Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хаврын дуу

Цонхон цаагуур цасан бударна. Хаа тэртээ үлдсэн он жилүүдийн нэгэнд чихний хажуугаар нисээд өнгөрсөн “молекулуудын эмх замбараагүй хөдөлгөөн…” гэсэн өгүүлбэр сонсогдоод өнгөрөв. Самбар дээгүүр багшийн шохой тогшин гүйх шиг. Тэгснээ самбартай, юутай хээтэйгээ будраад арилах ч шиг. Сэхээрэн харвал хэн ч юу ч яриагүй бөгөөд тээр жил багшийн амнаас гараад бидний чих рүү ч ороогүй, эргэж ч хариагүй тэр өгүүлбэр жаахан санаа зовсон шинжтэй хулган сууж байна. Эв дүйгүй хадаж, эв дүйгүй будсан ширээн дээр нэгэн шүлэг суугаад өөрөө өөрийгөө бичиж харагдана. Өөрөө өөрийгөө үлээх гээд ядчихсан нялх салхины хажууд тэрний ажил хавьгүй бүтэмжтэй.

Цармын цасанд суусан

Царцуу туулай зурсан

Цаадах нь айгаад хярсан

Цаас нь цайгаад үлдсэн

Цасны наагуур цонх бударна. Хариулж амжаагүй бүхнийхээ хариултыг бид мэддэг байсан. Андуурч байхдаа ч таньж байсан. Төөрч байхдаа ч зүгээ алдаагүй байсан. Андуурал гэдэг бол сонголт болохоос алдаа биш. Төөрөгдөл бол чиг баримжаа болохоос гажуудал бус. Төөрөгдөл бүхнээ хайрланам. Тэр л намайг дагуулж яваагүй бол шидэт ойн гүнд одож, нисдэг бугыг харахгүй байсан. Андуурал болгоноо дээдэлнэм. Тэр байгаагүй бол би хэзээ ч Хималайн орой дээр дуртай цагтаа нисч очоод ирэхгүй, бурхантай нэг дор амьдрахгүй байсан.

Цантай цонхон дээр цасан ширхэг будран бууна. Хамгийн түрүүнд буусан нь хамгийн түрүүнд хайлна. Цонхон завсар өвөлжсөн ноднингийн ялаа үүнийг хэлнэ. Түрүүлсэн болгоны аз нь шовойдоггүй. Олныг дагуулж явах бахтай байж болох ч олныг тууж явах нь заримдаа өлзийтэй.

Хамгийн сүүлийн цас хамгийн сүүлд хайлна

Хацар үнсэж буусан ч байг, хар шороон дээр суусан ч байг

Хаяавчлан шагайх нарны халирсан ягаан туяаг

Хажууханд шивнэн ургах хаврын эхний яргуйг

Хамгийн удаан харсан нь, хамгийн сүүлд харсан нь

Хамгаас азтай цас мөн, хавьгүй хувьтай цас ч мөн.

Өвгөн цох цэцгийн тоос цуглуулж ядраад амарч байна. Түүнд “цэцэг өөрөө цох цуглуулдаг байсан бол амар бус уу” гэвэл

-Цэцэг хэзээ ч ургадаггүй. Цэцэг ерөөсөө ч байхгүй. Чи андуурч байгаа болоод л тэр ургаж, оршиж байгаа юм. Нар гэж хэзээ ч, хаана ч байгаагүй. Нар байдаг гэж төөрөлдөж байгаа болоод л мандаж, шингэж байгаа юм гэнэ.

Шөнө болсон юм биш ээ, нарыг би өвөртөлчихсөн юм

Шөнө өө больсон юм биш ээ, нарыг чам руу явуулсан юм

Шөнөөр болсон юм биш ээ, нарны эзгүйд болсон юм

Шөнөгүй болсон юм биш ээ, нар явахгүй байсан юм

Цасан бударна. Эс бөгөөс үл хөдлөх цасан ертөнцийн зай завсраар хорвоо ертөнц будран сарних адил. Цасан ширхгүүд өнцөглөсөн харцаар биднийг шохоорхон ажиглаж “хөөрхий ертөнц будраад л, будраад л…” гэлцэх шиг.

Аргамаг хүлэг морь уяан дээр үүрсэнэ. Аль хэдийнэ мордоод одвол ч одох байсан. Харин “Цайгаа уучихаад морио эмээллэх үү”, “Морио эмээллэчихээд цайгаа уух уу” гэдгээ шийдэж чадахгүй хүлээсээр. Цай уух гэхээр морио эмээллээгүй байж яаж болох билээ гэж эргэлзэнэ. Морио эмээллэх гэхээр цайгаа уугаагүй байж яаж болох билээ хэмээн тээнэгэлзэнэ. Арга барагдаад сууж байтал төрөөгүй гэж бодож явсан хүн хаваржааны хөлд аргал хормойлоод сууж харагдана. Хэдэн үг солих гэтэл бие нь нэгэнт төрж амжаагүй тул дуу нь ч төрөөгүй, үг нь ч төрөөгүй ажаам.

Буцаад өвөл болох гэж байгаад болих мэт, эргээд газар хөлдөх гэж ирээд болих мэт хавар нэвчин ирж байна. Гол ус эргээд хөлдөх гэснээ болих мэт, усны шувууд буцан алдсанаа болих мэт хавар нэвчин ирж байна. Намар хүйтэрсэн нь худлаа байсан, өвөл хөлдсөн нь худлаа байсан хэмээн хавар ирж байна. Замаасаа буцаж сур, хийснээ дутуу орхиж сур, бууж өгч сур, бэрхшээлийн өмнө сөхөрч сур, хэлснээсээ буцаж сур хэмээн хавар ирж байна. Эс тэгвэл чи хэзээ ч буруу замаасаа эргэж ирэхгүй, мухар нүхнээс буцаж гарахгүй, давахгүй даваанд авирахаа болихгүй, буруу нөхөрлөлийг гэтлэхгүй хэмээнэ.

Будрах цасан дундуур хавар нэвчиж ирнэ. Нүүр нүдгүй цасан шуургыг, гөлгөн нахиаг царцааж хонох жаврыг нэвчиж ирнэ. Ирүүлэхгүй гэж хаасан болгоныг, наашлуулахгүй гэж хөндөлссөн болгоныг нэвчиж ирнэ.

Хавар бол чи өөрөө юм. Одоо намайг танив уу!

2014 оны тавдугаар сарын 14

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *