Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сагсан бөмбөгийн супер од Коби Брайнт зодог тайллаа

Сагсан бөмбөгийн спортын амьд домог, бүх цаг үеийн супер од Коби Брайнт зодог тайллаа. Түүний уран гоё, гайхамшигт тоглолтуудыг нь дахин харахгүй гэхээс харамсан, бас түүний гайхам бишрэм амжилтуудыг шүүрс алдан ярьцгааж, дайчин тоглолтуудыг нь нүдэндээ төсөөлсөөр үлдлээ, фэнүүд нь.

Хөлбөмбөгийн улаан фэн тэрээр 17 насандаа NBA-д хөл тавьж байв. Түүн шиг дунд сургуулийн сурагчаас шууд лигт орж ирсэн тоглогч байдаггүй. Сагсан бөмбөгийн спортод 20 гаруй жилийг зориулахдаа түүхэн амжилтуудыг эвдэж, фэнүүдээ уйлуулж явсан юм. 20 жил, 1346 тоглолт, 39283 оноо, аваргын 5 бөгж авсан гээд л… Энэ бол түүний гайхашигтай чадвар. Одоогийн байдлаар нийт авсан оноогоороо бүх цаг үеийн түүхэнд гуравдугаар байрт бичигдэж байгаа юм. Лигт орж ирэхдээ л Жорданаас илүү гарна гэсэн зорилго тавьж байсан тэрээр энэ үзүүлэлтээр Жорданы өмнө гишгэж чадсан. Харин тэр 1 бөгж дутуугаар замналаа өндөрлөлөө.
Өнөөдөр нэрт тамирчдаас авахуулаад энгийн фэнүүд хүртэл зөвхөн Кобигийн тухай ярилцан байна. Коби Брайант 20 жилийн энэ гайхалтай замналыг туулахдаа тоо томшгүй олон найз нөхөдтэй болж, асар өндөр нэр хүндийг олжээ.
Агуу тамирчин өнөөдөр сүүлийн тоглолтоо хийсэн юм. Тэрээр “Юта жаз”-ын эсрэг тоглов. “Лэйкерс” баг “Степлес центр”-тээ “Юта жаз”-ыг хүлээн авч тоглон, 101:96-гийн харьцаагаар хожиж, Коби Брайнт сүүлчийн энэ тоглолтдоо 60 оноо авсан юм.
Тоглолтын өмнө түүний үе үеийн хамтрагчид мөн эсрэг тоглож байсан алдарт тоглогчид ч түүнд хүндэтгэл үзүүлж байв. Түүний сүүлийн шилдэг тоглолтыг үзэхээр ордны үзэгчид багтаж ядан байснаас гадна алдартнууд ч их иржээ.
Өнөөдөр NBA-д бас нэгэн онцгой явдал тохиолдсон ч Кобигийн сүр дуулиан дор дарагдаж орхив бололтой. Тэртээх 90-ээд онд Чикаго Буллз 82 тоглолтоос 72 ялалтыг авч, хэзээ ч эвдэгдэхгүй мөнхийн рекордыг хийлээ хэмээн шуугиж байсан. Тэгвэл Голден Стэйт Варриорз 73 ялж чадлаа. Энэ ч мөн агуу амжилт.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *