Categories
мэдээ соёл-урлаг

Б.Батболд: Хамтлаг, дуучид цомгоо пянзаар гаргах хүсэлтэй болоод байгаа

Дуу хөгжим сонирхогчдын дунд пянз эргээд моодонд орж байгаа гэнэ. Хамтлаг, дуучид пянзан дээр дуугаа бичүүлэх сонирхолтой болж, түүнийг нь шимтэн цуглуулагчид ч нэмэгджээ. Пянз цуглуулагч Б.Батболдтой энэ талаар цөөн хором ярилцлаа.

-Та яагаад ховор сонин пянз цуглуулах болов?

-Би анх Японд дуучин Quiza-тай хамтарч нэг дуу хийгээд түүнийгээ Японы компаниар пянзан дээр бичүүлж байсан юм. Тэрнээс хойш л сонирхож, цуглуулж эхэлсэн дээ. Гэхдээ сүүл рүүгээ зөвхөн өөрөө л сонирхож цуглуулна гэхээсээ бусдад түгээх санаа төрсөн.

-Хуучны ховор пянзнуудаа хаанаас хэрхэн авсан бэ?

-Дийлэнх нь хуучин социалист орнуудын пянз байгаа юм. Бүгдийг нь л монголчуудаасаа худалдаж авсан. Тухайн үед манайхан гадаад орнуудаар явахдаа авчирсан гээд маш үнэтэй, 1930-аад оны герман пянз ч бий. Тухайн үед нийгмийн байдал болон бусад шалтгаанаас барууны пянзнуудыг оруулж ирдэггүй байсан. Тийм болохоор ихэвчлэн социалист орнуудын пянзнууд л байна. Энэ бүх пянзаа ер нь чамгүй үнээр олж авсан шүү. Хүмүүс хааяа зарах уу гэж санал тавьдаг л юм.

Хүмүүст үнэтэй зарсан тохиолдол бий юу?

-Пянз 70, 80-аад оны үед эрчээ авч байгаад яваандаа хэрэглээ нь багассан. Тиймээс шинэ үеийн залуучууд сайн мэдэхгүй байгаа юм. Харин сүүлийн үед хүмүүс их ирж, пянз сонирхох болоод байгаа. Жуулчид их ирдэг. Тэд ховор, үнэтэй пянз худалдан авдаг юм. Ялангуяа монгол дуутай пянзнуудыг их сонирхдог. Саяхан BBC-д миний цуглуулгын тухай нийтлэгдсэн байсан. Түүний дараагаар гадаадад пянзны дэлгүүр ажиллуулдаг хүмүүс над руу пянз явуулсан.

-Монголд пянз тоглуулагч ямар үнэтэй худалдаалагддаг вэ?

-Үнийн хувьд бол 30-30000 долларын хооронд чанараасаа шалтгаалаад өөр өөр байдаг. Энгийн сонирхогчдод зориулсан пянз нь боломжийн үнэтэй.

Та пянзны үе эргэн ирж байна гэж ярьсан?

-1990 оноос хойш технологийн энэ их хөгжилд дарагдаж байсан, гэхдээ буцаад хуучны зүйлс эргэн ирж байна. Пянз их удаан хадгалагддаг болохоор утас ч юмуу mp-ээс хамаагүй илүү үлдэцтэй. 1980-аад оноос хойш пянз хэрэглэхээ больсон ч хэсэг дуучид, хамтлаг өөрсдийн цомгоо гаргасаар л байсан. Мэдээж тоо ширхгийн хувьд маш бага хэмжээгээр бичүүлдэг байсан. Харин жил ирэх тусам энэ тоо ихэсч байгаа. Монголын хувьд Lemons, A Sound гэх хамтлагууд цомгоо пянзаар гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна лээ.

Би зөвхөн пянз биш өөр хуучны дамартай хальс, тоглуулагч, хуучны радио зэргийг бас сонирхдог л доо. Иймэрхүү зүйлс овор ихтэй болохоор хүмүүс авчирч чадахгүй тохиолдол байдаг. Маш үнэтэй ховор зүйлийг бүр яг шинээр нь сайн хадгалчихсан, дээрээс нь дагалдах пянзнууд нь хүртэл маш сайн чанарын, өнгөлөг, уян пянзнууд хүртэл байдаг.

-Орчин үеийн залуучууд ухаалаг утсаараа хөгжим их сонсох болсон. Нэг талдаа хөгжил ч, нөгөө талаараа хөгжмөөс мэдрэмж авах талдаа дутмаг байх. Та үүнийг юу гэж боддог вэ?

-Пянзны үе эргээд ирж байна гэж үүнийг л хэлээд байгаа юм. Одоо дууг ямар ч асуудалгүй шууд л утсаараа сонсдог болсон. Гэхдээ төдий чинээгээрээ тухайн хөгжимд анхаарч байгаа байдал, хандлага суларч байгаа юм. Байнга л утсан дээр нь байдаг болохоор тоож, бүр анхаарлаа хандуулахаа ч больчихдог. Харин пянз илүү бодитой. Пянзыг харьцагнаас нь гаргаад өөрийн гараар бариад тоглуулна гэдэг нь тухайн хүний анхаарлыг нь илүү татаж, тухайн дуунд нь төвлөрүүлдэг гэсэн үг. Пянзан дээр дуу бичих технологи нь бусдаас өөр, тоон систем, дижитал систем үүсэхээс өмнөх технологи л доо. Тиймээс ч чанарын хувьд шал ондоо. Мөн дээрээс нь хэлбэр дүрс, том жижиг, оврын хувьд бүх л зүйл нь онцгой. Бичлэгийн хувьд маш онцлог, чанга дуугардаг. Пянзны хадгалагдах хугацаа хязгааргүй. Яг зөв зааврын дагуу, тохиромжтой газарт хичнээн ч жил хадгалж болно.

-Пянз сонирхогч залуус хамтарч ямар нэг үйл ажиллагаа зохиодог уу?

-Бид өөрсдийн хүрээнд үдэшлэг хийдэг. Үдэшлэг гэхээр л хүн ууж идэн, архидан согтуурдаг гэж ойлгодог. Бидний хувьд өөр. Хөгжим сонсож, бие биетэйгээ соёлтой яриа өрнүүлэхийг зорилгоо болгодог юм. Мөн илүү олон хүмүүст энэ бүгдийг түгээн дэлгэрүүлэх хүсэлтэй байдаг.

Өнгөрсөн 12 сард Германаас DJ ирж пянзаар яаж DJ хийхийг бидэнд зааж өгсөн. Сүүлийн үед технологи хөгжөөд, янз бүрийн техникээр DJ хийгээд байгаа боловч, жинхэнэ DJ-ийг пянзаар хийдэг юм байна. Тиймээс өөрсдөө ч гэсэн сурч, сургалт зохион байгуулдаг. Удахгүй зун болох гэж байгаатай холбогдуулан янз бүрийн партийг зохиох бодол ч бий.

Ж.ХУЛАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *