Categories
мэдээ цаг-үе

Тэд цаг хугацааг эргүүлж авчрав

Цаг хугацаа өнгөрсөөр байгаа мэт боловч хүмүүсийн сэтгэл дэх цаг хугацаа, дурсамж дурдатгал яг л хэвээрээ байдаг юм байна. Үүнийг уржигдар Бөхийн өргөөнөө цугларсан олон түмэн батлав. Бөхийн өргөө рүү чиглэсэн бүх зам нэлээд алсханаас түгжирч эхэлсэн нь тэнд тоглолт болох гэж байгаатай, тэр дундаа Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан хоёр дахин хамтарч хандивын тоглолт хийх гэж байгаатай холбоотой ажээ. Үүднээсээ боодолтой өвс өндөрлөж ачсан машинууд, хурганы уут, ишигний нэмнээ, лаа, шүдэнзний худалдаа дүүрэн байгаа нь тэдний тоглолтын агуулгыг илтгэнэ.

Юу гэвэл хоёр гавьяат маань олон жилийн дараа анх удаа хамтарсан тоглолт хийхээр болсон. Тэгэхдээ малчин түмэндээ зориулж “Илгээлтийн эзэд” нэртэй хандивын тоглолт хийх болсноо зарласан юм. Талархаж цэцэг авчрахынхаа оронд нэмнээ, хурганы уут авчраарай гэж хүссэнийг үнэнч үзэгчид нь дагажээ. Бүгдээрээ л уяа оосор унжралдуулсаар, хөл тавих зайгүй Бөхийн өргөөнд сэтгэл хөхиүн нэгэндээ завсар гарган зайчлан суух нь содон байлаа. Арваас эхлэн уруудуулан тоолсоор нэг хэмээхэд С.Жавхлан гүйсээр гарч ирснээр тоглолт эхэлсэн, удалгүй тайзнаа олон жилийн турш гарч ирээгүй Т.Баясгалан гарч ирээд дуулахад үзэгчид… гээд элдвийг энд нуршихад илүүц биз ээ. Тэдний дуу болгон нь хит болж, дуу бүр нь үзэгчдийн цээжинд хоногшсон дуучид юм гэдэг нь эргэлт буцалтгүй тодорхой ажээ. Бүр олон жилийн турш сонсоогүй Т.Баясгалангийн дуу, тухайн цаг үедээ дуулиан тарьж байсан клипүүд нь олон хүний дурсамж, дурдатгалыг сөхөж байлаа. Самандын Жавхлан, Түвшинжаргалын Баясгалан нар бол Монголын урлагт өөрсдийн мөрөө үлдээж чадсан, нийтийн дууны салбартаа үзэгдэл болж чадсан уран бүтээлчид ажээ. Оюутны ширээнээс хослон дуулж, “Мөнхрөх ч биш дээ хоёулаа”, “Хонгорхон үр минь” дуугаараа олны танил болж байлаа. Аль аль нь хээгүй гүдэсхэн гэмээр зантай. Тэр зангаараа сүүлд амжилтад хүрсэн хойноо ч гоёлын ганц гонжоом, галзуу ганц цагаан даашинзтай байснаа нуулгүй ярилцлагадаа өгүүлж байсан хүмүүс. Тэд өсч том болжээ. Ингэхдээ араасаа бүхэл бүтэн хэдэн үеийн хослон дуулаачдыг, тэднийг сонсох үзэгчдийг бэлтгэн өгсөн. Бас үүнийхээ зэрэгцээ өөрсдөө ч өсч, өөр түвшинд аливааг харж чадах улсууд болсноо “Илгээлтийн эзэд” тоглолтоороо батлахыг хүсчээ. Уг нь “Илгээлтийн эзэд” нэр бол ямар ч уран бүтээлийн тоглолтын нэр биш л дээ. Гэхдээ тэд тоглолт хийгээд явдаг хуучны залуу уран бүтээлчид биш болсноо энэхүү “хачин” нэртэй хамтарсан тоглолтоороо баталж байна. Тэд нийгмийнхээ сайн сайхны төлөө дуугардаг зүтгэлтнүүд болж торнисон гэдгээ үүгээрээ харуулав. Тэдний хослон дуулахыг хүлээдэг, хардаг үзэгчид нь ингэж торниулж, ингэж төлөвшүүлжээ. Хоёр дуучны хувьд аль, аль нь хөдөөний амьдрал мэдэх хүмүүс. С.Жавхлан Увсын цэнхэр хязгаарт аравдугаар ангиа төгстөлөө, Т.Баясгалан өвөө, эмээ хоёрынхоороо Өвөрхангайгаар л байдаг байсан гэлцдэг. Тэгэхээр тэд хамгийн сайн мэдэх амьдрал, хамгийн амаргүй байдаг хахир цагаар малчдадаа туслахыг хүсчээ.

Дуугаа дуулахаасаа улс төр ярьж тэмцэл хийж явдаг С.Жавхлангаа, хүний гэргий болоод үр хүүхдээ асарч хэсэгтээ анир гүмхэн явсан Т.Баясгалангаа хараад дуунд дуртай олон нь ихэд баярласан биз ээ. Баясгалангийн жүжигчин Амараатай хамтран тоглосон хуучин цагийн клип гарахад “мэхний их дэлгүүр” хэмээн япончуудыг дуу алдан нэрийдэхэд хүргэсэн Д.Кёкүшюүзан маань хүү рүүгээ тонгойн зарим нэг зүйлийг тайлбарлан ярьж байгаа нь харагдсан. Бодвол хүүдээ ээж нь урлагийн хүн, амьдрал дээрхээсээ өөр олон дүрийг бүтээж байдаг гэдгийг тайлбарласан биз. Түүний дараахан тэрбээр хоёр хүүхдээ дагуулаад тайзнаа гарч ирж гэргийдээ цэцэг гардуулсан. Томоо болсон хоёр хүүхэд нь ижийгээ тайзнаа дуулахыг анх удаа харж байгаа гэж дуучин бүсгүй маань хэлж байна лээ. Тэгээд бодохоор үзэгч олон нь Т.Баясгалангаа санахаас аргагүй удаан хугацаанд хулжиж дээ гэж бодохоор байсан шүү. Гэхдээ тэр олон жил тайзнаа гараагүй гэхэд дуу хоолой нь хуучныхаараа байна лээ. С.Жавхлангийн хувьд өөлөхийн аргагүй дуучин. Ямар сайндаа “Би дуугаа сайн дуулдаг шиг улстөрчид ажлаа сайн хийдэг бол би ингэж явахгүй” гэж байхав дээ. Энэ тоглолт С.Жавхланг түр хугацаанд ч болов дээлээс нь салгаж, хар хослол өмсгөхөд хүргэсэн юм. Харин өөрөө үүндээ ихэд түүртэж байгаа бололтой, бачуураад амаргүй байна шүү хэмээж харагдсан.

Баясгалан, Жавхлан гэсэн нэр нийтийн дуунд үнэхээр брэнд юм байна. Брэндийг цаг хугацаа, шинэ брэнд ч дарж чадахгүй гэдгийг тэд өчигдөр баталлаа. Уухайлж ирээд алгаа хорстол таших тэр олон зуун үзэгчийн хувьд 13 жилийн дараа тайзнаа дахин гарч ирсэн хослон дуулаачид их баяр баясал, хүч энергийг өгсөн биз ээ. Хамгийн гол нь гозгор туранхай оюутан цагаас нь мэдэх тэр хоёр хүүхэд зангарагтай дуучид болж өсөхөөс гадна нийгмийнхээ ачааг үүрч, дүүрч явах эрхмүүд болсон гэдгийг олонд харуулж өглөө. Хавар цагийн хахир хатууг хэн хүнээс илүү мэдэх тэдний энэ сэтгэл олон зүтгэлийг араасаа дагуулах биз ээ. Баярлалаа, нэг ангийн хоёр гавьяатдаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *