Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.ЭНХ-АМГАЛАН: “Apple”-д ажилд анх ороод iPad-ны дэлгэцийн батарей иддэг хувийг багасгаж байсан

Үндэстэн дамнасан том компаниудад ажиллаж, монгол хүний оюуны чадавхи, авьяас билгийг дэлхийд таниулж яваа олон монгол залуус бий. Тэдний нэг, “Apple” компанийн дэлгэцийн инженерээр ажиллаж буй Д.Энх-Амгалантай онлайнаар холбогдон, “Шинэ долоо хоногийн зочин” булангийнхаа ээлжит дугаарт урьж, ярилцлаа.


-Таны ажиллаж, амьдарч буй Цахиурын хөндий хэмээх газар их өвөрмөц юм, эхлээд энэ газар усны талаар танилцуулахгүй юу?

-Америкийн баруун эргийн Сан Хозе хэмээх нэгэн хот бий. Цаг агаарын хувьд тун тааламжтай сайхан газар л даа. Энэ газар Цахиурын хөндий буюу Silicon Valley нэрээр дэлхийд алдаршсан. Хүмүүсийн өдөр тутмын амьдралыг “эрхшээлдээ” оруулчихаад байгаа том, жижиг технологийн компаниуд бүгд Цахиурын хөндийд зэрэгцээд байж байдаг юм. Өөрөөр хэлбэл, XXI зууны технологийн хувьсал хөгжлийг тодорхойлдог цөм нь гэсэн үг.

-Технологийн компаниудын энэ бөөгнөрөл Цахиурын хөндийн бас нэгэн агаар амьсгал бололтой юм?

-Ихэнх хүн Цахиурын хөндийг маш олон технологийн компанийн бөөгнөрөл болсон газар гэж боддог. Миний хувьд хэдэн зүйл энд ажиглагдсан. Энд юм байнга, маш хурдан өөрчлөгдөж байдаг. Үргэлжийн хувьсал болж байдаг газар. Аливаа юм хурдан бий болж, бас байхгүй болж байдаг. Ийм нөхцөлд технологийн компаниуд даруйхан л амжилт олох хэрэгтэй. Хэрвээ хурдхан шиг л амжилтад хүрэхгүй бол үгүй болно, эсвэл өөр нэгэнд уусах нөхцөл бүрдсэн байдаг юм. Ийм өвөрмөц орчинтой газар урьд өмнө нь миний очиж байсан улсуудад ерөөсөө таараагүй. Бусад газар шинэ юм төдийлөн хүчтэй хөгжөөд байдаггүй. Харин энд зөвхөн шинэ юм хөгжих тийм орчин бий болсон газар.

Цахиурын хөндийд одоо аварга том компаниуд, бас хэдэн мянган start up компани байна. Start up буюу гарааны компаниуд нь энэ хөндийн амьсгалж байгаа зүрх судас нь. Өдөрт хэдэн арваараа гарч ирж, хэдэн арваараа л дампуурч байдаг.

-Яагаад ийм онцлог байна вэ?

-Миний бодлоор, нэгдүгээрт санхүүгийн байдал. Хөрөнгө оруулагчид энд л шавж байна. Тэдний гол зорилго нь шинээр гарч ирж байгаа компаниуд, улмаар ирээдүйд амжилттай явж чадах компаниудыг олох, тэдэнд хөрөнгө оруулах. Зөвхөн үүгээр мэргэшсэн байдаг. Хоёрдугаарт, маш олон технологийн компани нэг дор байхаар хоорондоо өрсөлдөнө, өрсөлдөөн нь байнга хувьсаж, шинэ байхыг шаарддаг. Тухайлбал, “Apple” жил дараалаад iPhone нь муу болбол хэдий хамгийн том ч маш эмзэг. Нэг л өдөр өрсөлдөөнөөс гарч мэднэ. Гэтэл хэний ч дуулаагүй жижигхэн компани цойлоод гараад ирэх таатай бүх боломж энд байна. Манай “Apple” компани 2007 онд гар утасны чиглэлээр гэхэд сураггүй байсан. Тэр үед “Nokia”, “Blackberry” ноёрхож байлаа. Гэтэл “Apple” ердөө хоёр гуравхан жилийн дотор цохиж гарч ирсэн. Дараагийн өөр компани ингээд гарч ирэхийг үгүйсгэх аргагүй. Үүнд л Цахиурын хөндийн онцлог бий болов уу.

-Та “Apple” компанид ажилд ороод хэр удаж байна вэ?

-Зургаан жил болж байна. Тэр үед “Apple” компанид дадлага хийхээр ирж байсан юм. Кентийн их сургуулийн докторантурыг төгсөөд дадлага хийхээр болсон. Тэгээд л ирсэн дээ.

-Дадлага хийхээр очоод л жинхэнэ ажилтан болчихсон гэхээр хялбархан юм шиг сонсогдож байна. Их өндөр шалгууртай байлгүй дээ?

-2010 оны намар дадлага хийхээр ирсэн юм. Жинхлэх гээд өдөр шөнөгүй л ажилладаг байлаа. Тэр үед их гоё байсан. Зун бүр гурав дөрвөн зуун оюутан дадлага хийхээр энд тэндхийн сургуулиудаас ирнэ. Бүгдээрээ бас дадлагаа дуусгаад үлдэх сонирхолтой. Тухайн үед Стив Жобс гээд удирдлагын түвшний томчууд нь ирж бидэнд лекц уншина. Тийм хүмүүсээс асуулт асуух, сонсох нь оюутнуудад урам өгнө. “Apple” компани маш чанд нууцлалтай газар. Тэгсэн мөртлөө дадлагын оюутандаа бүтээгдэхүүнээ үзүүлээд, өөрийн ажилтан юм шиг хүлээж авч, аль болох жинхлэхийг зорьдог байсан.

-Анхны хийсэн ажил юу байв?

-Манай Кентийн их сургуульд шингэн кристалийн институт гэж байсан. Тэр нь шингэн кристалийн физик судалгааны институт маягийн газар. Ихэнх оюутан суурь шинжлэх ухаан тал руугаа судалгаа хөөгөөд явдаг. Гэтэл тэр нь амьдралд хэрэглээ ховор. Харин зарим нь үйлдвэрлэлд нэвтрэх технологи дээр ажиллахыг боддог. Тийм докторантууд багштайгаа хамт компаниудын нэвтрүүлэхийг хүсч байгаа шинэ технологийн үндсэн суурийг судалж өгдөг. Үүний төлөө компаниуд ч дэмжиж тэтгэлэг өгч, төсөл хэрэгжүүлдэг. Миний хувьд энэ замыг сонгосон. Бид “Intel” компанитай хамтран нэгэн удалгаа хийсэн юм. Тухайн үед iPhone гарч ирсэн, iPad удахгүй гарах гэж байлаа. Ер нь бүх юм мобайл, зөөврийн компьютер руу шилжиж байв. Гэтэл зөөврийн ямар нэгэн хэрэгслийн батарей нь ердөө гурав дөрөвхөн цаг л барина. Батарей удаан ажиллаж байж жинхэнэ утгаараа зөөврийн болох ёстой. Харин бидний хийсэн судалгаа тухайн хэрэгслийн дэлгэц нь батарейн ихэнх хэсгийг иддэг, тэрийг нь багасгах технологийг гаргаж ирэх байв. Энэ нь намайг Apple-д ороход нөлөөлсөн юм л даа. Тэгээд “Apple”-д ороод анх iPad-ны дэлгэц дээр ажиллаж, дэлгэцийн батарей иддэг хувийг багасгасан. Миний докторантурт судалж байсантай уялдсан болохоор дөхөм ч байсан юм.

-Одоо та яг ямар ажил эрхэлж байна вэ?

-Би одоо дэлгэцийнхээ салбарт менежерээр нэг баг удирдаад явж байна. Яг юу хийж байгаагаа хэлж болохгүй л дээ. Нууц байдаг. Гэхдээ ерөнхий ойлголт өгч болж байна. Дэлгэцийн шинэ технологийн эрэлд гарсан гэх юм уу даа. Хэрэглэгчид мэдээллийг авах шинэ сэдэл, шинэ хандлагыг гаргаж ирэхээр ажиллаж байна.

-Шинэ хандлага гэдгээ жаахан тодруулж болох уу?

-Хамгийн сүүлд iPad pro гарсан байгаа. Өмнө нь дэлгэц байнга ижилхэн өнгө, гэрлийг цацруулдаг байсан. Харин одоо гадаах орчноос хамаараад, дэлгэцийн нягтрал, өнгө ялгаруулалт, гэрэл гээд бүгдийг динамик аргаар “амьдаар” тохируулдаг болсон. Жишээ нь, та сонин бариад уншлаа гэж бодъё. Та сониноо гадаа, гэрт, шөнийн бүдэг гэрэлд уншихад тэр гэрэлтэй зохицоод цагаан л харагдана. Өөрөөр хэлбэл, дэлгэцийн өнгө өмнө нь орчны гэрлийг дагаж өөрчлөгддөггүй байсан. Үүнийг шинэчлээд бодит өнгө гаргаж байна. Ингэснээр дэлгэц орчин тойрны гэрлийг дагаж зохицож, өнгө ялгаралтаа өөрчилнө гэсэн үг. Жишээ нь хажууд тань цаас байвал цаастай адилхан өнгөтэй болж харагдах юм.

-Энэ нь хүмүүст ямар эерэг нөлөө авчрах юм бэ?

-Хүн биологийнхоо хувьд нарны гэрлээр өөрийн зиркадын хэмнэлээ зохицуулж орой унтаж, өглөө сэрж байдаг. Харин хиймэл цэнхэр туяатай гэрэлд орой нь их ажиллавал нойр хулжуулдаг талтай. Тэгвэл дэлгэц оройн цагаар үүнийг мэдрээд автоматаар гэрлийн өнгө туяаны хэмжээг зохицуулдаг болчихоор хүний амралтанд нөлөөлөхгүй гэсэн үг.

-Ажлын нэг өдөр тань хэрхэн өнгөрдөг вэ?

-Байнгын өрсөлдөөн, өөрчлөлтийг дагаад эндхийн бүх компани ялгаагүй ачаалалтай. Манайх өглөө жаахан аажуу эхэлнэ. Тэгээд л өдрийн турш янз бүрийн багийн уулзалтууд үргэлжилнэ. Нэг бүтээгдэхүүний ард маш олон баг ажилладаг. Тэр багууд байнга хоорондоо уулзалдаж, шинэ ажлаа танилцуулж явдаг. Ер нь өглөөний 10, 11-ээс авахуулаад үдээс хойш дөрөв, тав хүртэл цаг тутам уулзалттай явдаг юм. Тэгээд таваас хойш өөрийнхөө хийх ажлаа харах боломж олддог. Ганцаараа эсвэл лабораторид хийх ажилтай байвал орой болтол сууна. Орой долоогоос хойш Азид байдаг нийлүүлэгч компаниудтай цахим хурал хийнэ. Ингэхээр өдөр л ганц хоёр цаг илүүчилж чадахгүй бол тэгээд завгүй өнгөрнө дөө.

-Дээрээс төлөвлөгөө маш нарийн гардаг гэж та хэлсэн. Хэрвээ хоцорвол яах вэ?

-“Apple”-ийн хувьд бүтээгдэхүүн жил болгон шинэчлэгддэгийг та бид мэднэ. Нэг бүтээгдэхүүн гараад, дараагийн бүтээгдэхүүн 12-16 сард багтаж гардаг. Бидний ажиллах цагийг сараар нь, долоо хоногоор нь маш нарийн хуваарилсан байдаг. Жаахан хоцорвол бүтэн жилээр хойшилно. Энэ нь санхүүгийн хувьд ч хортой, тиймээс инженерүүдийг байнга шахдаг юм.

-Амин хувьдаа зориулах цаг хомсхон л бололтой?

-Амьдрал, ажлын баланс алдагдах үе байна. Магадгүй иймээс залуу хүмүүсийг илүү ажиллуулдаг болов уу. Нарийн төлөвлөгөөнд суралцах хэрэгтэй болдог. Шинэ инженерүүд эхэндээ үүнд нь дасдаггүй л юм

Дугуйгаар Номхон далайн эргээр аялав. 2015 он.

-Энэ их ажлыг мартаж, амралтын өдрөө сонирхолтой өнгөрөөж чаддаг уу?

-Аялах дуртай, хайкинг хийнэ, дугуйгаар явна. Ажлаасаа гадуурх юмыг л хийх дуртай. Уншина, гэхдээ ном унших цаг ховор олддог. Саяхан Стэнфордын их сургуульд нэг эрдэмтэн сэтгэл судлалын сонирхолтой лекц уншсан юм. Лекц дээрээ “A user’s guide to the brain. Perception, Attention, and the four Teaters of the Brain” номыг ихэд онцолж байсан, одоо үүнийг уншиж байна даа.

-Хаагуур их аялав. Өвөрмөц газруудаар явсан уу?

-Ажлын шугамаар Азийн орнуудаар их явсан. Европоор ч явсан. Явах болгондоо зорьсон ажлаа амжуулаад, өөртөө заавал цаг илүүчилж, тухайн газраараа явдаг. Итали сайхан л орон. Гэхдээ Япон сүүлийн үед их таалагддаг болж байгаа. Зан заншил, соёл гээд үзэх харах юмнууд нь ч таалагдсан, дэд бүтэц сайн, хаашаа ч саадгүй явчихдаг нь сайхан.

Японы алдарт Фүжи уулын оройд. 2014 он

-Монголд аль сургуулийг төгссөн бэ?

-Тавьдугаар дунд сургуулийг төгссөн. Тэгээд 1999 онд оюутан солилцоогоор ирсэн. Оюутны өдрүүд маань номон дунд л өнгөрсөн дөө. Оклахома муж бол хөдөө маягийн газар, зүүн баруун хоёр эргээсээ их өөр. Газар зүйн байрлалаасаа шалтгаалаад одоо ч хөдөөх маягаараа л байгаа. Сурахыг зорьж байсан болохоор тэр орчин нь их амар, нам гүм байсан шүү.

-Нутагтаа ирье гэсэн бодол байна уу?

-(Инээв) Надад Монгол руу явъя, эсвэл энд л байна гэсэн бодлын аль нь ч одоогоор төрөөгүй байна. Хаана, ямар боломж гарч ирэхээс шалтгаалаад уян хатан хандах болов уу. Хэрвээ би Монголд очвол багш болно гэж боддог ш дээ.

-Яагаад. Танд туршлага байна, даацтай юм хийх боломж бий шүү дээ?

-Энд нэлээд юм сурлаа, бас докторантур төгслөө. Яахав, манай ээж багш хүн болохоор ч тэр үү ингэж боддог юм.

-Аав тань юу хийдэг вэ?

-Аав маань бизнесмен, харин ээж маань эдийн засагч хийж байсан. Нэг эгчтэй. Аав ээж Монголдоо ажиллаж амьдарч яваа.

-“Apple” их хатуу дэгтэй газар юм шиг санагддаг?

Стив Жобс гэж хүний үнэлдэг, эрхэмлэдэг чанаруудыг хадгалсан газар л даа. Энд хамгийн дээд зүйл нь хэрэглэгч байдаг. Хэдэн сая хүний хувийн мэдээлэл утсаар нь дамжаад төвлөрсөн байгаа. Үүн дээр зар сурталчилгаа, маркетингийн үйлчилгээ гаргаж ирээд ашиг олох маш их боломжтой. Гэвч “Apple”-ийн хувьд үүнийг зөвшөөрдөггүй, хэрэглэгчийн эрх ашгийг ярьдаг. Саяхан энд хоёр хүн халдлага хийсэн. Тэр хоёрын хэрэглэж байсан утас нь iPhone байж. Тэгсэн Америкийн тагнуулын ерөнхий газраас энэ утсыг задалж, доторх мэдээллийг нь гаргаж өг гэж шаардсан. Үүн дээр асар том хуваагдал үүссэн ч манай компани зөвшөөрөөгүй. Хэрэглэгчийн мэдээллийг гаргахгүй гэж үзээд.

Ажилчдадаа бол юу ч хийсэн хамгийн сайн юмыг л хий. Үнэхээр сайн инженер байж чадвал технологийн шинэ санааг чинь хэдэн зуун сая хүнд хүргэнэ ээ гэдэг ийм юм л хэлдэг.

Докторын төгсөлтийн үеэр багштайгаа хамт. 2010 он

-Танд гарааны компани эхлүүлээд үзье гэх бодол төрж байв уу?

-Цахиурын хөндийд хүн бүхний мөрөөдөл нь гарааны компани байгуулж өөрийн гэсэн бизнесийг эхлүүлэх байдаг. Гэхдээ зөвхөн санаа, зориг байна гээд амжилтад хүрэхгүй л дээ. Олон талын хүчин зүйл хэрэгтэй. Яагаад ч юм надад тийм бодол нэг их төрдөггүй. Учир нь hardware инженерийн хувьд хамгийн сүүлийн шинэ технологийг энд суралцаж, хэрвээ технологио гаргачихвал тэрийгээ бүтээгдэхүүн болгох боломж манай компанид байна.

-Манай IT-ийн инженерүүд бүтээгдэхүүн хийж гадаад зах зээлд мөнгө босгомоор байна гэж ярьдаг. Таны харж байгаагаар ийм боломж хэр бий вэ?

-Ялангуяа software инженерүүд ингэж ярьдаг юм байна лээ. Миний харж байгаагаар зөвхөн санаа, шинэ сэдэл номер нэг зүйл биш. Сайн бүтээгдэхүүн хийхэд нэг хоёр хүний шинэ санаа мэдээж хэрэгтэй, харин түүний ард 100, 200, 300 инженер тэр даруй хэрэг болно. Тэрний дараа том хэмжээний бизнес болж хөгжих боломж гарна. Манайд технологи, IT-ийн салбар хөгжих нөхцөл нь хараахан бүрдээгүй болов уу. Чилид гэхэд улсаас нь мөнгө хаяад хиймлээр нүдээд л байдаг, явдаггүй. Гадны бизнесийг татаж, сайжруулах гэж нэлээд их оролддог юм байна лээ.

-Манайд тэр нөхцөлийг нь бүрдүүлэх боломжгүй гэж үү?

-Үүнийг тайлбарлахын тулд Хятадын жишээг харъя. Хятадын Шэньжинд Цахиурын хөндий шиг ийм газар байгаа. Эндхийн том компаниуд тэнд үйлдвэрээ нээсэн. Шэньжинийг ингэж хөгжүүлэх гэж сүүлийн хорь гучин жил болсон. Одоо л дөнгөж Хятадын өөрсдийнх нь технологийн компаниуд хүчээ авах гээд, өөрсдөө бүтээгдэхүүн гаргаж Солонгос, Японтой өрсөлдөхүйц хэмжээнд хүрэх гэж байна. Хятадад яг үйлдвэр дээр нь очоод харвал маш их юм гар аргаар бүтэж байдаг юм байна лээ. Үйлдвэрлэл нь автомат биш, нарийн юмыг хүний гараар хийдэг. Хятадад олон үйлдвэр барьсан, хөрөнгө оруулсан, хүмүүсээ хэрдээ л бэлдсэн. Тэгсэн мөртлөө өндөр чадвар бүхий боловсон хүчнийг массаар нь бий болгож чадаагүй учраас бас л өрсөлдөх чадвар сул байгаа. Одоог хүртэл.

Тэгэхээр технологийн даацтай байр суурийг бий болгоход хэдэн мянган хүн, түүнийг дагасан хэдэн арван жижиг компани, тэдний нийлүүлэгчид бүгдээрээ бүрддэг, тэгээд энэ экосистемээс сайн бүтээгдэхүүн бий болдог. Бүтээгдэхүүн өөрөө бүх юмыг удирдаж чиглүүлж байдаг.

-Тэгвэл чадварлаг боловсон хүчинг наана чинь бэлтгэх, та үүн дээр нь залуучуудад туслах боломж бий юу. Ер нь гаднын том компаниудад ажиллаж яваа бусад монгол инеженерүүдтэйгээ нийлээд эх орондоо хэрэгтэй зүйл хийх юмсан гэсэн бодол байдаг уу?

-Одоо Цахиурын хөндийд арваад монгол инженер байна, Фэйсбүүкт гурав, Гүүглд хоёр гурван инженер гэх мэт. Мэдээж бид эх орондоо хэрэгтэй зүйл хийх юмсан гэж бодолгүй яахав. Монголынхоо авьяаслаг залуучуудад туслах, тэдэнтэй шинэ технологийн талаар санал бодлоо хуваалцахад бэлэн байна.

Цахиурын хөндийн монгол инженерүүдтэйгээ хамт. 2016 он.

-Ер нь ирээдүйд биднийг ямар технологи “удирдах” вэ?

-Энэ бол их юм ярьж болох сэдэв. Нэг талаасаа мэдээллийн зуун гэдэг утгаараа хүмүүсийг яаж аль болох төвөггүй холбох вэ, мэдээллийг яаж аль болох төвөггүй олох вэ, түгээх вэ гэдэг хандлага сүүлийн хориод жил хөгжсөн. Мэдээж техник хангамжийн дэд бүтэц бий болж байж энэ бүхэн хөгжсөн. Гэхдээ хөгжлийн цөм нь softwаre буюу программ хангамж дээр суурилсан байдаг. Харин ирээдүйд үүнийг үргэлжлүүлээд биг дата, internet of things, хиймэл оюун гэсэн хандлага бий болж байна. Миний хувьд хэрэглэгчийн үүднээс өөрийгөө удирддаг цахилгаан машинууд болон нисдэг дронууд түүнийг дагаж бий болох хэрэглээний шинэ зах зээл бас хиймэл орчин (virtual reality) гэх мэт нь илүү сонирхолтой зүйл байх болов уу гэж бодож байна. Жишээ нь, толгойдоо баг шиг юм углачихлаа гэж бодъё. Тэрэн дотроо өөр ертөнцөд очиж байгаа юм шиг болно. Эсвэл видео тоглоом тоглоход тэр тоглоомынхоо орчинд орчихно. Спортын танхимд ороход заалны, дэвжээний хажуу талын суудал дээр суусан юм шиг мэдрэмж төрүүлэхээр, ийм технологи сүүлийн үед бий болж, ирэх 5-10 жил хөгжих хандлага байгаа.

-Хиймэл оюун хөгжчихөөр бидний амьдралд ямар өөрчлөлт мэдрэгдэх вэ?

-Хүмүүс хиймэл оюун гэхээр шатар юмуу Go тоглодог компьютер төсөөлдөг л дөө. Тэр бол алгоритм дээр үндэслэсэн оюуны хэлбэр. Гэхдээ хүний оюунтай төсөөлж яагаад ч болохооргүй зүйл. Өнөөдөр би “Intel” компанийн Real Sense буюу жинхэнэ мэдрэмж гэдэг технологийн тухай яриа сонслоо. Нэлээд сайн явж байгаа технологи юм. Ер нь био амьдрал анх хөгжихөд мэдэрхүйн хөгжилд маш чухал нөлөө үзүүлсэн. Жишээ нь хамгийн энгийн биологийн хэлбэр гэрлийг дөнгөж мэдрэх хэмжээтэй байж байгаад тэр нь хувьсаад шингэн бүрхүүлтэй болоод гэрлийг илүү хураах чадвартай болсон, түүний дараа олон сая жилийн хувьслын үр дүнд хос мэдрэхүй бий болж түүгээр гаднах орчныг зурагшуулах орон зайг мэдрэх нүд гэдэг юм бий болсон. Харин мэдрэхүйн хөгжил явагдсаны дараа биологийн хөгжил хувьсал маш хурдтай явагдаж хүний оюун бий болсон байдаг. Энэ нь ямар холбоотой гэхээр өнөөдөр мэдрэх технологиуд хурдтай хөгжиж байна. Жишээ нь камер. Арван жилийн өмнө камер овортой том төхөөрөмж байсан. Өнөөдөр хүн болгон утсандаа маш өндөр чадалтай камертай болсон. Сүүлийн үеийн камерууд гүнзгийг мэдрэх чадвартай болж байна. Гэрэл цацруулж орчныг скайнердаад 3D модул гаргадаг камерууд их болж байна. Одоо гараад байгаа нисдэг дронуудад ийм юм суулгачихаар хаашаа нисэх үү гээд өөрийгөө залаад явах боломжтой болж байгаа. Гэх мэтээр биологийн амьтанд 500 гаруй сая жилийн өмнө тохиож байсан Камбрийн хувьсгал шиг тийм мөчлөг технологийн хөгжилд тохиож байна гэсэн үг. Тэгэхээр зөгнөлт кинонууд дээр гардаг роботууд бодитоор бий болох гараа одоо л эхэлж байгаа юм.

Ярилцсан Ц.БАЯРЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *