Categories
мэдээ улс-төр

Ч.Сайханбилэгт Истанбул хотын захирагч Кадир Топбаш бараалхлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн урилгаар Улаанбаатарт албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын Захирагч Кадир Топбаш Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхлаа.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Истанбул хотын Захирагч Кадир Топбашийг Улаанбаатар хотод тавтай зочлохыг хүсээд түүний айлчлал хоёр улс, хоёр хотын харилцаанд шинэ хуудас нээнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. Мөн Улаанбаатар, Истанбул хотын дарга нарын хамтын ажиллагаанд амжилт хүсч, Засгийн газар дэмжиж ажиллахаа мэдэгдсэн юм.

Истанбул утаа, хог, ус, цэвэрлэх байгууламжийн асуудлаа бүрэн шийдвэрлэсэн хот бөгөөд энэ талаарх мэдлэг, туршлагаасаа хуваалцахад бэлэн байна. Улаанбаатар хотын захиргаатай хамтарч шинэ төслүүд хэрэгжүүлэх боломжтой төдийгүй олон чиглэлд хөрөнгө оруулалт хийхээр сонирхож байна гэж Истанбул хотын Захирагч Кадир Топбаш хэллээ.

Уулзалтын үеэр талууд нислэгийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа. Турк Эйрлайнс, МИАТ компани хамтран долоо хоногт гурван нислэг хийж байгааг тав болгож нэмэгдүүлэх боломжийг судлахаар тохиролцов.

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын захирагч Кадир Топбаш манай улсад зохион байгуулагдах Ази, Европын дээд хэмжээний уулзалтад амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *