Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Оджаргал: Таван толгойн гэрээтэй, гэрээгүй бид урдах ажлаа хийгээд л явна

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж байгаа зарим асуудалд “Энержи Ресурс” ХХК-иас албан ёсны мэдэгдэл гаргаж, компанийг ор үндэсгүй гүтгэж байгаа талаар мэдэгдсэн. Энэ үйл явдалтай холбогдуулан тус компанийн толгой “Mongolian Mining Corporation”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оджаргалаас тодрууллаа. Түүний хувьд гадаадад ажилтай яваа ч бидэнд утсаар товч тодруулга өгөхийг зөвшөөрсөн юм.

-Сүүлийн үед төмөр замын хэрэгт “Энержи Ресурс” компанийг холбогдуулан, баримтаа дутуу бүрдүүлж өгсөн гэх зарим мэдээлэл гараад байна. Тэр бүү хэл төр засгийг завших гэж байна гэсэн яриа байна. Үүсээд буй нөхцөл байдалд та хариулт өгөхгүй юу?

-“Энержи Ресурс” компанийн ТУЗ-ийн даргын хувьд над руу хандлаа гэж би ойлгож байна. Таны асууж байгаа зүйл бол бүтэн гурван жилийн өмнө төрийн гурван яам шалгаж, тогтоогоод дуусчихсан асуудал. Үнэхээр баримт дутуу өгсөн бол төрөөс хүлээж авахгүй байсан нь ойлгомжтой. Шалгагдсан бүх баримт, акт, дүгнэлт нь байгаа учир энэ тал дээр маргах шаардлага байхгүй. Болсон процесс маш тодорхой. Төмөр замыг хувийн хөрөнгөөр барихаар компани хөрөнгөө босгоод ажиллаж байсныг болиулаад, төрд шилжүүлж авна гэсэн. Үндэсний компани учраас концесс цуцаллаа гэж шүүх, арбитрт хандаагүй, хохирол, алдангиа хүлээгээд, хүлцэнгүй л явж байгаа. Магадгүй “Энержи Ресурс”-ын оронд гадаад компани байсан бол Концессын хууль, гэрээний заалтаа бариад арбитрт хандана. Гарсан бүх зардлаас гадна алданги, хохирол, олох байсан ашгийг нөхөж олгоно гээд Засгийн газар “Хан Ресурс”-ынх шиг асуудалд ороод, их хэмжээний өр төлбөрт унах л байсан байх.

-Таван толгойтой холбоотойгоор “Нүүрсчин нам” гэдэг ойлголтыг бий болгочихлоо. Улсын мөнгийг эрсдэлд оруулсны дээр “Энержи Ресурс”-ын санхүүгийн байдал хүндэрсэн гээд яригдаж байна. Тиймээс Таван толгойг 60 жилээр авахаар санаархаж байсан, өр төлбөрөө Засгийн газраар төлүүлэх гээд байна гэх юм?

-Монгол Улсад бүртгэлтэй намууд дотор “Нүүрсчин нам” гэж байдаг эсэхийг би мэдэхгүй. Элдэв нэр хоч өгч, хүмүүсийг талцан хагаралдуулах гэсэн оролдлого шиг л харагддаг. Хоёрдугаарт, Таван толгойд хөрөнгө оруулалт хэрэгтэй учраас гадаад, дотоод компаниудыг оролцуулна гэж төрөөс сонгон шалгаруулалт зарласан. Бид дур мэдэж Таван толгойд хөрөнгө оруулъя гэж очсон зүйл хаана ч байхгүй. Зарласан шалгаруулалтын нөхцөлийн дагуу материалаа өгсөн, оролцсон. Эхлээд тендерт шалгаруулсан хэдий ч сүүлд нь улстөржилт болоод гацсан. Тэр шийдвэр яаж гарах, хэнийг сонгон шалгаруулах нь төрийн мэдлийн асуудал. Бид Таван толгойн гэрээтэй, гэрээгүй бизнесээ, урдах ажлаа хийгээд л явах болно.

Гуравдугаарт, төр засаг хувийн компанийн өр төлбөрийг хариуцна гэдэг угаасаа боломжгүй, тийм ойлголт ч байхгүй. “Энержи Ресурс” компани санхүүгийн хувьд хүнд байгаа нь үнэн. Ганц “Энержи Ресурс” хүнд байгаа юм биш, дэлхий даяараа нүүрсний компаниуд бүгд тэсч үлдэхийн төлөө зүтгэж байгаа. Гэлээ гээд хувийн хэвшлийн компани учраас эрсдэлээ өөрөө л үүрч ирсэн, үүрэх ч болно. Цаашид өр төлбөрүүдээ хойшлуулах, нөхцөлүүдийг нь өөрчлөх гээд хөрөнгө оруулагч, зээлдэгчидтэйгээ ойлголцоод явж байгаа. Хөрөнгө оруулагчид ч зах зээлийн нөхцөл байдлыг сайн ойлгож байгаа.

“Энержи Ресурс”-ын дийлэнх хувьцааг “М-Си-Эс”, “Шунхлай”, “Петровис”, “Худалдаа хөгжлийн банк” гээд үндэсний компаниуд эзэмшдэг. Хувьцаа эзэмшигчид гээд муулуулаад л байдаг. Гэтэл бодит байдал дээр өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн ногдол ашиг аваагүй л явж байна. “Энержи Ресурс”-ын гадаад, дотоодоос татсан бүх хөрөнгө оруулалт эцсийн сохор зоос хүртлээ Монголын эдийн засагт, Монголын бизнесүүдэд, монгол хүмүүст шингэсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Олон юм яриад яахав, хэдхэн тоог л давтаад хэлье. Өмнө ч яригдаж байсан байх. “Энержи Ресурс” улсаас нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй, цэвэр хувийн хөрөнгөөр амьхандаа л өмнийн говийн бүсэд нүүрс, аж үйлдвэрийн цогцолбор байгуулчихсан юм шүү дээ. Өөрөөр хэлбэл улсыг нэг ч төгрөгийн эрсдэлд оруулаагүй.

2009 оноос хойш 760 тэрбум төгрөгийн татвар төлөөд, 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд, Монголын эдийн засагт хоёр тэрбум ам.долларын валютын экспорт оруулж ирсэн. Ухаа худаг төсөлд 2700 гаруй монгол компани 2.6 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлсэн байдаг. 2009 оноос хойших Монголын эдийн засгийн өндөр өсөлтөд оруулсан хувь нэмэр, далайцаараа Оюу толгойн дараа хоёрт орохоор л том хөрөнгө оруулалт. Улсынхаа ачаанаас ийм хэмжээгээр үүрэлцээд явж байгаа үндэсний компани юм шүү. Ийм тодорхой байхад “Хятадын компани, дампуурсан компани” гэх мэт гүтгэсэн, ад үзсэн яриа цөөн хэдэн улстөрчийн амнаас их гарах юм даа, хэлэх ч үг алга.

-Танай компанийг цагдаа, хүчний байгууллагуудад нөлөөлөөд байна гэсэн яриа ч гараад байна. Хувийн компани хүчний байгууллагуудыг хөдөлгөх тийм боломж үнэхээр байдаг юм уу?

-Үүн шиг худлаа зүйл байхгүй. Цагдаа, шүүхийн байгууллагад нэг компани байтугай ямар ч эрхтэн, дархтан нөлөөлөх боломж хуулиараа байхгүй биз дээ. Ер нь хууль, хүчний байгууллагаар асуудал шийдүүлнэ, нөлөөлнө гэдэг ойлголт манай компанийн бизнесийн зарчим, соёлд байгаа ч үгүй. Цаашид ч байхгүй.

-Таныг Х.Баттулга гишүүнтэй байнга эсрэгцүүлж ярьдаг. Дайсагнагч хоёр тал гэж хүртэл нэрлээд байгаа. Үнэхээр танд дайсагнах асуудал байдаг юм уу. Ерөнхийлөгчийн зүгээс “Х.Баттулга, Ж.Оджаргал хоёр нэг нутгийн хүмүүс. Өөрсдөө учраа ол” гэсэн үг хэлсэн байна лээ. Яг өөрөөс тань хариулт сонсмоор байна?

-Надад Х.Баттулга гишүүнтэй дайсагнах, асуудал үүсгэх ямар ч шалтгаан байхгүй. Та бүхэн анзаардаг бол миний зүгээс, манай компанийн зүгээс ч тэр Х.Баттулга гэдэг хувь хүнийг, эсвэл тэр хүний бизнес, улс төрийн карьерийг үгүйсгэсэн, шүүмжилсэн ямар ч зүйл ярьж, хэлж байгаагүй. Эсрэгээрээ манай компанид л байнгын дайралт, гүтгэлэг ирж байдаг шүү дээ. Ер нь бизнесийнхнийг зүгээр ажлыг нь хийлгэчихгүй улс төрийн элдэв бохир хэрүүлд татаж оролцуулдаг байдлаа болиоч ээ л гэмээр байна. Ялангуяа сонгууль дөхөхөөр бизнесийнхнийг улс төрд хутгаж хардах сэрдэх, гүтгэх асуудал маш их үүсч байна. Ийм их улстөржилтийн дунд дотоодын бизнесүүд хэвийн, тайван ажиллахад ч хэцүү юм.

Төр барьж байгаа улстөрчдийн зүгээс дотоодын аж ахуйн нэгжүүдээ үгүйсгэсэн, гүтгэсэн, доромжилсон зүйлсийг байнга ярих нь хэрээс хэтэрч байна. Өмнө нь Монголын улс төрд юу ч яригдаж байсан, “олгой хагаравч тогоон дотроо” гэдэг шиг гадаад ертөнцөд нэг их тардаггүй байлаа. Одоо бол Монголын улстөрчид юу ярихыг гадаад ертөнц үг алдалгүй чагнадаг. Тэгснийхээ дүнд хариу үйлдэл үзүүлдэг болсон. Энэ нь цаашаа Засгийн газрын бонд, зээлжих зэрэглэл, олон улсын нэр хүнд гээд эдийн засгийн утгаараа маш их халтай байна. Монгол Улсын ДНБ-ий 80 хувийг адлагдаад байгаа хувийн хэвшил л бүрдүүлдэг. Бизнесүүд хохирсноор татвар төлөлт, ажлын байраар дамжаад цаашаа жирийн иргэд л хохирдог шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *