгож байна. Хэрэгтэнтэй тэмцэх ажил маш чухал. Үүний хажуугаар өөр санаа зорилго орох нөхцөл бүрдээд байна шүү. Социалист нийгэмд л дуртай хүнээ улс төрийн хэрэгтэн болгож залхаан цээрлүүлдэг байсан. Тэр шударга бус нийгэм ардчилсан хувьсгалд хүргэсэн. Манайхаас л цус урсаагүй болохоос бусад газар цус урсаж дууссан. Тэгэхээр үүнийг бид хуулиар засч янзлах хэрэгтэй. Манай ардчилсан нийгэмд хүнийг доод зэрэгт аваачих шаардлага байхгүй шүү дээ. Гэтэл бодит байдалд тийм зүйл байгааг нүдээр харж байна. Хүний эрхийн байгууллагуудаас үүнтэй холбоотой, адилхан саналууд маш их ирж байна. Одоо энэ хуулиудад өөрчлөлт орвол энэ байдал засагдах уу. Тийм итгэл байна уу” гэв.
Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл дээр таны дурдсан асуудлуудыг зохицуулахаар томьёолж байна. Сэжигтэнг баривчлах, цагдан хорих журмыг ч бид үүнтэй холбогдуулан өөрчлөх хэрэгтэй. Яах ч аргагүй манай цагдан хорих байрны нөхцөл, хэрэгжүүлж байгаа арга барил бол хүний эрхийн мэдрэмжгүй. Цагдан хорих байруудад аюулгүй байдлын стандарт, харуул хамгаалалтыг л чухалчилсан байдаг. Түүнээс болоод тухайн хүний жишээлбэл, бие засах нь олны нүдэн дээр байж байна. Бүх байрууд нэг стандартгүй байгаа нь үнэн. Мөн хэрэгжүүлэх явцад мөрдөн байцаагчийн зөвшөөрөлтэй эргэлт оруулдаг. Зөвшөөрөлгүй бол оруулахыг хориглодог. Мөн гүйцэтгэх ажил явуулахыг хориглох юм уу, зөвшөөрөх юм уу гээд асуудлуудыг нарийвчлан журамлаагүй. Бид үүнийг журамлахаар зүйл заалтууд санаачлаад хуулийн төсөлд тусгаж байна” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Л.Болд “Өргөдөл бичиж өг гэхэд Б.Булган өөрийгөө өргөдөл бичиж өгөх эрхгүй юм билээ гээд бодчихсон сууж байгаа байхгүй юу. Асуусан чинь тийм эрх байхгүй гэсэн. Ямар ч эрхийг нь хэлээгүй байгаа юм. Үзэг цаас хараад баярлаад байгаа юм” гэхэд Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Энэ дашрамд хэлэхэд иргэн Б.Булганы цагдан хорих ажил хэрэгжүүлж байгаатай холбоотой гомдлуудын дагуу прокурор шалгалт хийсэн. Үнэхээр Б.Булганы өрөөнд өдрийн гэрэл байрлуулсан. Энэ дөрвөн гэрэл бусад өрөөнөөсөө илүү тусгалтай байна гэдгийг өнөөдөр (өчигдөр) өглөө манай прокурор шалгаж тогтоосон. Тэгээд бусад өрөөтэй нь адилхан болгох, бие засах газрыг гаднаас хөндлөнгийн хүн харж болохгүй болгохын тулд өөр өрөөнд байрлуулах уу эсвэл тэнд нь арга хэмжээ авах эсэхийг яаралтай судлаад зөрчлийг арилгах арга хэмжээ ав гэсэн чиглэл өгсөн. Хүний эрхийг нь зөрчигдсөн нөхцөл байдал байгаа бол арга хэмжээг яаралтай авъя гэж байгаа. Өргөдөл гомдол гаргах бусадтай харилцах эрхийг хязгаарласан талаар бид чин үнэнийг хэлэхэд одоо л дуулж байна. Үнэхээр өргөдөл гаргах гэхэд нь үзэг, цаасаар хангаагүй бол зөрчил мөн. Үүнийг нь бид үргэлжлүүлэн шалгана. Мөн цагдан хорихтой холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх үедээ гүйцэтгэх ажил явуулахыг халах заалтуудыг Хууль сахиулах тухай хуульд оруулж өргөн барьсан байгаа. Хүнийг гэмт хэрэгт буруутгах хангалттай баримттай итгэл үнэмшилтэй болсон цагтаа л шүүхэд шилжүүлэхээр заасан” хэмээв. УИХ-ын гишүүн Л.Болд “Олон улсын парламентын холбооноос манайд “Хэргээ нууцлалаас гаргах, тагнуулын үүргийг хязгаарлах, С.Зоригийн хэргийн мөрдөн шалгах баримт материалыг өмгөөлөгч болоод төрөл төрөгсдөд нь нээгээч” гэсэн зөвлөмж ирүүлсэн байгаа. Энэ шинэ хуулиар болох уу” гэхэд Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Зарим зүйл үнэхээр олон улсын стандарттай нийцэхгүй байгаа нь үнэн. Тагнуул гэхэд яллах мөрдөх ажлыг хамт хийдэг. Тиймээс хэргийг илрүүлэх нотлох баримт цуглуулах үедээ яллах гээд хүнээ хорьдог, нотлох гээд хорьдог байдал холилдчихоод ингээд байгаа юм. Хуулийн төслийг эцэслэн батлах явцад хуулиар тагнуулын байгууллага яллах баримт үйлддэггүй болчихвол энэ шаардлага биелэх бололцоотой” хэмээв.
Хуралдаан бүтэн гурван цаг гаруй үргэлжилсэн юм. УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан ирж өөрийн байнгын хороотой холбогдох асуудлаар санал солилцож байв. Иргэний нийгмийн байгууллага ч хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар хөндөж албаны хүнээс хариулт авч байлаа. Мөн Малайзад бусдын гарт амиа алдсан Алтантуяагийн аав С.Шаарийбуу “Би охиныхоо хойноос холбогдох байгуулагуудад 400 гаруй өргөдөл бичсэн. Миний өргөдлийг хүлээж авдаг байгууллага бага байлаа. Харин Хүний эрхийн дэд хорооны дарга Л.Болд албаны хүмүүсийг байлцуулан асуултдаа хариулт авах боломж олгож байгаад баяртай байна” хэмээж байсан юм.
Ж.БАЯРСАЙХАН