-АРВАН ХҮНИЙ АМИЙГ АВРААД ӨӨРӨӨ АМИА АЛДЖЭЭ-
Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ-8 нисдэг тэрэг шөнийн сургалтын нислэг үйлдэж байгаад өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-нд осолдсон билээ. Осол гарах үед нисдэг тэргэнд 11 хүн зорчиж байсан бөгөөд 10 хүн бэртэж, нэг хүн газар дээрээ нас барсан билээ. Тодруулбал, ахмад борте механикч Н.Батбаяр амиа алдсан юм. Тэрээр цэргийн албанд 17 жил ажилласан бөгөөд 37 настай байжээ. Н.Батбаярын ээж М.Хандсүрэнтэй ярилцлаа.
-Ми-8 онгоцны хар хайрцагны бичлэгийг уншуулсан гэсэн. Хар хайрцагны бичлэгтэй танилцсан уу. Ослын шалтгааныг тайлбарлаж, үзүүлсэн болов уу?
-“Ми-8” онгоц гурван нисгэгчтэй. Миний хүү гуравдугаар нисгэгч борте механикч хийж байсан юм. Нэг, хоёрдугаар нисгэгчийнхээ голд нь суугаад явдаг юм. Хар хайрцгийг нь уншуулахад, онгоцыг голлон жолоодож байсан нэг, хоёрдугаар нисгэгч нь буруутай болж таарсан гэсэн. Гэхдээ бидэнд албан ёсоор хар хайрцагны бичлэгийг үзүүлээгүй. Тэрийг нь үзмээр байна. Хаана хандаж, хэнд хэлэхээ мэдэхгүй л байж байна. Онгоцыг даргалж ниссэн нисгэгч нь манайд өөрөө ирсэн. Уучлалт гуйж байсан. “Хайран сайхан хүү тань миний буруугаас болоод амиа алдлаа” гэж хэлсэн.
-Яг ямар алдаа гаргаад онгоц унасан талаар ярьсан уу?
-Би лавлаад сайн асуусан л даа. Яг яасан юм бэ гэж. Тэгсэн “руль булаацалдсан юм” л гэж хэлсэн. Нэг, хоёрдугаар нисгэгч нь хоорондоо булаацалдсан уу, юу болсныг мэдэх юм алга. Би нисгэгчдийн талаар сайн мэднэ л дээ. Тэднийг яаж ажлаа хийдгийг нь ч гадарладаг. Яагаад гэвэл, манайх чинь нисгэгчийн удамтай айл. Миний хань насаараа нисгэгч хийсэн Шаравын Нина гэж хүн байсан. Миний дүү гавьяат нисгэгч хүн бий. Бас аав минь 1957 онд нисгэгч хийж байсан. Хөгшин минь өөд болсон. Зэвсэгт хүчинд 39 жил ажилласан даа. 109, 303 дугаар ангид захирагч хийж байсан. Дэд хурандаа цолтой. Бас сүүлд армид нисгэгчийн багшаар ажиллаж байсан хүн. Миний хүүгийн ажиллаж байсан 337 дугаар ангийн захирагч нь манай хүний шавь нь байгаа юм. Бид хоёр долоон хүүхэдтэй. Энэ л нисгэгч хийж чадна гэсэн мундаг хүүгээ хань маань өөрөө сонгоод ажлаа өвлүүлж сургасан. Ид залуугаараа, ихийг хийж бүтээх насан дээрээ байсан хүүгээ алдаад их л хэцүү байна. Миний хүү тэр онгоцонд байсан арван хүний амийг авраад, хийх ёстой ажлаа баатарлагаар хийгээд амиа алдсан шүү дээ.
-Осол гарахын өмнө онгоцны цахилгааныг нь салгаж, онгоц дэлбэрэхгүй байх бүхий л арга хэмжээг аваад өөрөө нас барсан тухай сонссон…
-Осол гарсны дараа бид өөрсдөө анги дээр нь очсон. Тухайн үед хамт ниссэн хүмүүс нь “Батбаяр үнэхээр баатарлаг байж чадсан. Онгоцны бүх цахилгаан хэрэгслийг салгаж, шатахууныг нь хүртэл асгаад бүх аюулгүй ажиллагааны арга хэмжээг аваад өөрөө амиа алдсан. Тэгээд бид амьд гарсан” гэж хэлсэн. Онгоц унах гээд эвгүйтээд ирэхэд л бүх арга хэмжээг авсан юм байна лээ. Хэрвээ цахилгааны хэрэгсэл салгаагүй, шатахууныг нь асгаагүй бол онгоц хүчтэй унаж байгаа учир дэлбэрэх аюултай байсан. Тэгсэн бол өнөөдөр нэг хүн биш, арваннэгэн хүний амь нас яригдах байсан ч байж мэднэ. Би нүдэндээ дүрслэн харж байна. Тэр дундуур яаж сандран ажиллаж байсан бол доо гэж хүүгийнхээ талаар боддог. Бүх хөдөлгүүрийг нь унтраагаад шатахуунаа асгаад, цахилгаан утсыг салгасан байсан.
-Борте механикч гэхээр ямар үүрэгтэй ажилладаг юм бол?
-Борте механикч буюу гуравдугаар нисгэгч нь нэг, хоёрдугаар нисгэгчийнхээ голд нь суудаг. Ямар нэг хамгаалалтын бүс зүүдэггүй. Нислэг дунд босоод ард, урд талын техникүүдийг дээш, доош нь болгоод ажиллана. Хариуцлага өндөртэй, хамгийн осолтой хүнд ажил л даа. Онгоцонд сууж байсан бүх хүн хамгаалалтын бүстэй аюулгүй байдал хангагдсан байхад, миний хүү л тэнд ганцаараа хамгаалалтын бүсгүй голд нь ажлаа хийж байсан. Осол гарахад хүү минь хамгийн түрүүнд цонхоороо шидэгдсэн юм байна лээ. Онгоц унасан газраас 20-иод метрийн зайтай шидэгдсэн байхыг нь олсон байгаа юм. Хүүгийн минь цогцсыг бидэнд үзүүлээгүй. Танигдахааргүй болсон байсан гэсэн.
Би хүүгээрээ үнэхээр их бахархаж байна. Аав, ээжийнхээ ачийг хариулж, олон хүний амийг аварч, үүргээ нэр төртэй гүйцэтгээд амиа алдлаа гэж өөртөө хэлсэн дээ. Миний хүүгийн энэ гавьяаг өнөөдөр хэн ч яриагүй. Батлан хамгаалахын яам бараг л энэ хэргийг нууж байна. Салбарын нэр хүндэд муугаар нөлөөлнө гэдэг юм уу бүү мэд. Тэгж хардахаар таг чиг байна. Нарийн учрыг сайн мэдэхгүй байна. Арван хүний амийг аварлаа гээд одон медаль өгдөггүй юм аа гэхэд, нэг удаа ч болов хүүгийн минь хийсэн гавьяаг олон нийтэд хэлээд эмгэнэл илэрхийлээгүй. Хүүг минь магтаж, дотрыг минь онгойлгох болов уу гэж удаан хүлээлээ. Энэ осолд ганц нисгэгч ч биш салбар хариуцсан сайд дарга нарын хариуцлага ч давхар яригдана. “Ми-8” онгоц олон удаа унаж, олон хүний амийг авч одлоо. Одоо дахиад ч ийм осол гарахгүй гэх баталгаа алга. Хүүгээ алдсан эхийн хувьд, өнчин үлдсэн гурван хүүг нь харах бүрдээ хариуцлагагүй ажилласан хүмүүсийн буруугаас болж энэ гурван нялх хүүхэд өнчин боллоо гэж бодохоор л хэцүү санагдаад байх юм.
-Осол гардаг өдөр цаг агаар их муу байсан гэсэн. Цаг агаарын байдлаас болоод нислэгийг хойшлуулж болох байсан юм билээ. Энэ тухай сонссон уу?
-Онгоц хөөрөөд удаагүй байхад л цаг агаар муудсан гэсэн. Бид өөрсдөө осол гарсан тэр шөнө очсон юм. Юу ч харагдахгүй шуурч байсан. Хэдийгээр нисгэгчийн буруу гэж байгаа ч, цаг агаар нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ цаг агаар муудах мэдээ авсан бол шөнийн нислэгийг хойшлуулж, ийм явдал болохгүй ч байх байсан юм бил үү. Ингэсэн бол миний хүү амьд байх байсан юм болов уу гээд янз бүрийн л юм өөрийн эрхгүй бодогдоод байх юм. Хань маань шөнийн сургуулилтын нислэг олон удаа хийж байсан хүн. Заримдаа цаг агаар муу байна, нислэг хойшилсон гээд гэртээ хүрээд ирдэг байсан. Тэр өдөр цаг, агаарын мэдээг аваагүй л байсан юм болов уу даа.
Уг нь хүү минь ээлжийн амралтаа авсан байсан юм. Ээлжийнхээ амралтаар гэртээ амарч байхад нь ажлаас нь дуудаад шөнийн нислэгт гаргасан. Өмнөх өдөр нь бас нислэг хийсэн гэж байгаа. Уг нь хүүгийн минь оронд өөр борте механикч явах байсан ч тэр хүн даралт ихсээд бие муу байна гээд яваагүй, оронд нь хүүг маань дуудсан байгаа юм. Угаасаа борте механикч мэргэжилтэн ховор юм билээ. Хүүтэй минь нийлээд хоёр л хүн энэ ажлыг сайн хийдэг. Нэг нь тэтгэвэрт гарсан настай хүн бий. Бас нэг шинэ хүн байдаг гэсэн. Тэрийгээ голоод байдаг шиг байгаа юм. Тэгээд миний хүүг дуудсан хэрэг.
-Онгоц осолдох гээд эвгүйтэх үед бүх арга хэмжээг авсан гэхээр хүү тань ажилдаа үнэнч ханддаг байсан юм байна…
-Аав нь тэгж сургасан. Нисгэгч бол маш хариуцлагатай ажил. Өөрийн амийг эрсдэлд оруулаад ч хамаагүй аюулгүй ажиллагааны бүх арга хэмжээг авах ёстой. Эцсийн мөчид ч чадах хэмжээгээрээ бүх арга хэмжээг авч байж хүний амийг аварч чадна гэж сургадаг байсан юм. Аавынхаа энэ захиасыг хэзээ ч мартахааргүйгээр сэтгэлдээ хадгалсан байсан, миний хүү. Маш олон одон медаль, шагнал авсан байдаг. Сүүлд Афганистанд Энхийг сахиулах ажиллагаанд нисгэгчээр яваад таван одон медальтай ирсэн. Жил болгон шилдэг ажилтан болдог. Осол гардаг өдрийн маргааш нь шинэ жил нь болох гэж байсан гэсэн. Шинэ жилийн баяраар оны шилдэг ажилтан шагнал авах гэж байсан юм билээ.
-Зэвсэгт хүчнээс гэр бүлд нь хоёр өрөө байр өгсөн гэсэн үү?
-Хүний амь эрсэдсэн талаар юм ярихгүй байж, байр өгсөн талаар маш олон хэвлэлд мэдээ нь гарсан байна лээ. Бид сайтуудаас тэр талаар уншсан. Налайхын Гордокт хоёр өрөө байр өгсөн. Үнэнээ хэлэхэд, одоо хүртэл ордерыг нь өгөөгүй. Бас сэтгэлд минь хүрэхгүй байгаа. Их хүйтэн, муу байр юм билээ. Эхнэрийнх нь бие муу, ажил хийдэггүй. Гурван бага насны хүүхэдтэй. Том нь долдугаар анги. Налайхад биш хотын төв рүүгээ гэрийг нь ойртуулмаар байна. Хичээл сургуульд нь зөөх хүн байхгүй, хол газар хэдэн өнчин хүүхэд хэцүү шүү дээ. Тийм санал тавиад үзвэл яадаг юм бол гэж бодож байна. Аав нь байсан бол энэ бяцхан хүүхдүүддээ их олон зүйл хийж өгөх байсан. Хүүхдүүдээсээ гадна надад хүртэл цайны мөнгө байнга өгөөд гэр бүлээ тэжээдэг байсан. Одоо ээж нь ажилгүй бага насны гурван хүүхдийнх нь ирээдүй бүрхэг харагдаж байгаад санаа зовж л сууна.
-Ангийн захирагч болон салбарын сайдтай уулзах хүсэлт тавьсан уу?
-Ангийн захирагч Очирбаттай нь очиж уулзсан. Тэгэхэд миний хүүгийн талаар юу ч ярихгүй хэр нь өөрийгөө бэртсэн талаар яриад байсан. Хөл минь хугараад гээд л яриад байна лээ. Тэгээд бид гараад ирсэн. Ангийн захирагч нь онгоцонд суугаад явж байсан учраас бүх зүйлийг хараад хүүг минь яаж ажилласныг мэдэж л байсан байх. Сайд нь хэвлэлээр ярилцлага өгснийг харсан. Гэхдээ ослын талаар товчхон яриад, нас барсан хүний тухай юу ч хэлээгүй. Ер нь тэгээд хар хайрцагны бичлэгийг яагаад Орост уншуулсан юм бол. Өөрсдийнхөө хийсэн онгоцыг юу гэж муу байна гэх вэ дээ. Өөр улсад уншуулж болоогүй юм байх даа гэж бодох юм. Ми-8 онгоц олон удаа осолдож, Монголын олон сайхан хүүгийн амийг авч одлоо. Дахиад ийм осол гаргахгүй талаас нь салбарын сайд, улс эх орны тэргүүлэгч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар минь анхаараасай.
Х.ЦЭНД-АЮУШ