Categories
мэдээ цаг-үе

Ж.Оюундарь: Дөчин насанд үнэхээр амьдрал дөнгөж эхэлсэн

УДЭТ-ын жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарьтай ярилцлаа. Тэрбээр “Гэгээн Муза” 13 дахь удаагийн олон улсын театрын наадмын Драмын жүжгийн төрөлд “Шилдэг эмэгтэй туслах дүр” номинацид “Ромео & Жульетта” жүжгийн өрлөг эхийн дүрээр нэр дэвшээд буй.

-Таны бүтээсэн өрлөг эхийн дүр дэндүү эрч хүчтэй, цоглог, уламжлалт төсөөллөөс огт өөр санагдсан?

-Энэ жүжиг манай театрт хоёр дахь удаагаа тавигдаж байгаа. Өмнө нь Ч.Найдандорж найруулагчийн тавьсан “Ромео Жульетта”-д өрлөг эхийн дүрд Ардын жүжигчин С.Сарантуяа тоглож байсан. Энэ дүрийг авна гэж бодоогүй. Настай, мяраалагдуу, будлиу дүр төсөөлөгддөг. Энэ жүжигт дандаа залуучуудыг авна гэж ярьж байсан л даа. Дүр хуваарилсан чинь надад өрлөг эхийн дүр таарсан юм. Сонгодог жүжгийн энэ сайхан дүрд итгэл өгч байгаад баярласан, дараа нь айсан л даа. Хүн болгоны мэддэг жүжиг, кино нь хүртэл гарсан шүү дээ. Яаж гаргах вэ гээд бодсон чинь дотор сонин болоод явчихсан. Зохиолыг нь уншаад, өөр хэлбэрээр яаж гаргах вэ гэж нэлээд бодлоо. Хувцасныхаа эскизийг харсан чинь маш өөр, орчин үеийн загварлаг, ганган, дэгжин эмэгтэйн хувцас зурчихсан байна. Бодоод байсан чинь энэ сайхан Жульеттаг өсгөж байгаа хүн бол өөрөө маш сайхан хүн. Харагдах талаасаа ч сайхан, боловсролтой мэдлэгтэй хүнийг энэ дээд зиндааны гэр бүл шалгаж авсан байх гэж бодогдлоо. Ажиллаж эхлэхэд үг, хувцас, үйлдэл зөрөөд эхэллээ. Яаж харуулах вэ гээд найруулагчтайгаа яриад, гэгээлэг, цайлган сэтгэлтэй эмэгтэйн дүрийг шингээж өгвөл зүгээр юм гэж бодож ажилласан. Охины хүмүүжилд өрлөг эхийн нөлөө ажиглагдаж байгаа юм. Ийм дүрийг босгож ирэх гэж хичээсэн дээ.

-Та яаж ингэж түлхүүрдчихсэн юм шиг байнга хурдтай хөдөлж, ярьж чадсан бэ, угаасаа ийм эрч хүчтэй хүн үү?

-Үнэхээр их эрч хүч гаргадаг. Энэ жүжигт тоглоход миний цамц нойтон болчихдог юм. Ялангуяа эхний зургаан үзэгдэл хүртэл хөлс урсаж байдаг. Үнэхээр хүч гарсан дүр. Үзсэн хүмүүс ч бас “Ямар аймаар хурдтай юм бэ, залуучуудаас ялгагдах юм алга” гэдэг.

-Танд цайвар үс зохиж байна лээ. Бодит амьдрал дээр та үсээ цайруулах, шарлуулах гэх мэтээр зоригтой өөрчлөлт хийж үзсэн үү?

– Ер нь үзээгүй. Сор тавиулж үзсэн. Бидэнд үсээ будаж болохгүй, цайруулж болохгүй гэх мэтээр шаардлага тавьдаг. Одоогийн үстэйгээ гучаад жил театрт ажиллаж байна. Өөрийгөө нэг өөрчлөх юмсан гэж бодогдох үе бий. Гэвч жүжигт үс залгах, боох шаардлага гарна. Дээхнэ үед үс тайрсан гэдэг шалтгаанаар дагалдан болж байсан хүн ч бий. Хагас цэргийн зохион байгуулалттай мэргэжил.

-Урьд тавин настай хүн эмээ өвөө гэж харагддаг байсан бол одоо энэ насныхан хөгшин гэж тооцогдохгүй. Та энэ нас, ирж байгаа он цагийг яаж мэдэрч байгаа вэ?

-Хүний нас уртсаад, ритм ч хурдтай болсон. Бүхнийг амжуулахгүй бол болдоггүй цаг үе. Хүний туулдаг амьдралыг туулж, насыг насалж өнгөрүүлнэ. Тухайн цаг үедээ зохицож амьдрах хэрэгтэй.

-Та ч бас орчин үеийн ээж?

-Бидний үед тийм байсан гээд орчин үеийн хүүхдэд шаардлага тавих онцгүй санагддаг. Бүх л юм өөрчлөгдөж байна шүү дээ.

-Та багадаа жүжигчин аавыгаа хүлээж, дэлгэцээр гарахад нь харж байжээ. Одоо харин таны хүүхэд жүжигчин ээжийгээ хүлээж байгаа. Нэг талаар ижил юм шиг мөртлөө огт өөр хүлээлт байх. Та түүнийг анзаарсан уу?

-Багадаа ээж аав хоёр гэртээ яагаад байдаггүй юм бэ гэж боддог байсан л даа. Манай хүүхэд бас “Та ядаргаатай ажилтай юм аа. Та гэр бүлтэй гэдгээ мэддэг үү” гэдэг. Бид бол ээж ааваасаа тэгж асууж байгаагүй. Ажилтай байгаа, ингэж явах ёстой хүн л гэж боддог байж.

-Та багадаа ангийн дарга, нийгмийн идэвхтэй хүүхэд байсан гэсэн. Одоо олон нийтийн ажилд оролцдог уу?

-Үйлдвэрчний хорооны гишүүн. Уг нь ямар нэг олон нийтийн ажилд оролцохыг боддог ч даанч цаг зав гардаггүй. Гэхдээ “Эх орныхоо үйлдвэрийг дэмжээд рекламанд тоглоод өгөөч” гэх мэт хүсэлтийг хүлээж авдаг. Чадах чинээгээрээ дэмждэг.

-Дөчин насанд амьдрал дөнгөж эхэлдэг гэсэн үг байдаг. Та энэ үгийг хүлээн зөвшөөрөх үү?

-Ямар хүн ингэж хэлсэн юм бол. Бас л нэг амьдрал туулсан хүний л үг байх. Ухаан суугаад эхлэхээрээ хүн илүү утга учиртай амьдардаг болов уу. Гэхдээ дөчин насанд миний амьдрал үнэхээр эхэлсэн. Дөчтэйдөө хүүхдээ төрүүлсэн. Амьдрал огт өөр болдог юм билээ. Амьдралыг харах нүд өөрчлөгддөг. Ямар сайндаа ээждээ “Би хүүхэдгүй яаж өдий хүртэл явж ирсэн юм бэ. Амьдралын баяр баясгалан энд байсан юм байна шүү дээ” гэсэн. Амьдралын шинэ өнгө төрх дөчин насанд эхэлдэг гэж үнэн.

-Таныг шүлэг бичдэг байсан гэсэн. Хүн бүр залуудаа толгой холбодог гэдэг. Эсвэл та одоо ч бичдэг үү?

-Ичмээр дамшиг даа гэдэг шиг. Гуравдугаар анги хүртлээ бичиж байсан. Хөгжүүлбэл болох байсан байх. Яруу найрагт их дуртай. Гуравдугаар ангид байхдаа таван минутын шүлгийн уралдаанд оролцоод түрүүлж байсан удаатай.

-Зарим хашир хүн өдрийн тэмдэглэл хөтөлж байгаад хожим дурсамжийн ном болгочихдог юм билээ. Та энэ талаар боддог уу?

-Бодол байдаг. Гэхдээ бичдэггүй. Залхуу юм шиг байгаа юм. Аав маань биднийг багад “Оросын алдартай жүжигчид хөгширсөн хойноо ном бичиж гаргадаг юм байна. Би ном бичнэ” гэж байсан. Тэмдэглэлийн дэвтэр нээгээд өдөр тутмын тоглолтынхоо явцуудыг бичдэг байв. Дараа нь өнгөрөхөөсөө жилийн өмнө ном гаргасан юм. Түүнээс жишээ аваад боддог юм. Эргээд харахад дүрдээ гаргаж байгаа ажиллагааг өөрөө л мэдэхээс биш хүн мэдэхгүй. Нээрэн бичих хэрэгтэй шүү гэж боддог.

-Ном уншиж суух цаг гаргах хэцүү л дээ. Гэхдээ та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

-Би яг одоо “Болор судар”-нэг, хоёр гээд шүлгийн ном уншиж байгаа. Түрүүхэн Ц.Хулангийн “Ганцхан ээждээ унших шүлэг”-ийг дахин харж байлаа. Урьд нь уншсан ч ахиад харахад өөр мэдрэмж төрж байна.

-Та уран унших чиглэлээр ажиллаж байгаа юм уу?

-Уран унших тухай боддог. Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Равдан багш маань “Чи уран уншлагаар яв” гэдэг. Урилга ирдэг. Амжихгүй л яваад байгаа юм. Г.Равдан багш маань гайхалтай сайхан уншина. CD-г нь сонсдог. Хэллэг нь их өөр. Кино драмын ангид орохоос өмнө шүлэг унших гэхээр аав “Загварт орчихно” гээд уншуулдаггүй байсан.

-Таны хошин шогийн дүр ч бас өвөрмөц шүү. Хошин шог гэхээр зүгээр нэг марзганал биш сонгодог байж болно гэдгийг харуулсан үе байжээ. Сэтгэлд хоногшиж үлдсэн нэг хэсэг бий. “Бирд” гээд жүжигт та нэг хөгшин харамч баяныг “хошгируулдаг” эмэгтэйн дүрд тоглодог доо. “Эр хүн гэдэг чинь ийм л байдаг даа” гээд бөгсөөрөө “нудардаг” хэсгийг янзтай гаргасан?

-Биднийг дөнгөж төгссөний дараахан “Сонгодог инээд” гэж уралдаан зарлагдсан юм. Анги даасан Л.Лхасүрэн багш маань сонгодог инээдмийн жүжгүүдийг тавьдаг, биднийг ажиллуулдаг байлаа. “Бирд” жүжгийг дипломын ажил болгож байсан. Д.Бямбацогт бид хоёр тусдаа бэлтгэж байж тэр жүжигт байдаггүй юмнуудыг ч хийсэн л дээ. Бараг анхны маань инээдмийн дүр.

-“Эзэнгүй айл” гээд Монголын анхны олон ангит телевизийн кинонд тоглож байсан. Одоо энэ киног хүүхдүүд үзэхдээ “Шилжилтийн үе гэж ийм байжээ” гэж гайхах байх даа?

-Үнэхээр өөр нийгэм. Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Гомбо гуай гайхалтай сайхан зохиол бичиж, Соёлын гавьяат зүтгэлтэн найруулагч О.Соёлт найруулсан. Сайн жүжигчид авсан. Зах зээлд дөнгөж ороод, барьцгүй гүн ёроол руу орсон үе байсан. Яг тэр үеийг үзүүлсэн кино. Одоо бол цаг өөр болжээ.

-Савхиар гангардаг үе байж?

-Саяхан энэ кино зурагтаар гарахад инээд хүрээд байсан. Ийм хувцас өмсдөг байжээ гэж бодсон. Гал тогоондоо ээж аав нь амьдардаг шүү дээ. Одооны хүүхдүүд үзээд “Яагаад гал тогоондоо амьдарч байгаа юм бол” гээд гайхдаг. Тэр үед хүүхдүүдтэйгээ нэг өрөөнд хамт амьдрах ердийн үзэгдэл байжээ. Хүмүүс захиалж байгаа гэнэ лээ. “Эзэнгүй айл”-ын үргэлжлэл бичигдэж байгаа гэсэн.

-Та тайзан дээр адтай, шидтэй харагдаад байдаг. Амьдрал дээр болохоор их л төлөв даруухан харагддаг. Таны бүтээсэн дүрүүдийг хараад “Энэ хүнээс бас ийм авир гарах л юм байна” гэж заримдаа санагддаг?

-Би нэг их адтай биш шүү дээ. Миний тоглосон зарим дүр хөдөлгөөнтэй, хурц харагдаад байдаг. Мэдэхгүй ээ, тийм зан характер надад байдаг юм байлгүй. Бид янз бүрийн дүрд тоглодог. Дүрийн судалгаа хийдэг. Янз янзын характеруудыг өөртөө суулгадаг. Задгай характерыг өөртөө бэлтгэж суулгасан л даа. Надад задгай байдал дутмаг санагддаг. Ийм дүр ирвэл тоглох хэрэгтэй гэж боддог.

-Та “Ану хатан” киноны Юм Агас хатны шивэгчин хөгшин эмгэний дүрд та аймаар хувирчээ?

-Юм Агас хатуу чанга хүн. Энэ хүний хажууд байгаа хүн ямар байх вэ гэж их бодсон л доо. Маш их зовлон бэрхшээл үзсэн, зодож зодуулж үзсэн хүн байх гээд нүүрэндээ сорви хийлгэсэн. Найруулагч маань “Бөө удган гэхэд биш, лам гэхэд биш яаж хэлэхээ мэдэхгүй байна, ийм дүр байгаа” гэсэн. Тодорхойлж хэлэхэд хэцүү ийм дүр гадна талаасаа ч содон байвал зүгээр гээд нүүрээ хөх өнгөөр будуулсан.

-Хөгшин болж хувирахад юу бодогдох вэ. Би энэ насан дээр ирэхэд юунд харамсах бол гэх мэтийн бодол төрөх үү?

-Төрнө. Алхаа гишгээ харцнаасаа эхлээд өөрчлөгдөж эхэлдэг. Өөрийн эрхгүй бие хумигдаад, юманд даацтай хандана. Сэтгэхүй ч өөрчлөгдөнө. Гурав дахь удаагаа “Өртөө” гэдэг кинонд хөгшин дүрд тоглосон. Хувь тавилангийн дүр л дээ. “Харагдах талаасаа нэг л өөр баймаар байна” гэж найруулагч маань хэлсэн. Нүүрэнд өөрчлөлт хийсэн юм. Цавуу шиг юм нүүрэнд түрхсэн. Энэ дүрд тоглох гэж нүүрэнд маань нэлээд үрчлээ суусан. Эвгүй юм билээ. Дараа нь салгах гэж бөөн юм болсон. Энэ муу нүүрийг чинь цавуудаад, базчихсан. Хүүхнүүд нүүрээ үрчийлгэхгүй гээд арьсаа татдаг байтал базчихаж байгаа юм чинь. Урлагийн төлөө золиос гардаг гэж бид ярьдаг. “За дүүрч ээ, энэ зургийг л богино хугацаанд аваарай” гэсэн.

-Ромео Жульетта гэснээс та өмнө нь энэ жүжигт Жульеттагийн найз охины дүрд тоглож байсан гэсэн. Жульеттад тоглох сон гэж бодогдож байв уу?

-Тэгж бодогдоогүй. Оюутан байхдаа Жульеттад тоглож байсан. Нас насандаа энэ мундаг зохиолыг “мөлжсөн” гэж боддог. Залуу насандаа Жульеттад тоглосон. Одоо бол өрлөг эхэд тоглож байна.

-Хүмүүс бясалгал хийх тухай ярьдаг. Бодит амьдралаас өөрийгөө чөлөөлөөд, огт өөр дүрд хувирдаг болохоор жүжигчин хүн бясалгал хийсэнтэй адил болдог байх гэж бодлоо?

-Ямар нэг дүр авахад тархи ажиллаад эхэлдэг болохоор амарч чадахгүй л дээ. Гэртээ очоод байхдаа ч дүрээ, үгээ бодож байдаг. Цаад санаа нь юу байсан юм бол гээд бодно. Бясалгалд явах сан гэж боддог л доо. Заримдаа манайх хичээл, сургалт явуулдаг юм. Бясалгалын багш авчирч бясалгал хийдэг. Манай ээжийн дүү нар бас бясалгал хийдэг. Манайд ирээд “Дариа минь, чи ажил ихтэй хүн, бясалгал хий” гэдэг. Хэдэн минут бясалгал хийхээр амралт болчихдог юм. Уянгын намуухан дуунуудыг сонсохоор бас бясалгал болчихдог.

-Та өмнө нь бас “Гэгээн Муза” авсан байх аа?

-Музад найм, ес дэх удаагаа нэр дэвшиж байна уу даа. Хоёр удаа авсан. Энэ жил бас дэвшиж байгаадаа баяртай байна. Уран бүтээлч бид 13 жил сэтгэл хөдөлж, Музагаа угтаж байна. Бүтэн жилийн хөдөлмөр маань үүгээр үнэлэгддэг. Нэр дэвшинэ гэдэг бахдалтай.

-Өмнөх Музануудаа хаана залсан бэ?

-Би гэртээ шагналын булантай. Бүх шагналаа гэрийнхээ хоймортоо байрлуулдаг. Ээж маань миний шагналыг зүлгээд зогсч байгаа харагддаг. Хайр нь дотроо хал нь гаднаа гэгчээр миний хөдөлмөрийг хүндэтгээд, бахархаад зогсч байна даа гэж бодогддог юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *