Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн
хуралдаанаар Төрийн албаны
тухай хуулийг хэлэлцэж санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд
хүргүүлсэн. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн
хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн
албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны
хэлэлцүүлгийг хийх байсан ч хойшлууллаа. Уг
хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн
Г.Батхүү тус төсөлтэй холбоотой гарсан саналыг нэгтгэх шаардлага байгааг
уламжлав. Ингэснээр уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт
хийхээр болов.
Үүний дараа нь Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн
тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг
хийж, санал дүгнэлтээ УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд
хүргүүлэх байсан ч мөн л хойшлууллаа. Хэлэлцүүлгийн
шатанд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “УИХ-ын дэгийн тухай хуулийг Засгийн газар
санаачлах нь хэр зохимжтой вэ” гэсэн асуудал хөндөгдөж, мөн энэ хүрээнд олон
зүйлийг нягтлах шаардлагатай хэмээн үзсэнээр дараа долоо хоногт энэ асуудлыг
үргэлжлүүлэхээр боллоо.