Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Олон үндэстний гүрэн

1996 онд хэвлэгдсэн ХХ зууны Монгол: Нүүдэл суудал, олз гарз нэртэй Монголын түүхийн ном гараад даруй 20 жил болжээ. Тухайн үеийн түүхийн баримтын олдоц тааруугаас алдаж омтгойтсон, буруу дүгнэсэн зүйл уг бүтээлд цөөнгүй оржээ. Энэ хооронд судлаач эрдэмтдийн гарт очиж эргэлтэнд ороогүй байсан олон материал, цаг үеийн гэрчүүдийн дурсамж, тайлбар сэлт өдгөө нээгдсэнээр эргэж харахаар олон асуулт үүссэн юм. Энэ бүтээл урьд нь нэлээд хэдэн хэлээр орчуулагдан гадаадын уншигчдын гарт очсоноос гадна монгол хэлээр олон удаа хэвлэгдсэний дотор 2006 онд дахин засварлагдсан хоёр дахь хэвлэл нь нийтийн хүртээл болсон. Одоо энэ бүтээлийг франц, испани, солонгос хэлээр орчуулан хэвлэх санал ирснийг бодолцоод зохиогч номоо бараг цоо шинээр бичихээр шийдэн гурав дахь хэвлэлийн нооргийг дуусгах шатандаа явна. Агуулга багтаамжийн хувьд 1996 оны анхны хэвлэлээс хоёр дахин том, 2006 оны хоёр дахь хэвлэлээс 40 хувь зузаан болох төлөвтэй. Эргэж харан цоо шинээр бичсэн хэсгийнхээ зарим сонирхолтойг нь уншигч танд толилуулж байна.

Зохиогч

ОЛОГ ҮНДЭСТНИЙ ГҮРЭН

Чингис хааныг 500 эхнэртэй байсан хэмээн тэмдэглэсэн нь ховор бус. Энэ нь нэг талаас ташаа мэдээ боловч нөгөө талаас оргүй худал зүйл биш. Тэрээр эхнэр Бөртөөс дөрвөн хүү, таван охинтой. Хожим нь хатан болгосон Хулангаас Хүчүлүг хэмээх нэг хүүтэй. Татаараас богтолсон эгч, дүү хоёр бас хатанд тооцогдоно. Алтан улсын хааны охиныг бас хатан болгож авсан. Авааль эхнэр Бөртөөс төрсөн хөвгүүд болон цааших удам угсаа нь л хаан сууринд суух эрхтэй, бусад нь хамаагүй. 500 эхнэрийн хувьд бол тэд татвар эмс, ихэнх нь “бэлгэнд” ирсэн бүсгүйчүүд юм. Эднийг төрөл төрөгсөд сайд, жанжин нарт цааш дамжуулан “бэлэглэнэ”.

Нэн эртнээс умрын нүүдэлчид буюу хятадуудын нэрлэснээр ху нар гэдэг нь маш олон янз үндэстэн, угсаатан, ястан, овог, аймгуудын цогц байжээ. Тэдний тухай мэдээллийг зөвхөн өндөр иргэншил бүхий хөрш зэргэлдээ хятадууд л тэмдэглэн үлдээсэн. Умрын нүүдэлчдийг бүгдийг нь “татаар” (хятад аялгаар дадан) гэх нэршлийг хятадууд дэлхий даяар тараажээ. Юань гүрэн мөхөж, жинхэнэ Хятадын Мин династи үүссэнээс эхлээд тэд сайн мэдэж байсан ч зориудаар монголчуудыг “татаар” гэж нэрлэн бичиг номдоо үлдээжээ. Учир нь “монгол” гээд нэрлэчих юм бол тэд өөрсдөө Юанийн өв залгамжлагч гэж харагдан өөрсдийг нь эвгүй байдалд оруулна гэсэн санаа. Хожим нь манж нар л “монголчууд” нэрийг хятад хэлэнд эргүүлж оруулж ирсэн байдаг .

Нүүдэлчдээс анх түрүүн түрэгүүд дөнгөж VI-VII зууны үеэс бичиг үсэгтэй болсон тул жишээ нь хүннү, дунху зэрэг гүрнүүдтэй харьцуулахад энэ нь тун хожуу үйл явдал болой. Эдгээр олон үндэстэн, угсаатан нүүдэлчид оройлон гарч ирж захирсан үндэстнийхээ хэлээр нэвтрэлцдэг, харин гэртээ өөрийн хэлээр ярьдаг байсан бололтой. Яг л өнөөгийн АНУ шиг гудамжинд англиар нэвтрэлцэх мөртөө гэртээ болохоор тус тусын хэлээр ярьдаг шиг.

Монголчууд, бүр тодорхой хэлбэл шивэй аймгийнхан хэдэн зуун жил түрэг угсаатны мэдэлд байж тэдэнд алба өргөдөг байсан тул бүгд биш гэхэд язгууртнууд нь түрэг хэл эзэмшсэн байж таараа. Тиймээс өнөөгийн монгол хэлэнд маш олон түрэг үг байдаг. Санскрит хэлнээс гаралтай энэтхэг-европ овгийн хэлнүүд нэг эх үүсвэртэй учир ойр зуурын нэршил, анхан тоо, хүрээлэн буй орчны нэр ус зэрэг нь төстэй учир уг язгуурыг нь олоход түвэгтэй биш. Гэтэл монгол ба түрэг хэлний анхдагч нэршлүүд тэс өөр, харин бараа солилцооны үед хэрэглэгдэж эхэлсэн нэрс ижил байдаг нь энэ хоёр хэл тус тусдаа өөр угшилтай болж таарч байгаа юм. Гэхдээ өгүүлбэрийн бүтэц, хэлний логик нь төстэй нь маш олон жил хөрш байж ижил нөхцөлд амьдарч байснаас болсон байх үндэстэй. Түүнээс гадна өөр угшил язгууртай ч гэсэн үндэстэн, угсаатнууд урт цагийн явцад биендээ уусан дундын хэл үүсгэх, эсвэл нэг нь ор тас мартагдах явдал хүний түүхэнд олон тохиолдсон.

Нүүдэлчин үндэстний мөн чанар нь овог, аймгийн нэгдэл дээр тогтдог. Овгууд хоорондоо охид, хатад солилцох нь ураг төрөл болж буй хэрэг ба үүнээс үүдэн нэгдмэл холбоо харилцаа нь бэхжиж байдаг аж. Чингис хаанд 500 татвар эм бэлгээр цугласан нь чухам ийм учиртай. Өөр үндэс угсааны олон эхнэрийг ах дүү, төрөл садандаа цааш дамжуулан бэлэглэснээр нүүдэлчин овог, аймгийн удирдагч нарын хооронд ураг төрлийн харилцаа үүсч байгаа хэрэг юм.

Хүлэгү хаан Ираныг эзэлснээс хойш энд Монголын олон овог угсааны төлөөгчид амьдрах болжээ. “Монголын залуу язгууртнууд өвөг дээдсийнхээ овог, язгуур, удам, алдар гавьяаг мэдэхгүй учир энэ бүтээл нэн чухал” хэмээн Рашид ад Дин алдарт Судрын чуулга бүтээлээ тайлбарлажээ. Өөрийнхөөр нь бүтээлдээ “түрэг” гэж нэрлэсэн монголчуудын уг гарвал удам угсааг тодорхойлон бүртгэхдээ тэрээр зохиолынхоо эхний бүлгийг тэр чигээр нь зориулсан. Рашид ад Дин тухайн үед монголчууд гэгдэх олон овог отог үндэстэн угсаатныг уг гарвалаар нь дөрөв ангилан тогтоожээ. Эхнийх нь түрэг угсааны уйгар, кипчак, ханли, харлаг зэрэг болно. Хоёдугаарт, өмнө нь өөрийн хэл нэр тусгаар байгаад өдгөө монгол гэгдэх болсон жалайр, сөнөд, татаар, ойрод, багууд, тэлэнгүүд гэх мэт. Гуравдугаарт, монголчуудтай өмнө нь ойр холбоогүй, өөртөө эзэнтэй боловч царай төрхөөр төстэй онгут, тангут, хиргис зэрэг. Дөрөвдүгээрт, Монгол ба түүнээс үүдэн гарсан олон овог, аймаг болох Урианхай, Хонгирид, Тайчууд, Хонхэрээд, Хатгин, Мангууд, Баарин, Элжигин, Чонос, Барлас, Бэсүт гэх мэт. Энд зохиогч бүгдийг нь Түрэг гэж бичжээ. Гэхдээ тухайн цагийн дэлхийг эзэлсэн нүүдэлчдийг газар газар нийтэд нь Монгол, Татаар, Түрэг гэж гурван янзаар нэрлэж байжээ. Юутай ч тэр үеийн монголчуудыг угсаатны хувьд өнөөгийн монголчуудтай зэрэгцүүлэн адилтгаж болохгүй юм. Мянган жилийн турш олон үндэстэн угсаатны зугуухан ижилсэл, холилдоон болсоор дөнгөж XV зуунаас, тодорхой хэлбэл Даян хаан Батмөнхөөс хойш л орчин үеийн монгол угсаатан хэлбэршин тогтжээ. Үүнийг түүхчид “шинэ монгол үндэстэн” гэж нэрийддэг.

