Categories
мэдээ цаг-үе

Ж.Бямбадорж: Дэлхий дахинаа иргэдийнхээ мэдээлэл авах, оролцооны болон хөгжих эрхийг чухалчлах болсон

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга, хууль зүйн ухааны доктор, профессор, гавьяат хуульч Ж.Бямбадоржтой ярилцлаа.

Хүний эрхийн гол тулгуур болох Үндсэн хуулийг батлахад гар бие оролцож, өдгөө Хүний эрхийн үндэсний комиссыг толгойлж яваа хүний тань хувьд танаас нэг зүйл асуух гэсэн юм. Энэхүү 20 гаруй жилийн хугацаанд хүний эрхийн талаарх ойлголт, тулгамдсан асуудал хэрхэн хувьсан өөрчлөгдсөөр ирсэн бэ?

-Хүний эрхийн асуудлыг нэр томьёоноос нь эхлээд харах хэрэгтэй. Хүний эрх гэхээр өнөөдөр бүгд мэддэг юм шиг хэрнээ нарийн ширийнийг тэр бүр анзаардаггүй. Үндсэн хууль батлагдах үед дан ганц хүний эрх ярьсаар үүргээ умартлаа, нийгмийн эмх замбараагүй байдал иргэдээ хэт “эрхлүүлснээс” боллоо гэсэн ойлголттой байсан. Өнөөдөр бол нийгмийн сэтгэлгээ өөр болж. Хүний эрх, эрх чөлөө гэдэг чинь дураараа аашлах бус эрхээ дагаад хариуцлага оногддог, миний эрх бусдын эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагдах ёстой юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. Энэ нь ХЭҮК байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл 15 жил хөдөлмөрлөсний үр шимийн нэгээхэн хэсэг гэж хэлж болно.

Хүний эрх, эрх чөлөө гэдгийг энгийн үгээр тайлбарлавал хэн нэгнийг хүний нийгэмд хүн болгоход чиглэсэн бүхий л үйл ажиллагаа юм. Хүн эхээс төрөхдөө сэтгэхүйн хувьд амьтан “төрхтэй” байдаг ч мэндэлсэн цагаасаа хүн болох процесс явагдаж эхэлдэг. Гэхдээ үүнийг малчин ард, бидний эцэг эх, эмээ өвөө бүгд аль хэдийнэ мэддэг байсан шиг санагддаг. Миний аав ч малчин хүн байсан. Жаахан дүрсгүйтэхээр “Хөөе чи, хүн дүрстэй байгаарай” гэнэ. Хэн ч хаанаас ч харсан хүн байхад чинь яагаад хүн дүрстэй бай гээд байдгийн учир ердөө сэтгэхүй, ухамсрыг өндөр түвшинд байлгах гэсэн санаа байж. Тэгэхээр зөв хүн болж төлөвшсөн бол нийгмийн баялаг, зөрүү буруутай төлөвшсөн бол нийгмийн адаг болдог. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хүн айх аюулгүй, гачигдах зовлонгүй амьдрах эрхтэй” гэж заасан. Тэгвэл сүүлийн жилүүдэд мэдээлэл авах эрхийн асуудал хүчтэй яригдах болсон. Энэ эрэлтээ дагаад хэвлэл мэдээллийн байгууллагуудын тоо ч нэмэгдсэн шүү дээ. Бас оролцооны болон хөгжих эрх гэж байна. 1992 онд Үндсэн хууль батлагдаж байх үед энэ тухай ярих нь бүү хэл мэддэг ч үгүй байлаа. Ер нь сэтгэл гаргаад, хөөцөлдсөн асуудал бүтдэг. ХЭҮК-ийн үе үеийн дарга, гишүүд, ажилтнуудын хөдөлмөрийн ачаар комисс маань нийгэмд зөв байр сууриа эзэлсэн. Ялангуяа албан тушаалтнууд ажилтнуудаа бас өөрсдөд нь эрх гэж байдаг юм шүү гэсэн бодолтой болгоцгоосон. Ажилтнууд гэдэг даргын хувьд цалин өгөөд ажлаа хийлгэдэг махан робот биш гэдгийг ойлгуулсан. Төрийн албан хаагч, хувийн хэвшлийнхний дарга нарын их зантай, дээрэлхүү харилцаа Монголын нийгмээс арилсан. Одоо ийм асуудал гарах юм бол манайд тэр дороо л гомдол ороод ирэх нь тэр.

Сүүлийн үед хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн гэх мэдээлэл их гарах болж. Хамгийн сүүлд гэхэд УИХын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг сэжигтнээр саатуулахдаа ой зургаан сартай хүүхэдтэй нь уулзуулсангүй гээд өмгөөлөгч нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгсөн л дөө?

-Хүний эрх зөрчигдсөн асуудлаар захидал, илгээмж ирэхгүй л бол ХЭҮК зүгээр хараад суудаг мэтээр ойлгодог. Үүн шиг ташаа зүйл үгүй. Манай уриа бол хүний эрхийг цаг ямагт, орон даяар, хүн бүрт. Тиймээс манайх 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг. Байнгын ажиллагаатай тусгай утсан дээрээ шөнийн цагаар холбогдсон иргэдийн яриаг бичиж аваад, маргааш нь хариу өгдөг. Ажлын цагаар холбогдвол бидэнтэй хугацаа алдахгүй холбогдоно. Зарим дуудлагын мөрөөр хойшлуулшгүй арга хэмжээ авах тохиолдол ч гардаг.

Г.Түвшинжаргалын хувьд таслан сэргийлэх арга хэмжээ авч, байцаасан нь хуулийн байгууллагууд зохих арга хэмжээг авсан хэрэг. Хүүхдээ хөхүүлэх боломжийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги дээр гаргаж өгсөн. Одоо түүнийг батлан даалтад гаргачихсан учраас хүүхэдтэйгээ хамт байгаа.

Г.Маралмаагийн зургаа, долоохон сартай хүүхдийг түүний эгчээр асруулахаар өгсөн. Тэгтэл эгч нь олон хүүхэдтэй, амьжиргааны түвшин доогуур учраас хүүхдийг өөр дээрээ байлгаж чадахгүй гэдгээ танайд бичгээр уламжилсан гэсэн. Энэ тухайд?

-Г.Маралмаа жирэмсэн байхдаа шүүхээс ял сонсоод эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид ялаа эдэлж эхэлсэн. Энэ үедээ хүүхдээ гаргасан. Нэг нас хүртлээ хамт байх эрх зүйн орчин манайд бүрдсэн. Үүнтэй холбоотой зарим хүмүүс их сонин юм ярьдаг. Хүүхэд шоронд хоригдож байна аа гэж. Үгүй шүү дээ. Нялх хүүхэдтэй эмэгтэйчүүд чинь шоронгийн тусгай хэсэгт буюу цэцэрлэгийн нөхцөлд хоригддог. Ой хүрэхээр нь хууль ёсны асран хамгаалагчдад шилжүүлдэг. Харин Г.Маралмаа яагаад хүүхдээс тусдаа байлгаад байна гэхээр тэрээр Улсын дээд шүүхэд хандтал хэрэг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. Г.Маралмаа ялтан биш болчихсон. Урьдчилан хорих байрууд хорих ангиас өөр. Урьдчилан хорих байранд эмэгтэй хүн хүүхэдтэйгээ хоригдож байгаагүйгээс гадна хоёуланг нь хамт байлгах өрөө байдаггүй. Ийм тохиолдол гарч байгаагүй юм билээ. Тиймээс хууль ёсоор хүүхдийн асран хамгаалагчаар тогтоогдсон нагац эгчид нь хүргүүлсэн байна. Өнөөдөр Г.Маралмаа хүүхдээсээ тусдаа байгаа. Нагац эгч нь цагдан хорих газарт нь уулзахаар очиход хүүхдийг шилний наана, цаанаас уулзуулж, тэврүүлсэнгүй гэсэн асуудлаар бидэнд хандсан. Нэг асуудлыг тодорхой болгох хэрэгтэй байна.

Ямар?

-Хөхүүл хүүхэдтэй эмэгтэй гэж хэнийг хэлэх талаар хөдөлмөрийн хуулийн 103.1. дэх хэсэгт “… хүүхдээ хөхүүлэх, асрахад зориулан зургаан сар хүртэлх насны хүүхэдтэй буюу нэг хүртэлх насны ихэр хүүхэдтэй эхэд хоёр цагийн, зургаан сараас нэг хүртэлх насны, түүнчлэн нэг нас хүрсэн боловч эмнэлгийн дүгнэлтээр зайлшгүй асаргаа шаардагдах хүүхэдтэй эхэд нэг цагийн завсарлага нэмж олгоно” гэснээс өөр зохицуулалт алга. Ой хүрээгүй хүүхэдтэй эсвэл жирэмсэн гээд хийсэн хэргийн ялаас чөлөөлөөд байж болохгүй биз дээ. Хэдий хүүхэдтэй байлаа ч тэр чинь гэмт хэрэг үйлдсэн хүн шүү дээ. Цаана нь хохирогч байна.

Манайх цаазаар авах ялыг түдгэлзүүлэх үед эмэгтэйчүүдэд ял оноохдоо хөнгөвчлөх нөхцөлийг баталгаажуулах гээд ХЭҮКоос нэлээдгүй хөөцөлдсөн санагдаж байна?

-Эмэгтэйчүүд голчлон залилан, хулгай, хүн амины хэрэгт шийтгүүлж байна. Хүн амины хэрэгт холбогдогсдын дийлэнх нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд. Монгол Улс цаазаар авах ялыг халахаас өмнө энэ ялыг эмэгтэй хүнд оноодоггүй дэлхий дээрх хоёрхон орны нэг байсан. Тэгвэл цаазаар авах ялыг халахдаа эмэгтэйчүүдэд ямар ч хөнгөлөлт үзүүлээгүй. Харин ч хүндрүүлсэн. Өмнө нь байсан цаазын ялтай хэргүүдэд хугацаагүй хорих ял оногдуулдаг болсон. Тэгвэл эмэгтэй хүнд адилхан хугацаагүй хорих ял оноодог боллоо шүү дээ. Урьдаас бодож төлөвлөж гэмт хэрэг үйлдсэн бол хүндрүүлж авч үзэхээр хуульд заасныг гэр бүлийн хүчирхийлэлд байсан эмэгтэйчүүдэд адилхан хэрэглэж байна. Нөхрийнхөө болон хамтран амьдрагчийнхаа байнгын дарамтад амьдарч байгаад нэг өдөр тэвчээр алдаад ямар нэг аргаар хөнөөчихдаг. “Өмнө нь нөхөртөө хөл, гараа хугалуулсан, нүдээ цохиулсан, өвлийн хүйтэнд гадаа нүцгэн хөөж гаргадаг байсан” гэх мэтээр хүн санахын аргагүй тохиолдлоо мэдүүлдэг. Мөн “Ингэж тамлуулж байхаар алчих юмсан гэж бодогдох үе ч гардаг байсан. Тэгээд нэг л мэдэхэд тэвчихийн аргагүй байдалд ороод өөрөө ч мэдэлгүй алчихсан” гэж өчихөд “Та өмнөөс төлөвлөж энэ хэргийг үйлдсэн байна” гээд хүндрүүлдэг тохиолдол нийтлэг байна. Энэ тохиолдолд санаатайгаар үйлдсэн гэж хүндрүүлэх биш харин ч аргагүй байдлаас гарцаагүй нөхцөлд үйлдсэн гэж үзэж хөнгөрүүлэх ёстой гэж үздэг юм.

Он гарсаар танайд 150 гаруй гомдол, санал ирсэн гэсэн. Ямар гомдол санал давамгайлж байна даа?

-Ихэвчлэн цагдан хоригдож буй хүмүүсээс гадна хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудлаар иргэдээс гомдол ирдэг. Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн гэлтгүй хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн ажилтан, ажиллагсад манайд ханддаг. Өөрсдөд нь бас асуудал байдаг гэдгийг мартаж болохгүй. Тухайлбал, хоёр жилийн өмнө барилгын салбарт хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудлаар шалгалт хийсэн. Цалин буусны маргааш хоёр өдрийн ажил зогсдог жишээтэй. Энэ бол асар том хариуцлагын тухай асуудал. Хүний эрх, эрх чөлөөг хариуцлага дагаж явдаг гэдгийг сайн санах учиртай.

Өнгөрсөн хоёрдугаар сард ахмад настны нийгмийн хамгаалал ба хүний эрхийн асуудлаарх судалгааны тайланг ХЭҮКоос гаргасан байсан. Үүн дээр анхаарвал зохих ямар асуудал гарсан бэ?

-Өнгөрсөн оны аравдугаар сард Сөүл хотод болсон АСЕМ-ийн орнуудын хүний эрхийн хурлын үеэр энэхүү судалгааг хийх санал гарсан юм. Ахмадуудынхаа нөхцөл байдлыг судлахад амьжиргааны түвшин, ялгаварлан гадуурхалт, эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийн асуудлууд тулгамдсан болох нь тогтоогдсон. Дээр нь зах зээлийн нийгэм хэн бүхэнд хуримтлал үүсгэх бололцоог бүрдүүлсэн хэдий ч Монголын ахмадууд хөрөнгө бүү хураа, бүх бололцоогоороо эх орондоо зүтгэ гэсэн замналаар явж ирцгээсэн. Тиймээс энэ асуудлыг 15 дахь бүлэгтээ нэг бүлэг болгон оруулсан. ХЭҮК бол зүйрлүүлэн хэлбэл өвчтөнд оношлогоо хийгээд эмчилгээний жор бичиж өгдөг газар. Түүнээс биш эмчлэгч биш. Эмчлэгч нь УИХ, Засгийн газар. Гэхдээ улс орны хэмжээнд бус албан байгууллага доторх ажилчдынхаа эрхийг зөрчсөн зарим зөрчил дутагдлыг манайхаас тогтоон, түүнийг арилгуулах зөвлөмж, шаардлага хүргүүлдэг. Үүнийг маань биелүүлэхдээ албан байгууллага, аж ахуйн нэгжүүд цааргалдаггүй нь сайшаалтай.

Яагаад та ХЭҮК хүмүүст тус болдог хэдий ч заримдаа ус ч болчихсон шиг санагддаг гэж хэлсэн юм бэ?

-Зөвхөн Монголын нөхцөлд л дөө. Жишээ нь, “Дарга намайг дарамтлаад, илүү цагаар ажиллуулж, хөдөлмөрийн гэрээгээ биелүүлэхгүй байна” гэсэн гомдлын мөрөөр шалгалаа. Хүний эрхийн зөрчил гарсан тохиолдолд удирдлагуудад зохих шаардлага тавина. Сайн тал нь хувийн хэвшил ч бай төрийн аж ахуйн нэгж ч бай бидний шаардлагыг хүлээн авдаг. Тэгсэн хэрнээ хэдхэн сарын дараа манайд гомдол гаргасан ажилтан ажлаасаа халагдана. Ажил олгогч нь хуульд нийцүүлээд, яаж ийгээд ажлаас “цэвэрхэн” халдаг бол монгол хүний араншин.

Ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн ажил гэвэл?

-Бид энэ жил хэд хэдэн асуудал дээр анхаарч байна. Төрийн болоод хувийн секторт ажиллаж байгаа хүний хөдөлмөрлөх эрхийн асуудлыг олон талаас шалгаж, зохих асуудлыг холбогдох газруудад тавья гэсэн зорилттой ажиллаж байна. Бас хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр хийх маш олон зүйл байна. Малчин айлд хүүхдээ аваачаад өгчихдөг. Бид нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгаад, хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөнийг тогтоосон атлаа тэр айлд орхиод л ирж байна. Гэртээ байлгаж байгаа малчин “Наадах чинь энд идэх хоол, өмсөх хувцастай байна. Яахав та нар хот руугаа аваад яв яв” гэдэг. Гэтэл бид хотод авчраад хэнд өгөх үү. Хаана сургах уу гэсэн шийдэгдээгүй асуудлууд тулгардаг. Гэх зургийн асуудлууд их байна. Үүнийг шийдвэрлэх боломжийг эрэлхийнэ. Бас гэр бүлийн хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамт ч бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *