Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Т.Жамбаажамц: “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааг арилжаалах юм уу худалдан авах ямар ч боломжгүй

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын орлогч дарга Т.Жамбаажамцтай ярилцлаа.

-Таван толгойн хувьцаагаа зарах гэсэн хүмүүс Урт цагаан дээр бараг долоо хоночихлоо. Үнэхээр худалдаж авах боломжтой хувьцаа юу гэдгээс яриагаа эхэлье?

-Товч бөгөөд тодорхой хариулахад “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааг арилжаалах юм уу худалдан авах ямар ч бололцоогүй. Өнөөдрийн хууль эрх зүйн орчныг харахад ийм бололцоо байхгүй. Засгийн газраас 2010 онд иргэддээ Таван толгойн тодорхой хувьцааг олгох шийдвэр гаргасан. Хувьцаа олгосон тогтоолынхоо дараа шийдвэр гаргасан л даа. 350 дугаар тогтоол гэж гарч байлаа. Энэ тогтоолоор Таван толгойн хувьцаа Хөрөнгийн бирж дээр арилжаалагдаад, хоёр дахь зах зээлийн арилжаа эхэлсэн тохиолдолд эргэлтэд орохыг тодорхой заагаад өгчихсөн. Нэг үгээр хэлбэл Хөрөнгийн биржээр арилжаалагдаж эхлэх хүртэл ямар нэг хэлбэрээр бусдад шилжихгүй. Тэр хүртэл зөвхөн анх эзэмшүүлсэн хүмүүс дээрээ байна гэсэн шийдвэртэй. Засгийн газрын энэ тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Цаашдаа ч үйлчлээд явна. Хоёрдугаар гол асуудал гэвэл энэ хувьцаа цаашид хөрөнгийн биржээр арилжаалагдана. Өөрөөр хэлбэл гараас гар дамжин арилжаалагддаг таваар биш гэсэн үг. Зөвхөн Хөрөнгийн биржээр л арилжаалагдана гэдгийг анхаарах хэрэгтэй. Хөрөнгийн биржээс гадуур арилжаалагдах хувьцаа бол өв залгамжлал, бэлэглэл зэрэг хэлбэрээр бусдад шилжих бололцоотой. Гэхдээ энэ хувьцаа бол өөр. Засгийн газрын тогтоол шийдвэрээр хориглогдсон гэдгийг би сая тайлбарлалаа.

Дахин хэлэхэд биржээр арилжаалагдаагүй, хүмүүсийн нэр дээр бичилт хийчихсэн байгаа хувьцаа. Чөлөөтэй арилжигдаагүй хувьцаа учраас хувьцаа худалдаж аваад эхэлсэн гэдэг мэдээллийг тодорхой зорилготойгоор үүсгэж буй зохиомол сенсаци гэж харж байна. Үнэхээр мөнгөөр авч өгөлцсөн гэх баримт олдоогүй байгаа.

-Цагдаагийнхан шалгаад тогтоогоогүй байгаа хэрэг үү?

-Тийм, цагдаагийнхны шалгалтаар өнөөг хүртэл тогтоогдоогүй. Баримт олдохгүй байна. Мөнгө авсан хүн огт алга.

-Мөнгө авсан хүн байхгүй хэр нь хүмүүс яагаад өдөр бүр, шөнө болгон Урт цагаан дээр цуглаад байгаа юм бол?

-Ам дамжиж сонсоод л ирцгээгээд байх шиг байна.

-Танай байгууллагаас газар дээр нь очиж тайлбар хийсэн үү?

-Жишээ нь би өчигдөр (уржигдар) тэнд шөнийн 01:00 цаг хүртэл байж ажиглалт хийлээ. Цугласан хүмүүст учрыг нь тайлбарлахаар өөдөөс огт өөр юм ярьж, бухимдаад байна л даа. Тэгвэл яах гэж 500 төгрөг авч данс нээж өгөөд байгаа юм бэ гэх мэтээр уурлаж байна. Зөв мэдээлэл хүргэх гэхээр зориуд тасалж үймүүлэх хүмүүс ч байх шиг санагдсан. Цагдаагийнхан сүүлийн тав, зургаан өдөр шалгалт хийж байгаа юм билээ. Дам яриа л хүчтэй яваад байна. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт болж буй процесс учраас Чингэлтэйн цагдаа нар анхааралтай ажиглаж, ажиллаж байна. Биднийг очиж мэдээлэл хийсний дараа цугласан хүмүүсээс тавь гаруй нь явчихлаа гэх мэдээллийг цагдаагаас өгсөн.

-Байсхийгээд машинууд ирж хүн суулгаж яваад байна гэсэн яриа иргэдийн дунд байна. Хувьцаа худалдаж авах хууль эрх зүйн ямар ч үндэсгүй байхад яагаад ийм үйл явдал өрнөөд байгаа юм бол?

-Ямартай ч зохион байгуулалттайгаар ийм мэдээлэл тараагаад эхэлчихэж. Гэхдээ хэнд ашигтайг нь хэлж мэдэхгүй байна. Шалтгааныг нь цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Эрүүгийн цагдаагийн газар руу манайхаас мэдээлэл явуулсан. Холбогдох байгууллагууд нь анхааралдаа авсан гэж ойлгож болно. Хуулиар хориглогдсон үйл ажиллагаа учраас ийм мэдээлэл тарааж, хүмүүсийг дэвэргээд байгаа эзэн нь тодорвол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

-Хуулиар хувьцааг эрх шилжүүлэх юм уу, бэлэглэлийн журмаар өгч авалцах боломжтой юу?

-Хувьцаа бол хөрөнгө. Хөрөнгийг чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй.

-Тэгвэл “Эрдэнэс Таван толгой”-н 1072 хувьцааны тухайд хувьцаа гэдэг энэ ойлголтод багтах уу?

-Сая танд хэлсэн хувьцааны тодорхойлолт бол нэг дэх асуудал. “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааны хувьд өөр л дөө. Засгийн газраас иргэдэд бэлэглэхдээ “Энэ компани Хөрөнгийн биржээр хувьцаагаа чөлөөтэй арилжаалах ёстой. Тэгж байж жинхэнэ хувьцаа болно” гэсэн нөхцөл тавиад өгчихсөн.

“Эрдэнэс Таван толгой” бол хувьцаат компани. Хувьцаат компанийн хувьцаа Хөрөнгийн биржээр л арилжаалагдана. Дахин хэлэхэд “Эрдэнэс Таван толгой” хувьцаа гаргаж, Хөрөнгийн бирж дээр компанийнх нь хувьцаа арилжаалагдаж эхэлсний дараа иргэдэд хувьцаагаа зарах эрх үүснэ. Хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байгаа 200 орчим компанийн хувьцаатай яг адилхан гэж хэлэхэд хүндрэлтэй.

-Засгийн газар 1072 хувьцааг иргэддээ ямар ч үнэ нэхэлгүйгээр бэлэглэсэн. Тэгвэл буруу шийдвэр байжээ, бэлэглэхээ болилоо гэх эрсдэл бий юу. Иргэд ингэж болгоомжлоод байх шиг…?

-Засгийн газар нэгэнт шийдвэрээ гаргаад, хүмүүсийн өмчлөх эрх нь бүртгэгдчихсэн. Бүртгэлтэй байгаа хувьцааг буцаагаад хураагаад авах боломж, бололцоо хязгаарлагдмал. “Эрдэнэс Таван толгой” гэдэг компанийн хувьцааны 17 орчим хувийг хоёр сая 500 мянган хүн эзэмшиж байгаа. Гурван тэрбум ширхэг хувьцаа иргэдийн эзэмшилд байгаа гэсэн үг. “Эрдэнэс Таван толгой” бол зуун хувь төрийн өмчтэй компани. 17 хувийг нь иргэд эзэмшсэн, үлдсэн хувь нь төрийн өмчид байгаа гэж ойлгож болно. Төрд байгаа хувийн хориод хувийг Хөрөнгийн биржээр олон нийтэд зарах юм. Нэлээд боломжтой том хөрөнгө оруулагчдад худалдана гэсэн үг. Харин 50 орчим хувийг төр өөрөө эзэмшинэ. Засгийн газрын тогтоолоор бол ийм дүр зурагтай байгаа. Хувьцаа гаргахад их олон нөхцөл шаардлага хангагдсан байх ёстой. Энэ компанийн олборлолтын үйл ажиллагаа, зах зээлийн үнэлгээ, нүүрсний дэлхийн зах зээлийн ханш гээд маш олон зүйл нөлөөлнө.

Өнөөдрийнх шиг зах зээл таатай биш үед энэ компани хувьцаагаа гаргаж олон нийтэд арилжааллаа гэхэд хувьцааны үнэлгээ маш доогуур тогтох эрсдэлтэй. Засгийн газраас 1072 хувьцааны нийт үнэлгээг сая орчим төгрөг гээд тогтоочихсон. Засгаас ингэж тогтоосон ч хувьцаа гаргаад ирэхээр зах зээл үнэлгээ тогтоох зарчимтай.

-Засгийн газар иргэн бүрийнхээ нэр дээр хувьцааны бичилтийг нь хийгээд өгчихсөн. Сүүлийн өдрүүдэд иргэд дансаа заавал нээлгэх ёстой гэж яараад эхэллээ, ингэж яарах шаардлагатай юу?

-Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв дээр хоёр сая 500 мянган иргэний хувьцааны бүртгэл хийгдчихсэн. Үнэт цаасны дансыг яаран нээлгэх шаардлагагүй. Үнэт цаасны дансыг хувьцааны арилжаанд оролцохын тулд л нээлгэдэг.

-Оюутан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувьцаагаа мөнгө болгоод авчихсан байх аа?

-Тэгсэн. Нийтдээ 200 гаруй мянган иргэнд мөнгө олгосон байдаг. Зарим нь 1072 хувьцаагаа тэр чигт нь мөнгө болгоод авчихсан. Нөгөө хэсэг нь талыг нь мөнгө хэлбэрээр авсан гээд янз бүр байгаа. Талыг нь мөнгө болгосон хүмүүс хэдэн ширхэг хувьцааны үлдэгдэлтэйгээ харах боломжтой.

-Зарим хүмүүс хувьцаагаа мөнгө болгоё гэсэн хүсэлт гаргасан ч засаг мөнгөгүй гээд өнөөг хүртэл өгөөгүй. Тэр хүмүүсийн хувьцааны талаар мэдээлэл өгөөч?

-Засаг мөнгийг нь өгөх боломжгүй болсон учраас тэр хүмүүсийн хувьцаа нэр дээр нь байгаа. Хүсэлтийг нь хангах бололцоо өнөөдөр ч төсөвт байхгүй. Хүсэлт гаргасан хүмүүсийн хувьцааг засаг татсан байсан ч мөнгийг нь өгөөгүй гэсэн шалтгаанаар буцаагаад нэр дээр нь бичилт хийчихсэн.

Тэгэхээр мөнгөө авъя гэсэн хүсэлт гаргасан хүмүүсийн хувьцаа нэр дээр нь байгаа гэж ойлгож болно.

-Хэдэн оноос хойш төрсөн хүүхдүүд Таван толгойн хувьцаанд хамрагдахгүй билээ?

-2010 оны зургадугаар сарын 30-наас хойш төрсөн хүүхдүүд хамрагдахааргүй байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *