Categories
мэдээ цаг-үе

Тоондоо гаргууд хөдөлмөрч ангийнхан

МУИС-ийн Физик-Математикийн факультетийн математикийн ангийн 1978-1982 оны төгсөгчдийг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. Энэ ангид анх 52 хүүхэд элсэн орж байсан ч 47 хүүхэд төгсөж байжээ. Ихэнх нь хөдөөнөөс хуваарилагдаж ирсэн байна. Ангийн онц сурлагатны тоонд Б.Адъяасүрэн, Мөнхбаатар, Сугар нар ордог байж. Тэд ерөнхий боловсролын сургуулийн олон олимпиад тэмцээнд амжилт гаргадаг байсан гэнэ. Ихэнх нь эрэгтэй хүүхдүүд байсан ч хамгийн эвтэй, нөхөрсөг анги байжээ. Анги даасан багш нь шатрын бодлогын олон улсын хэмжээний мастер С.Чимэдцэрэн байв. Декан нь академич А.Мекей байсан аж. Багш нараасаа их юм сурсан хэмээн дурсан ярих дуртай гэж Нэргүй хэлсэн юм.

Математикийн ангийнхан ангийн даргаараа Ц.Бямбадоог сонгож байжээ. Ангийн даргаа сонгосон түүхээ ярьж одоо болтол хөгжилддөг гэнэ. Даргаа сонгосон түүхээ С.Баярсайхан “Ангийн даргад Ц.Бямбадоо, Мөнхбаатар, Нэргүй гурав өрсөлдөж байв. Муу даргыгаа уйлуулан байж сонгож билээ. Их уйланхай хүүхэд байсан л даа. Нөгөө хоёр нь дарга болох гээд Бямбадоог шүүмжилчихсэн чинь уйлчихсан. Тэгээд л ангийн дарга болсон юм даа” гэж яриад инээв. Үргэлжлүүлээд “Тухайн үед ангийн дарга оюутныхаа стипентийг өгдөг байсан юм. Заримдаа хичээл тасалчихаар ангийн дарга стипентийг маань хасчихна. Тэрнээс болоод олон удаа даргыгаа уйлуулсан даа” хэмээн ярилаа.

Байгалмаа “Манай ангийнхан их хөдөлмөрч хүүхдүүд байсан. Хавар, намар, зуны ажилд ангиараа явна. Тэгэхэд их эвсэг. Ер муудахгүй шүү. Бидний хийсэн ажил Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд үлдсэн дээ.

Тухайн үед барилгын өрлөгийг хийж байшингийн суурь өрж байлаа. Намрын ажлаар Жаргалант, Октябрийн сангийн аж ахуйд очиж төмс хураадаг байсан” хэмээн ярив. Нэргүй “Намар, зуны ажлаар зав гармагц л шатар, даам их тоглодог байсан. Багш маань шатрын хүн учраас бидэнд шатар тоглох ухааныг зааж өгсөн хэрэг” хэмээн нэмж хэллээ.

Ихэнх нь хөдөөнөөс ирсэн болохоор дотуур байранд амьдардаг байжээ. Бөөнөөрөө цуглаж нэгнийдээ хичээл хийнэ, эсвэл ангидаа сууж тоо боддог байсан гэнэ. Тухайн үед бусад ангийн хүүхдүүдэд тоог нь бодож өгөөд хоол хийлгүүлж иддэг байсан аж.

С.Баярсайхан “УИХ-ын гишүүн Гончигдорж манайд алгебрын багш байсан юм. Манай Адъяасүрэн Х, 0 гээд дарааллаар тав болохоор хождог тоглоом байдаг шүү дээ. Тэрийг Гончигоо багштай тоглоод нүүхээр нь л “Тэгж нүүдэг юм уу” гээд загнаад байж билээ” хэмээн инээв.

Үргэлжлүүлж Лхагва “Алгебр, геометрийн тэнхимийн эрхлэгч гавьяат багш Санж хичээл дээр тамхи татдаг байсан. Тухайн үед ВТ гээд таван төгрөгийн үнэтэй болгар тамхи татна. Самбарын хажууд суугаад тамхиа угсруулаад л татаж гарна. Тэгснээ шохойгоор самбар дээр тоо биччихээд л тамхиа татахаар хамар, ам нь шохой болчихдог байсан. Их л чөлөөтэй хүн байсан даа. Бид эхлээд л инээд хүрээд байдаг байсан ч сүүлдээ хичээлдээ л анхаардаг болсон” хэмээн дурсав.

Эдний ангийн хамгийн сахилгагүй нь Нэргүй байсан гэнэ. Идэвхтэй нь Оюунцэцэг, Мөнхжаргал нар байжээ. Спортлог нь уулын спортын мастер Байгалмаа юм байна. Авьяаслаг нь Лхагвадорж аж. Тэрээр сургуулийнхаа урлагийн үзлэгт ангийнхныгаа авч гардаг ганц хүү байж. Чадварлаг сайн гитар тоглодог учир сургуулийн урлагийн үзлэгээр нэгдүгээр байр эзэлсэн удаатай гэнэ. Ангийнхан хамгийн даруухнаараа Энхжаргалыг нэрлэж байв.

Төгсөлтийн баяраа хэрхэн тэмдэглэсэн талаар С.Баярсайхан “Соёлын яамны дарга Д.Цэгмид төгсөгчдөд их сургуулийн хоёрдугаар байрны улаан буланд диплом, ромбо гардуулж үг хэлчихээд нийллэг хийж болохгүй шүү гэсэн. Ангийнхан маань нууцаар ангийн багшийн Хүрхрээгийн зуслангийн ам руу очиж тэмдэглэж байлаа. Хамгийн инээдтэй нь багшийндаа очоод найрлаж байгаад хоносон чинь маргааш өглөө нь тарваган тахал гарчихдаг байгаа. Хорио тогтоочихсон болохоор зарим хүүхдүүд нь уул давж зугтаад хотод ирж байсан. Зарим нь үлдчихээд хорио гартал тэндээ байсан шүү. Тэр үед тарваган тахал гарсныг мэдэхгүй манай багш тарвага авчирчихсан бид чинь найрлаж байлаа шүү дээ” хэмээн хөгжилтэй яриа дэлгэлээ.

Хоорондоо эвтэй байдаг эдний ангиас таван хос төрсөн байна. Үүнийгээ бид бие биенээ хайрлаж хүндэлдэг байсан учраас л ийм олон хос төрсөн хэмээн ярьж байсан юм. Ангийн анхны хос Д.Лхагва Алтантуяа нар гэнэ. Түүнээс цааш Адъяасүрэн Эрдэнэсувд, Ганбаатар эмэгтэй Буянхишиг, эрэгтэй Буянхишиг Ж.Мөнхжаргал, Мөнхбаатар Алтанцэцэг гээд дөрвөн хос нэмэгдэж гал голомтоо бадраасан гэнэ. Гэр бүлийн найзууд учраас ангийнхан үргэлж нэгэндээ дэмтэй, холбоотой байдаг аж.

Сургуулиа төгссөн ч жил бүр ангиараа уулздаг бөгөөд хоорондоо үргэлж холбоотой байдаг гэнэ. Энэ жил эдний ангийнхан сургуулиа төгсөөд 30 жил болж байгаа юм байна. Уг тэмдэглэлт баяраа ангиараа цуглаж Төв аймгийн Манзуширын хийдэд тэмдэглэсэн юм байна.

Ангийн хүүхдүүд одоо салбар бүртээ үлгэр жишээ болж, амжилттай ажиллаж байгаа аж. Ангийн бахархал болсон доктор профессор Б.Адъяасүрэн МУИС-ийн анализийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаа. Ангийн дарга Ц.Бямбадоо 111 дүгээр сургуулийн захирал болсон аж. Имамагзам Баян-Өлгий аймагт Боловсролын төвийн дарга хийж байгаа хэмээв. С.Баярсайхан ШУТИС-ийн математикийн ахлах багш бөгөөд Төв аймгийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан гэнэ. Уулын спортын мастер Байгалмаа 13 дугаар сургуулийн захирал юм байна. Мөн Борис 13 дугаар сургуулийн мэдээлэл зүйн багш хийдэг бөгөөд тооцоолон бодох техник буюу одоогоор компьютерийн программ хийхэд ихээхэн хувь нэмэр оруулсан нэгэн аж. С.Нанзай Баянхонгор аймгийн Байдраг сумын Засаг дарга юм байна. Ангийн андууд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга Т.Ганболд агсан, Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Мөнхбаатар агсан нарыг үргэлж санан дурсдагаа ярьж байлаа.

С.АРИУН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *