Categories
мэдээ цаг-үе

Малчны хотонд нялх төлийн дуу цангинах тал нутгийн хавар

Монголын хээр талд нялх төлийн дуу цангинаж байна. Ирж буй цагийн эрхээр хөх уулс цасан хөнжлөө “тайлж”, жалга судаг даган шар ус хоржигнон урсаж, нал шал болох ажээ. Шаргал өвс найгасан хээр талын энгэр дэх адууны захад гүү унагалж, хаваржаандаа буугаад удаагүй хот айлын бууцны хөлд хонь хургалж, ямаа ишиглэх. Эх дэлхийн эргэлтээр урин хавар айлчилж, бүх зүйлс үндсээ түрэн ургах ногоо шиг л шив шинэхнээр төлжин ургаж эхэлсэн цаг. Ийм л хаврын нэгэн өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумыг зорин гарав. Түмэнцогт сумаас чанх урагшаа хөндий талаар давхисаар Д.Амарбаатарын гэрийн гадаа очлоо. Гурван азарга адуугаа гэрийнхээ гадаа хураачихжээ. Том хүү А.Ганзул сунайсан урт уурга барьчихсан адууныхаа цаагуур орон давхиж яваа харагдлаа. Харин Д.Амарбаатар биднийг тосч ирэн мэнд мэдэлцээд гэр рүү нь хамт орцгоов. “Шинийн наймны билэгт сайн өдөр хотоос сурвалжлагч ирлээ. Та нарыг ирэхээс өмнөхөн хэдэн үрээгээ хөнгөлчихөөд сууж байна. Одоо нэг үрээ бариад авчих юм бол адуу хөнгөлөх ажил дуусах гээд байна” гэсээр угтав. Ийнхүү биднийг гэрт мэнд мэдэлцэж байтал “Хазаар хурдан аваад ирээрэй” хэмээн том хүү А.Ганзул нь хашгирах сонсогдлоо. Д.Амарбаатар ч ухасхийн гэрийн баруун хатавчнаас суран хазаар бариад гараад гүйв. Хангал эмнэг бололтой ухаа зээрд үрээг арай гэж оосорлож байна. Ухаа зээрд үрээний чихийг мушгиж байгаад чөдөрлөж, хатуу хийж унагаад хөнгөлөв. Хоёр төмсгийг нь суга татаж гаргаж ирээд “Өднөөс хөнгөн сумнаас хурдан эдгэх болтугай” гэх ажээ. “Хаврын хахир цагаар ийм эрт үрээ хөнгөлдөг нь яаж байгаа юм бэ. Ногоонд цадсан хойно хөнгөлдөг юм биш үү” гэж илүү үглэж яриа өдлөө. Гэрийн эзэд инээд алдаж байснаа “Өдийд үрээ хөнгөлчих юм бол хөнгөн байдаг юм аа. Дулаан орж, ногоо гарчихсан хойно хөнгөлсөн үрээнүүд өтөөд хэцүүддэг. Өдийд бол шарх нь ч хурдан эдгэдэг. Энэ жил хэдэн үрээгээ уях гэж байгаа юм” гэлээ. Зассан үрээнийхээ төмсгийг шарж байх зуур мал төллөлтийн талаар яриа өрнүүлэв. Д.Амарбаатарынх өнөө жил 900 гаруй мал тоолуулсан байна. Үүнээс 500 орчим нь төллөх гэнэ. 300 гаруй бог, 200 орчим бод мал төллөх ажээ. Арав гаруй үнээ тугалсан байв. Харин 200 гаруй ишиг, хурга том болжээ. Малчдын хэлдгээр ёстой л ид “асгаж” байлаа. Саравчны мухрын пүнзэнд ишигнүүдээ оруулжээ. Цаг агаар дулаахан, салхи багатай байгаа болохоор хургаа эхтэй нь хамт хаваржааны баруун хойно бэлчээрт гаргачихсан байлаа. Өнгөрсөн хавар Түмэнцогт сумын нийт газар нутгийн 90 гаруй хувь нь түймэрт өртсөн. Нутгийн айлууд түймэрт малаа алдаж хэцүүдсэн билээ. Тэгвэл түймэр гарсны дараахан хэд хоног усархаг бороо өдөр шөнөгүй орж ногоо суга суга ургасан гэнэ. Бүртийсэн хар тал төд удалгүй ногоорч, хүн малын зоо тэнийжээ. Өнгөрсөн жил Түмэнцогтод өнөтэй өвөл болсон гэнэ. Малчид ч хадландаа намар эрт гарч, өвс сайн бэлдэж авсан байна. Өнгөрсөн өвлийн цас, их хүйтний үеэр айлууд малаа хашаа хорооноосоо гаргалгүй боодолтой өвс тавьж өгсөөр урин цагтай золгожээ. Мал ч тарга тэвээргээ алдалгүй онд орж. Д.Амарбаатарынх гурван мянган боодол өвс намар бэлдчихсэн байна. Одоо мянга гаруй нь үлджээ. Ногоо гартал өдөр бүр малдаа тавьж өгсөн ч хангалттай хүрнэ гэдгийг гэрийн эзэд ярив. Ямар ч цасан шуурга болсон айх аюулгүй гэнэ.

А.Ганзул ишиг, хурганы уут үүрээд хонио хариулахаар явлаа. Гэрийн эзэгтэй Н.Цэцгээ ишгээ голсон хар ямаанд ишгийг нь авахуулахаар боллоо.Малчид мал төллөлтийн үед хэдэн хором ч малаасаа хөндийрч болохгүй. Хамгийн хариуцлагатай цаг үе. Малчид хонин сүргээ бэлчээрт байсан ч салахгүй дагаж, үхэр бэлчээрлэж байгаа газраа байнга харуулдаж, адуугаа өглөө оройд эргэнэ. Шөнө сэрэмжтэй хонож, хотонд хонь хургасах, үхэр гунганах чимээг алдахгүй сонсох ёстой. Гүү унагалах үеэр бүр ч их ажилтай. Үүр цайх болоогүй үнэгэн харанхуйгаар адууныхаа захад очно. Цасан шуургатай үед унагалах гүүний хажууд өнжинө. Ингэж цаг наргүй хөдөлмөрлөж байж бүтэн жил гадаа гандаж хөдөө хөхөрч хэдэн мал хариулж байгаагийн үр шимийг хүртэнэ.

АДУУЧНЫ ГЭРТ ӨРНӨСӨН ЯРИА

Д.Амарбаатар зээрд азаргандаа шинээр гүү тавих ажилтай. Зүүн бүсийн наадамд хэдэн удаа айрагдчихсан хурдан зээрд азарганд нь нутгийнхан гүү тавьж төлийг нь авдаг болжээ. Өнөө жил хүний, өөрийн нийлсэн найман гүүг зээрд азаргандаа хураалгахаар болсон байна. Зээрд азаргыг найман гүүний хамт хашаанд хийж орхив. Эндээс бид хурдан удмын адууны талаар ярилцаж эхлэв. Түмэнцогт сум хурдан адууны өлгий нутаг. Улсын наадамд гурав дараалан түрүүлсэн Улс халзан азарга, Ембүү хээр, Шуурган зээрд гээд л хурдан адууны талаар яриа далгэв. Нялх төлийн дуу хотонд нь цангинаж байгаа Д.Амарбаатар аймгийн алдарт уяач. 2008 онд аймгийн алдарт уяач цол хүртжээ. Түүний аав Доржсүрэнгийнх Сүхбаатар аймгийн Уулбаян сумын алдарт Хүүхэн шүүлэнгийн гэгдэх алдарт хурдан хээр адууны угшилтай юм байна. Харин өөрөө Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул аймгийн алдарт уяач “Бураа” Ш.Пүрэвжавын угшлын адуутай гэнэ. Том жижиг 200 гаруй наадамд морь айрагдуулжээ. Сүүлийн жилүүдэд улс, бүсийн наадамд зургаан морь нь айрагдсан байна. Зүүн гурван аймгийнханд “Азарга сайн уядаг Д.Амарбаатар” хэмээн алдаршаад байгаа ажээ. Өвгөн ноёны наадам, “Нүүрэнтэй хурд” “Цэцэн хааны хурд”, Сүхбаатар, Дорнод аймгийн томоохон ойн баяр наадамд гурван цагаан азарга, зээрд, хүрэн азарга нь айрагдаж түрүүлсэн байна. Дандаа унаган адуугаараа уралддаг юм байна. Д.Амарбаатарынд саахалтын залуус ирлээ. Тэдэнтэй сүүлийн жилүүдэд улсын баяр наадам утгаа алдаад байгаа талаар яриа дэлгэв.

Монголын нэр алдартай уяачид, улстөрчид, бизнесмэнүүд нийлээд төрийн наадмын гол шүншиг цог хийморийг унтрааж байгааг тэд шүүмжлэв. Хаанаас нь ч харсан эрлийз адууг цэвэр монгол цустай гэж дайрсаар байгаад уралдуулдаг. Үнэтэй тариа тарьж хурд хүчийг нь нэмсэн эрлийз адуутай, борог өвс, шуудай тэжээлээр бордож, уясан монгол адуугаараа уралддаг. Яах ч арга байхгүй эрлийз адуу түрүүлдэг талаар ярив. Хэдийгээр тэр адуу нь эзэндээ нэр хүнд авчирч байгаа ч монголчууд үндэсний баяр наадмаар монгол адуугаа уралдуулж наадах нь сайхан, монгол наадмын шүншиг оршиж байгаа гэдгийг сум орон нутаг аймгийн уяачид сүүлийн үед ярьдаг болжээ. Мөн морин тойруулгын уралдаан Монголд хийх цаг нь болсон талаар ч ярих. Тэнд нь эрлийз, цэвэр цустай гадны морь уралдвал замбараагүй байдал үгүй болох байх гэж малчид ярьж байна лээ. Түмэнцогт сумаас баруун аймгийнхан хурдан адуу худалдан авах болжээ. Улс халзан, Ембүү хээр, Шуурган зээрд зэрэг олонд нэр алдар нь түгсэн адууны өлгийд дийлдэхгүй хурд бий хэмээн баруун аймгийн бэлэн мөнгөтэй залуус цувардаг болжээ. Наадамд огт уралдаж байгаагүй битүү үрээ угшил сайтай бол таван сая төгрөгт хүрдэг болсон байна. Залуусаас “Та нарыг хурдан адуугаа бусад аймагт зарчихаад өөрсдөө хурдан адуу байхгүй болж байгаа гэж олон хүн ярьж байна лээ” гэж асуутал бүгд инээх аж. Тэгснээ манай зүүн аймгийнхан хэдийгээр адуугаа үнэтэй зардаг ч саваа хэзээ ч зарж байгаагүй ард түмэн. Хурдан адуу гэдэг чинь сайн гүүндээ байдаг юм. Бид тэрийгээ хурдан адууны сав гэж ярьдаг. Сав нь нутагтаа байхад хурдан адуу хэзээ ч тасрахгүй шүү дээ. Бид ямар ч мөнгөтэй хүнд саваа зардаггүй юм” гэж хариулах ажээ.

Бага үдийн алдад А.Ганзул уут дүүрэн ишиг, хургатай ирэв. Хурга, ишгээ саравчинд үлдээгээд эргээд мордон давхив. Бэлчээрт улаан хүрэн үнээ нь тугалчихжээ. Тугал эх хоёрыг орой болохоос өмнө гэрийнхээ гадаа ойртуулахаар явж байгаа нь энэ аж. Д.Амарбаатар сүүлийн хэд хоног адууны захаас холдоогүй гэнэ. Хурдан буян олныг төрүүлсэн хээр гүү нь өнөө маргаашгүй унагалах гэж байгаа юм байна. Хээр гүүгээ унагалахыг нь хүлээж, өглөө үүрээр адуун дээрээ очиж, өдөржин адуун дээрээ өнжих болжээ. “Хааяа битүү хальстай унагалчихдаг юм аа. Яг унагалж байхад нь хажууд нь зогсож байгаад халуун чихийг нь атгаж авахгүй бол болохгүй. Хурдан буян төрөх ёстой “сав” байгаа юм. Эр унага төрөх болов уу гээд л горьдоод байна” гэлээ.

Нар баруун тийш хэвийжээ. Хотны хөлд бор толгойтой зусаг хонь хургалж байх ажээ. Тугалсан үнээнүүд мөөрсөөр айсуй. Хурга, ишгээ эхэд нь хөхүүлэх цаг болсон байв. Хашаанаас хурга, ишиг гаргах мөчид үр төлөө гэсэн ямаа, хонь, майлалдаж, эхийнхээ бүлээн сүүг хөхөх гэж тэмүүлэх нялх хурга, ишигний цолгиун дуу айлын хотонд хаврын найраг болон сонсогдох ажээ.

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *