Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ өнөөдөр /2016.03.21/ бүтээн байгуулалтын ажилтай танилцав.
“Аймаг бүрт 1000 айлын орон сууц” төслийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн 246.7 сая төгрөгийн санхүүжилтээр Баянхайрхан багийн ард орон сууцны хороолол бий болгохоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийлгэж, гадна инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтцийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгүүлэн эхний ээлжинд 120 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн болохыг аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Улсын Их Хурлын даргад танилцуулав. Энэхүү орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөөг дугуйн замтай байхаар төлөвлөсөн нь бусад аймгуудын төлөвлөлтөөс давуу гэдгийг тэрээр хэлж байсан юм.
Говь-Алтай аймгийн төв түүхэн хөгжлийн хугацаандаа ердөө 15 км хатуу хучилттай автозамтай байсныг 2 жилийн хугацаанд 7.8 км-ээр нэмэгдүүлж, энэ ажилд 6.2 тэрбум төгрөг зарцуулсан байна. Аймагт анх удаа автозамын ажлыг концессын гэрээгээр хийж хэрэгжүүлжээ. Түүнчлэн авто зогсоолын тоог 10-аар нэмэгдүүлж, 12660м2 талбай бүхий 360 гаруй машины хатуу хучилттай зогсоолыг 68 сая төгрөгийн санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн байна.
Улсын Их Хурлын даргын орон нутгийн томилолт Завхан аймагт үргэлжилнэ. Улсын Их Хурал, Засгийн газраас шийдвэрлэсний дагуу малчны зээлийн хүү болон орон сууцны ипотекийн зээлийн хүүг бууруулсантай холбоотойгоор Улиастай суман дахь Төрийн банкинд ажиллана. Түүнчлэн бүтээн байгуулалтын зарим ажилтай танилцаж, МСҮТ-ээр зочлон, орон нутгийн үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцана. Мөн Завхан аймгийн иргэдтэй уулзалт хийж, Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолуудын талаар мэдээлэл, танилцуулга хийхээр төлөвлөжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.