Өнөөгийн байдлаар Налайх хотын хэмжээнд нүүрсний 35 ашиглалтын тусгай зөвшөөрлийг 31 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Гэвч энэ аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа улирлын чанартай, тэнд ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл хүнд байдгаас гадна зөвшөөрөлгүй 45 ам, цооногуудад 600 гаруй хүн ажиллаж буй юм.
Тиймээс Засгийн газраас Налайхын нүүрсний ордын үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий нөөцийг тогтоон, стандартад нийцсэн техник, технологи бүхий далд уурхайг байгуулах боломжийг судалж, шийдвэрлэх үүргийг холбогдох байгууллагад өгсөн.
Энэ дагуу “Сүмбэр Худаг” ХХК Налайхын ордын баруун урд хэсэгт нарийвчилсан хайгуул хийж, 27.8 сая тн нүүрсний нөөцийг тогтоожээ. Уг нөөцөд тулгуурлан гүний уурхай байгуулахТЭЗҮ-ийг боловсруулсан байна.
Тус уурхай ашиглалтад орсноор жилд 700-1000 мян.тн нүүрс олборлож, орон нутгийн төсөвт 3-4 тэрбум төгрөг төвлөрүүлж, 700 гаруй ажлын байр шинээр бий болох аж.