Гэр хорооллын иргэдийг усаар хангадаг гүний болон зөөврийн худгууд цахимжаж, цагийн хязгааргүй ажилладаг болжээ. Нийслэлийн хэмжээнд төв шугамд холбогдсон 374 худаг, усаа зөөвөрлөж авдаг 270 худаг байдаг. Эдгээрээс эхний ээлжинд 20 нь ухаалаг системд холбогдсон байна. 2016 ондоо багтаж дахин 100 худгийг ухаалаг системд холбох аж. Ингэснээр иргэд тусгай суурилагдсан автомат төхөөрөмжид карт уншуулан, усны савныхаа хэмжээг литрээр тооцон тохируулан усаа авдаг болжээ. Цахим төхөөрөмжид шилжсэн худгийн ойролцоо аж төрдөг таван мянган өрх, айлын 30 орчим мянган иргэнд ус авах төлбөрийн картыг нь үнэгүй тараасан аж. Усны төлбөрийн карт нь автобусаар зорчих төлбөрийн карттай яг ижил. Нэг литр ус нэг төгрөг гэж тооцон тухайн иргэн өөрийн боломжоороо Хаан банкид очин, Ус сувгийн удирдах газрын данс руу мөнгөө хийж картаа цэнэглэх юм. Цаашид Ус сувгийн удирдах газар үүрэн телефоны оператор компаниудтай хамтран ажиллаж, “Мобиком”, “Юнител”-ийн урамшууллын “candy”, ”GG” оноог төлбөрийн картад шилжүүлдэг болох аж.