УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаан өндөрлөжээ. Тус намын бүлгийн хуралдаанаар мөрийн хөтөлбөр боловсруулах үүрэг бүхий дэд ажлын хэсгүүдийн мэдээллийг сонссон байна.
2016 оны сонгуульд дэвшүүлэх АН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулах үүрэг бүхий 15 дэд ажлын хэсэг байгуулагджээ. Тус ажлын хэсгүүд анхны мөрийн хөтөлбөрт шинээр нэмэх болон өөрчлөлт оруулах саналууд боловсруулан өнөөдрийн хуралдаанд танилцуулсан байна. Энэ талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл хийхдээ “АН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө “Монгол хүн-2020″ хөтөлбөрийн үргэлжлэл болгож гаргахаар шийдсэн. Тиймээс ажлын хэсгүүдийг үргэлжлүүлэн ажиллуулж энэ сарын 16-нд хуралдах намын ҮЗХ-нд мөрийн хөтөлбөрийг эцсийн байдлаар боловсруулан оруулж ирэх чиглэлийг өглөө” гэв. Харин тус бүлгийн хурлаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэх байсан ч тодорхой шалтгаанаар хойшилсон байна.