Categories
гадаад мэдээ

Хятадад баллистик пуужин туршив

Хятад улс тив алгасагч “Дунфэн-41” /DF-41/ шинэ баллистик пуужин туршсан тухай Пентагоны эх сурвалжийн мэдээллээс иш татан “Washington Free Beacon” сонинд бичсэнийг “РИА Новости” уламжлав. АНУ-ын тусгай албаныхан Хятадын шинэ пуужин нь 6-10 хүртэл тооны цэнэгт хошууг 10 мянга гаруй км-ын зайд тээх чадвартай. Энэ нь АНУ-ын нутаг дэвсгэрийн аль ч цэгт 30 минутын дотор хүрнэ хэмээн тооцоолжээ.

Тив алгасагч шинэ баллистик пуужингийн туршилт нь Хятадын өндөр албан тушаалын нэгэн генерал Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай арлуудын нэгд очих үетэй давхацсан байна. Пуужин туршсанаас ердөө гурав хоногийн дараа АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер маргаантай арлуудын бүсэд байрлаж байгаа нисэх онгоц тээгч “Жон К.Стеннис” хөлөг онгоц дээр очсоныг “Washington Free Beacon” сонинд онцолжээ.

Пуужин харвасныг Америкийн хиймэл дагуулын ажиглалтын систем бүртгэж авсан байна. Эх сурвалж пуужинг чухам хаанаас харвасныг тодорхой дурдаагүй байна. 2015 оны 12 дугаар сарын 5-нд Хятадын цэргийнхэн уг пуужинг туршихдаа төмөр замын тавцанд суурилуулсан пуужин харвагч төхөөрөмжөөс харваж байжээ. “Kanwa Asian Defence” сэтгүүлд өмнө нь “Дэлхий дээрх хамгийн алсын тусгалтай пуужинг” хятадууд 2016 он гэхэд зэвсэглэлд хүлээж авч магадгүй гэж мэдээллэж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *