УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр нар өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан Төрийн шагналын тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх билээ. Харин МАН-ын бүлгээс уг хуулийн төслийг дэмжихгүй байгаа гэв. Учир нь төр улсдаа олон жил зүтгэж гавьяа зүтгэлээ үнэлүүлсэн ахмадуудыг гаргуунд нь гаргаж ард иргэдээ хямраах хэрэггүй хэмээн үзжээ.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд Хөдөлмөрийн баатар цолыг хассанаас гадна Ардын жүжигчин цолыг хасч Улсын эрдэнэ гэдэг цол бий болгохоор тусгасан байгаа юм. Түүнчлэн Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгийн оронд Эрдэнийн очир гэдэг цол бий болгохоор заасан. Энэ мэтчилэн цол тэмдгүүдийг хасч өөрчлөхийг МАН-ын бүлэг дэмжихгүй гэнэ.