Categories
мэдээ нийгэм

Чихрийн шижнээр өвчлөгсөд сүүлийн 10 жилд зургаа дахин нэмэгджээ

Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож
байна. Манай улс “Чихрийн шижин өвчний эсрэг хамтдаа тэмцье” уриан дор энэ
өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж. Энэ тухай ЭМСЯ-наас мэдээлэл хийлээ.

Мэдээлэлдээ дэлхий дээр чихрийн шижин өвчнөөр 422 сая хүн өвчилж, жилд 7 сая
хүн нас барж өвчний дархалт нэмэгдэж байгааг дурдсан юм. 2014 оны байдлаар
дэлхийн 422 сая хүн өвчилсөн нь насанд хүрсэн хүн амын 8.5 хувийг эзэлж байгаа
аж. Манай улсын хүн амын өвчлөлийг судалгаагаар авч үзвэл, сүүлийн арван жилд
чихрийн шижин өвчнөөр өвчлөгчид зургаа дахин өссөн байна. Энэ өвчний
шалтгаанаар нас барагсдын тоо 2014 оны байдлаар 157 хүн болж, 2005 онтой
харьцуулахад 4 дахин нэмэгджээ. Өвчлөл нэмэгдэж буй шалтгааныг ЭМС-ын яамны
төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа тайлбарлахдаа “Чихрийн шижин өвчний эрсдэл
хүчин зүйлс манай иргэдийн дунд өндөр байна.

Тухайлбал, 3 хүний 1 нь илүүдэл
жинтэй, 5 хүний 1 нь таргалалттай, хүн амын тал орчим хувь нь дасгал
хөдөлгөөнөөр тогтмол хичээллэдэггүй. Мөн жимс, ногооны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж
хэмжээнээс хоёр дахин бага хэрэглэж, хүнсэндээ давс, амьтны гаралтай өөх тос
ихээр хэрэглэж байгаа нь голлон нөлөөлж байна” гэлээ. Өвчнөөс урьдчилан
сэргийлэхийн тулд хувь хүн, айл өрх бүр идэвхитэй хөдөлгөөн хийх, өөх тос,
чихрийн хэрэглээг бууруулах, хийжүүлсэн ундаа, найруулдаг жимсний болон бусад
төрлийн шүүсээс татгалзах хэрэгтэйг санууллаа.

Мөн архи тамхины хэрэглээг
хязгаарлан амьдралын зөв хэв маягийг хэвлүүлэх хэрэгтэйг ЭМС-ын яамнаас
анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *