Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан Үндэсний аюулгүй байдлын тухай /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаарх хэлэлцүүлгээр эхэлсэн юм. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй юм.
Харин үүний дараа Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэхээр санал хураах болоход гишүүдийн ирц хангалтгүй байсан тул үдээс хойших чуулган санал хураалтаар эхлэхээр боллоо.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуултдаа хариулт авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Зарчмын хувьд дэмжиж байна. Хэлэлцэх явцад анхаарах хэд хэдэн зүйл байна. Дэлхийн хүчний хуваарилалтыг харах ёстой. Мөнхийн хоёр хөрштэйгөө батлан хамгаалах салбарт ямар байдлаар хамтран ажиллах гэх мэт асуудалд анхаарах ёстой.
УИХ-ын дэд дарга Л.Цог: УИХ өөрөө батлан хамгаалах салбарын үндсийг баталсан учраас Батлан хамгаалах тухай хуулийг шинэчилж байна. Үүнд буруу байхгүй заавал хэлэлцэх ёстой. Батлан хамгаалах салбарын бодлого нягт нямбай байх ёстой, үүнийг анхаараарай. Ингээд хуулийн төслийг дэмжиж байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:Монгол Улсын эрх ашиг гэж байдаг бол онцгой эрх ашиг нь батлан хамгаалах салбар юм. Энэ эрхэм зүйлийг хэлэлцэж байгаа парламентын байдлыг би эсэргүүцэж байна. Чуулганы танхимд есөн гишүүн сууж байна. Ийм байдалтай энэ чухал хуулийн төслийг хэлэлцэж болохгүй. УИХ-ын дарга нь “эхлээд хэлэлцэх эсэхийг шийдчих дараагийн парламент хаяна” гэж ярьж байна. Дараагийн парламент хаях юм бол бид хэлэлцэх шаардлага байхгүй. Үүрэг хүлээгээд эрхээ хасуулсан мянга мянган хүний эрх зүйн байдал, нийгмийн хамгаалал олон зүйл Батлан хамгаалах тухай хууль батлагдсанаар шийдэгдэнэ. Тиймээс яаралтай дэгээр хэлэлцээд батлаад явахгүй бол болохгүй. Тиймээс ирцээ бүрдүүлээд санал хураах хэрэгтэй.
Үдээс хойших чуулганаар Батлан хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтаар эхэлнэ.