ТҮРЭГ, МОНГОЛЫН ОВОГ, АЙМГУУД

X-XII зууны үед Төв Азийн өндөрлөгийг хэл, соёл, гарал угсааны хувьд төс бүхий хүмүүс эзэгнэж байжээ. Эдгээр нь бол үндсэндээ монголчууд байсан юм. Ерөнхийдөө монголчууд, бас тэдэнтэй ойролцоо угсааны татаарууд хойд болон зүүн талаар нь суурьшсан байв. Харин түрэгүүд (зарим түрэгүүд тэр үeд Өрнөд Ази, Зүүн өмнөд Eвропт нүүж очоод байв) баруун болон баруун өмнөдөд, тангадууд Шиньжаан, Ганьсу болон одоогийн Өвөр Монголын баруун талаар нутаглаж байв. Тэр үeд байсан Ляо улс нь харин олон үндэстнээс бүрдсэн байв. Хятангууд нүүдэлчин хэв шинжээ алдаж эхлээд байлаа. Шиньжаан нь уйгаруудын мэдэлд байв. Үнэндээ түрэг, монгол угсаатны овог, аймгуудын ялгааг гаргахад бэрх байв. Монгол нутагт байсан овог, аймгуудын зарим нь Түрэг (Хиргис, Хэрэйд, Уйгур), зарим нь Монгол (ойрд, татаар), зарим нь Түрэг-Монголын холимог (найман, мэргид). Хятадын эрдэмтэн Ли Хуй тухайн үеийн умрын нүүдэлчдийн овог, аймгийн угсаатны гарвалыг нарийвчлан судалжээ:

Найман. 840 онд хиргисүүд уйгаруудыг ялахад Монголын хойд хязгаарт Найман хэмээх хүмүүс үлдэн хоцрон Хиргист дагаар орсон юм. Найман гэдэг нэр нь монгол үг, Түрэгийн “Сакиз Огуз” буюу найман Огуз хэмээх хэсэг бүлэг хүмүүсийг нэрлэсэн нэр аж. Энэхүү Сакиз Огуз бую Найман Огуз нь бүр VIII зуунд ч сонсогдож байж. Эртний Огуз түрэгүүд нь Анатолиа руу нүүж одсон аж. Цаг хугацааны уртад Найман аймаг хүчирхэгжиж хиргисүүдийг Eнисэй мөрөн рүү шахаж, хэрэйдүүдийг Алтайн нуруунаас хөөн зүүн зүгт Манжуур руу түрэв. Энэ хөдөлгөөн нь үндсэндээ хятангуудыг Хятадын хойд хэсэг рүү ойртуулж 907-1125 онуудад Ляо гүрнийг байгуулахад хүргэжээ. Наймангууд нь өмнөд хөрш Уйгараас буддын шашин, мөн бичиг үсгийг нь авсан аж. Наймангууд нь түрэг угсаатай гэж үздэг боловч он жилийн уртад тэдний амьдралын хэв жаяг, зан заншил нь монгол болон хувирсан юм. Наймангууд сүүлдээ загалмайн нэсториан шашныг шүтэх болсон. Чингис хааны үед монголчууд наймангуудаар дамжуулан уйгар үсэг авч хэрэглэжээ.

Хэрэйд. Хэрэйд аймаг нь Орхон голын бэлчрээр Найман аймгийн зүүн талаар нутагладаг байжээ. Хэрэйдүүдийг монгол гаралтай хэмээх боловч, Рашид ад-Дин түрэг гаралтай гэж үзжээ. Хиргисийн гол овог нь Кирай нэртэй аж. Хэрэйдүүдэд байдаг монгол зан үйл шинж тэмдгүүдийг Паул Рачнэвскийн тайлбарлахдаа Баруун Ляо улсын хятан овгийн хүмүүстэй ихэд холилдсон гэж үзжээ. Загалмайн нэстoриан шашинтай байсан ба Тоорил хааны аав, өвөг эцэг нь Маргус (Маркус), Киракуз (Кириакyс) гэсэн латин нэртэй байжээ .

Мэргид. Байгал нуурын урд захаар Сэлэнгэ мөрний бэлчрээр нутагтай байсан аймаг. Ан гөрөө хийж загасчлан амьдардаг байж. Рашид ад Дин мэргидүүдийг монгол гарлын хүмүүс гэсэн байхад бусад эрдэмтэд тэднийг түрэг угсаатан гэж нотолно.

Татаар. Тэр үeд байсан Татаар аймгуудыг зүрчэн (зарим тохиолдолд монгол гэж үзжээ) гаралтай аймаг гэх. Хөлөн Буйр хавиар нутаглаж байсан хүчирхэг аймаг. Зүрчидүүд татааруудаар дамжуулан Монголын бусад овог, аймгуудыг захирдаг байж

Домогт өгүүлснээр Монголын Амбагай хаан өөрийнх нь өвчтэй хүргэний биeийг анагаахаар очсон Татаарын бөөг алсан аж. Татаарууд Амбагай хааныг охиныг чинь бэр болгоё хэмээн хуурч аваачаад барьж авчээ. Амбагай хааныг суллуулахаар нэхэж очсон Хабул хааны том хүүг ч бас барьж аваад хоёуланг нь зүрчидүүдэд тушааж модон илжгэнд хадуулан алсан гэх. Гэхдээ татаарууд энэ муухай хэргийг үйлдсэнийхээ төлөө сүүлд нь аймшигтайгаар хохирсон юм. 1195 онд татаарууд Хонгирадыг дайлж олсон олзныхоо улмаас өөрийн хамсаатан зүрчидүүдтэй дайтах үeийг ашиглан Тэмүүжин тэднийг дайлаар мордсон юм. 1202 онд Тэмүүжин тэднийг дахин дайлаар мордож бүх эрчүүдийг нь толгой дараалан хядаж эмсүүдийг нь боолчлон авчээ.

Ойрдууд. Ойрдууд ойн булгийн хүмүүст багтдаг байжээ. 1201 онд ойрдууд Жамухтай нийлэн Тэмүүжин, Тоорил нарын эсрэг дайтжээ. Жамухыг ялагдсаны дараа ойрдууд Найманы талд орж Тэмүүжинтэй дахин байлдав. Найман ялагдаж Тэмүүжин, Ван хаан хоёр хоорондоо дайтахад ойрдууд хэрэйдүүдтэй нийлж Монголын эсрэг байлджээ. Оросын эрдэмтэн Владимирцов болон Рашид ад Диний үзэж буйгаар ойн иргэд, талын иргэд гэсэн тийм тодорхой зааг тухайн үeд байгаагүй, учир нь овог, аймгуудын дайн тулаанд хэн дийлдсэн нь ой руу зугтаан амь зогоож, дийлсэн нь мал хөрөнгийг нь аван тал хээрээр нутагладаг байсан ба овог, аймгууд ээлжлэн ялалт байгуулдаг байсан гэжээ. Хэдийгээр чухам ямар холбоотой нь тодорхой бус боловч ойрдуудыг хонгаридуудтай ойр төрөл гэжээ.

Боржигон. Боржигoн овог нь Хиад аймгийн нэг салбар аж. Паул Рачнэвскийн үзэж буйгаар Добун мэргэнийг нас барсны дараагаар Алунгоогоос төрсөн хүүхдүүд нь хиргис хүний үр хүүхдүүд байж болох аж. Тэр үeийн хиргисүүд улаан үс, ногоон нүдтэй, өндөр нуруутай хүмүүс байжээ. Хиргис хүмүүс хар үс, хар нүдтэй хүмүүст дургүй, мууд үздэг байсан ч хэдэн зуун жилийн дараа өөрснөө яг л нөгөө дургүй хүмүүс шигээ дүр төрхийг олж авчээ. Хятадын түүх сударт бичсэнээр монголчууд улаан-хүрэн өнгийн үстэй хүмүүс байжээ. Одоо ч Боржигон овгийнхон (ялангуяа бага насны хүүхэд) улаавтар хонгор шар үс, өнгөлөг нүдтэй байдаг нь тэр гeнeтикийн онцлогоо хадгалсаар буйн шинж.

Жалайр. Түрэг угсааны овог гэж үздэг. Эрт үeд Боржигон овгийнхонд олзлогдон алба барьж явсан ба Монгол овгийн Монолун хэмээх эмэгтэйн эзэмшил рүү дайран тэр бүсгүйн найман хөвгүүнийг алж ганцхан Хайду хэмээх хөвгүүн амьд үлджээ. Хожим нь Хайду Жалайр овгийнхныг ялж өөрийн албатаа болгосон ба түүхэнд Монгол овгийнхонтой салшгүй холбоотой явж ирсэн. Мухулай жанжинг Жалайр овгийн хүн байсан гэдэг.

Жүрхин. Хабул хааны ахмад хүү Охинбархагийн хүү Сорхату-жүрхинээс Жүрхин овог үүсчээ. Нууц товчоонд гардаг найрны үeэр болсон зодооны гол баатар бөх Бури нь Жүрхин овгийн хүн байсан юм. Татаартай хийсэн дайны үeд Тэмүүжин Жүрхин овгийнхныг дуудаад зургаан өдөр хүлээгээд хариу авч чадалгүй тулалдаанд явсан юм. Мөн наймангууд Тэмүүжиний овгийг довтлон дээрэмдэх үеэр Тэмүүжин өөрийн 60 хүнийг илгээж Жүрхинээс хүч гуйсан боловч тэд арван хүнийг нь алаад үлдсэн хүмүүсийнх нь хувцсыг тайлуулан доромжилсон аж. Түүний улмаас Тэмүүжин 1196-1197 онуудад Жүрхиний эсрэг дайлаар мордон дарж Бури-г өөрийг нь ч алсан юм.

Вангу. Найманууд Тэмүүжинтэй дайтах үеэрээ Цагаан хэрмийн хойно Зүрчидийн ойролцоо байсан Вангу овгийнхонд элч илгээж холбоотон болох хүсэлт тавьсан боловч Вангу толгойлогч элчийг баривчилж аваад Тэмүүжинд тушаажээ. Тэмүүжин Найманыг довтлох үеэр Вангу-гийн толгойлогч нь холбоотон болж оролцсон. Эдгээр хүмүүс монголчуудаас нэлээд өөр хүмүүс байсан ба эртний Шатуо Түрэг гарлын хүмүүс гэж үздэг аж.

Жадран. Жамух бол Тэмүүжинтэй цусан төрлийн ах дүүс, монгол овогтон. Жамух Тэмүүжин хоёрын эхний тулаанд үнэндээ Жамух ялсан аж. 1196 оноос Тэмүүжинг ахин сэхэж ирэхээс өмнөх 10 жилийн явдал түүхэнд бичигдээгүй. Түүхчид Жамухтай хийсэн тулалдаанд ялагдсан Тэмүүжин Зүрчидийн нутагт хоргодож арван жилийг өнгөрөөсөн гэж үздэг аж.

Тайчууд. Тайчууд нь Хиад овгийн салбар бөгөөд Амбагай хааны үeд тайчууд хэмээх нэрийг авсан бололтой. Боржигон, Тайчууд хоёр овгийн хоорондын тэмцэл нь Eсүхэй баатрыг нас барсны дараагаас эхэлсэн. Зарим эрдэмтэд Өлүн үжин бэлэвсэн хоцроод уламжлал ёсоор Eсүхэйн дүү нарын нэгтэй суух байсныг эсэргүүцсэнээс үүдэлтэй гэжээ. Тэгээд л хэдэн балчир хүүхдийн хамт нутаг дээрээ хаягдсан аж. Тайчууд нь Жамух, Тэмүүжин хоёрын тэмцлийн үeд Жамухын талд зогссон гол овог юм. 1200-1201 онуудад Тэмүүжин Жамухыг дарах үeдээ мөн Тайчуудыг устгасан. Шийдвэрлэх тулаан Халх голын ойролцоо болсон бөгөөд Тэмүүжин Тайчуудын эр хүйстэйг нь хядаж эмс охидыг нь олзлон авчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *