“Дэлхийн цирк Монголд-2016” тоглолт энэ сарын
26-наас эхлэх гэж байна. Энэ талаар “Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус
байгууллагаас мэдээлэл хийсэн юм. Тус байгууллагын хувьд дэлхийн тодотголтой уг
циркийн тоглолтыг уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ. Үүний ачаар бид
циркийн урлагтай танилцаж байна. Тухайлбал, энэ удаагийн циркийн тоглолтод
зөвхөн халуун оронд амьдардаг арслан, сармагчин, лам гөрөөс, одой морь зэрэг
олон ховор сонин амьтад оролцоно. Мөн орон орны төлөөлөл болсон шилдэг циркийн
уран бүтээлчид манай циркийн тайзнаа гарах нь ээ. Ингээд хэвлэлийн хурлын үеэр
тус төвийн тэргүүн Н.Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-“Дэлхийн цирк Монголд-2016”
тоглолтод 15 орны уран бүтээлчид оролцоно гэсэн. Аль улсын циркчид ирэх вэ?
-Энэ сарын 26-наас дөрөвдүгээр
сарын 10-ны өдөр хүртэл тоглохоор тов гараад байна. Нийтдээ 15 орны 70 гаруй
циркчид оролцоно. Хятад, Орос, Америк, Румын, Бразил, Испани, Итали, Франц,
Этиоп, Украин, Беларусь, Казахстан, Узбекстанаас циркчид ирэх юм.
-Энэ жилийн тоглолтын онцлог юу
вэ?
-Дэлхийн цирк гэж тодотгосны
учир бол олон улсын чанартай тэмцээнүүдэд алт, мөнгө, хүрэл цом хүртсэн
авьяаслаг циркчдийг Монголд урьж тоглолтоор нэгтгэдгээрээ онцлогтой. Тоглолтын
нэр жил бүр адилхан байдаг боловч үзүүлбэрүүд давтагдахгүй байх болно гэдгийг
энд хэлэх таатай байна.
-Ямар амьтадтай үзүүлбэрүүд
байгаа вэ. Өнгөрсөн жил арслантай үзүүлбэр гэж байгаад арслан ирээгүй санагдаж
байна?
-Энэ жилийн тоглолтод лам
гөрөөс, арслан, сармагчингууд, одой морь, сургуулилттай нохой зэрэг олон
төрлийн амьтад оролцоно. Эдгээр амьтад ерөнхийдөө ховорт тооцогддог гэж хэлж
болно. Дээрх амьтдыг эх орондоо авчрахаар бэлтгэл ажил бүрэн хангагдчихаад
байна.Өнгөрсөн жилийн тухайд хил дээрээс арслан буцаагдсан харамсалтай
тохиолдол болсон. Бид ямар учраас, ягаад буцаагдсаныг мэдэхгүй шүү дээ. Цаад
хариуцсан газар нь л мэдэж байгаа.
-Амьтад хэзээ ирэх вэ?
-Хэрвээ амьтдын талаар ямар нэг
эргэлзээ байгаа бол амьтад маань аль хэдийнэ манай улсыг зориод ирж байгаа
учраас эргэлзэх хэрэггүй гэж хэлмээр байна.
-Тоглолтод оролцох гэж буй
амьтдыг хаана байршуулах вэ?
-Амьтдын байрлах байрыг бид
зохих стандартын дагуу барьж байгуулж байна. Арслан, лам гөрөөс, одой морь
зэрэг нь ховорт тооцогддог халуун орны амьтад шүү дээ. Бидний зүгээс амьтдын
аюулгүй байдлыг өндөр түвшинд хангах хамгийн чухал. Байрлах байрнаас эхлээд
хоол тэжээлийн хувьд ч тодорхой арга хэмжээг авч байна.
-Халуун орны уур амьсгал
тодорхой хэмжээгээр амьтдад нөлөөлөх байх даа?
-Тэгэлгүй яахав. Манайх шиг эрс
тэс уур амьсгалтай орны цаг агаар мэдээж амьтдад нөлөөлнө. Ялангуяа арслан
нэлээдгүй дулаан орчинг шаарддаг амьтан л даа. Тийм учраас бид байрлах орчинд
их ач холбогдол өгч ажилласан, бэлтгэл ажил маань дуусчихсан байна.
-Шинэ содон үзүүлбэрүүдийн
талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Өмнөх жилүүдийн үзүүлбэр
давтагдахгүй. Онцлох үзүүлбэрүүд гэвэл үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байгаа
амьтдын үзүүлбэр байна. Мөн “Дэлхий циркийн хаан” гэж нэрлэгддэг агаарын
гимнастикийн үзүүлбэр байна. Энэ үзүүлбэрийг өмнөх жил хойд Солонгосын циркчид
тоглож байсан бол энэ удаад Беларусь, Украин улсын циркчид үзэгчдэд хүргэх гэж
байна. Агаарын гимнастикийг газрын үсрэлттэй хослуулж анх удаа гэж хэлж
болохуйц үзүүлбэр тоглоно.
-Ямар журмаар олон орны
циркчдийг эх орондоо урьж тоглолт зохион байгуулдаг юм бол?
-Миний бие өөрөө Монгол Улсын
тамирчдаа олон улсын тэмцээнд оруулах тал дээр нэлээд санаа тавьж ажилладаг. Би
олон улсын тэмцээнд шүүгчээр ажиллах үедээ гадаадын циркчдийн үзүүлбэрээс
сонгож албан ёсоор Монголд тоглох урилга өгдөг байгаа. Тэгэхээр энэ тоглолт яг
энэ бүрэлдэхүүнээрээ Монголд л ганцхан болно гэсэн үг.
-Дэлхийд алдаршсан циркчин
байгаа юу?
-Бүгд олон улсын тэмцээнд
оролцож алт, мөнгө, хүрэл цом хүртсэн циркчид байгаа. Тухайлбал, Оросын их
нэртэй алиалагч ирж байгаа. Энэ алиалагч олон улсын дөрвөн тэмцээнээс нэг
мөнгөн цом, гурван хүрэл цом хүртсэн мундаг алиалагч юм. Мөн Испаниас агаарын
гимнастикийн жүжигчин ирнэ. Дэлхийд цор ганц маш их эрсдэл дагуулдаг
элементүүдийг гүйцэтгэдэг жүжигчин ирж байна. Ер нь улс орны шилдгүүд ирнэ.
-Монголын циркчид ямар үзүүлбэр
үзүүлэх вэ?
-Монголын үндэсний циркийн
Номунбаатар ахлагчтай жүжигчид саяхан олон улсын тэмцээнээс алтан цом хүртсэн.
Шидэх банзнаас үсрэгчид гэсэн үзүүлбэрээрээ үзэгчидтэйгээ уулзах болно. Мөн Сэлэнгэ
багштай уран нугараачдын баг “хунгийн бүжиг” гэх цоо шинэ уран нугаралтын
үзүүлбэрээ үзүүлнэ. Монголын үндэсний циркийн агаарын гимнастикийн жүжигчид
оролцоно.
-Өмнөх жилүүдэд үзэгчдийн
хүсэлтээр өдрөө сунгаж дахин тоглож байсан. Ер нь циркчидтэй хичнээн хоногийн
гэрээтэй ажилладаг вэ?
-Циркчидтэйгээ 10+7 хоног гэсэн
гэрээ байгуулсан. Хэрвээ үзэгчид хүсвэл өдрөө сунгаж тоглох бүрэн боломжтой.
-Тоглолтын эхний өдрийн
тасалбар зарагдаж дууссан гэсэн. Хэдэн төгрөг гэж байна?
-Тасалбар 15000-30000 төгрөгийн
үнэтэй байгаа. Ийм үнээр дэлхийн хэмжээний циркийн үзүүлбэрийг үзнэ гэдэг маш
том боломж, бэлэг гэж ойлгож болно. Үзэгчид ч гэсэн их хүлээлттэй байх шиг
байна.
-Монголын циркчид олон улсын
тэмцээнд чамгүй амжилттай оролцож байгаа. Одоогоор ямар амжилт үзүүлээд байна
вэ?
-Өнгөрсөн оны есдүгээр сард
Москвад болсон олон улсын циркчдийн тэмцээнд Монголын үндэсний циркийн
Номунбаатар ахлагчтай “Шидэх банзнаас үсрэгчид, шидэлттэй акробат” үзүүлбэрээр
оролцсон. Энэ тэмцээнээс мөнгөн цом хүртсэн. Нийт 15 орны 130 гаруй циркчид
оролцсон. Бидний хувьд олон улсын анхны тэмцээн байсан л даа. Өнгөрсөн хоёр
сард болсон тэмцээнд алтан заан цом хүртсэн. Дараагийн тэмцээн маань энэ сарын
8-ны өдөр өндөрлөсөн. Тус тэмцээнээс “Алтан баавгай” цомыг эх орондоо авчирсан
байгаа.
-Таны хувьд олон улсын
тэмцээнүүдэд шүүгчээр ажиллаж байгаа. Ер нь шүүгчээр ажиллах урилга их ирдэг
гэж сонссон?
-Олон улсын тэмцээний шүүгчдийн
бүрэлдэхүүнд ажиллаж байгаа шүүгчдээс насны хувьд би хамгийн залуу нь байсан.
Жүжигчдээ авч яваад олон улсын тэмцээнүүдэд оролцуулах, өөрөө шүүгчээр ажиллах
хоёр их ялгаатай юм байна. Жүжигчдийн хувьд өөрийн улсын шүүгч байлаа гээд ямар
нэг ялгаа байхгүй. Тэмцээнд хамгийн шилдэг жүжигчид оролцож байгаа учраас
шилдгийн шилдгүүдийг л тодруулж шагнадаг. Нөгөө талаас ганц надтай холбоотой
асуудал биш юм. Монголын циркийн урлагийн түүхэнд улсаа төлөөлөн шүүгчээр
ажилласнаараа манай циркийн урлаг дэлхийд хаана яваа, хэр нэр хүндтэй байгааг
харуулж чадсан гэж би ойлгож байгаа. Одоогоор он дараалан гурван тэмцээнд шүүгчээр
ажилласан. Яг одоо хоёр ч олон улсын тэмцээнд шүүгчээр ажиллах санал ирсэн
байна. Тоглолт эхлэх гээд цаг хугацааны хувьд давхцаж байгаа учраас зарим нэг
тэмцээнд шүүгчээр ажиллах боломжгүй байгаа.
Э. АРИУНЗУЛ