Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Иргэний харьяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаантай ярилцлаа.
Иргэний харьяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа. Энэ хуулийн онцлог тал нь юу вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Иргэний харьяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн салшгүй нэг хэсэг бол Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт юм. Яагаад Иргэний харьяаллын тухай хуулийг шинэчлэн найруулж байгаа бэ гэхээр анх Иргэний харьяатын тухай хууль 1995 онд батлагдсан. Түүнээс хойш 4-5 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Хуульд олон дахин өөрчлөлтүүд ороод байхаар утга агуулгын зөрчилтэй, хэрэглэхэд төвөгтэй болдог тал бий. Үүнээс гадна өнөөдрийг хүртэл Монгол Улс иргэнээ алддаг хуультай явж ирсэн. 1995 оноос хойш 60 мянган хүн Монгол Улсын иргэнээс гарсан байдаг. Гэтэл мөн хугацаанд 200 гаруй хүн л манай улсын иргэн болсон. Түүнээс гадна 16 мянган хүн давхар харьяалал үүсгээд явж байна. Харин өргөн бариад байгаа хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар иргэнээ аль болох алддаггүй байх бодлого хэрэгжиж эхэлнэ. Аав, ээж хоёр нь Монгол Улсын иргэн, монгол хүн байхад нялх бяцхан үрийг нь гадаадад төрсөн, тэр улсын иргэн болчихсон гэдэг шалтгаанаар Монгол Улсын иргэн болгодоггүй, ирэхэд нь виз авахыг шаарддаг байлаа шүү дээ. Одоо ч үргэлжилж байгаа. Өөрийн хуулийг өрөөлийн хуулиас дорд үздэгийн жишээ гэх үү дээ. Өргөн барьсан хуулийн төсөл УИХ-аар батлагдаж, хууль болбол энэ байдал эцэс болж, өөрийн хуулиа өрөөлийнхөөс дээгүүрт тавьдаг болно. Энэ утгаараа Иргэний харьяаллын төрийн бодлогод агуулгын өөрчлөлт гарна.
-Уг хуультай холбоотой дагалдах хуульд өөрчлөлт орж байгаа юу?
-Тийм. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль зэрэг хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт орно. Тухайлбал: Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд ямар өөрчлөлт орж байна вэ гэхээр АНУ-ын ногоон карт, Европын Холбооны хөх карт гэж байдагтай төстэй Хөх үнэмлэхийг Монгол Улсад бий болгоё гэж зорьж байгаа юм. Уг үнэмлэх нь манай улсын хуулийн шаардлага хангасан гадаадын иргэн манай улсад ажиллах амьдрах, чөлөөтэй зорчих, суралцах боломж олгох юм. Үнэмлэхийн хугацаа эхний удаад таван жил, дараа нь арван жилээр сунгагдах боломжтой. Харин Төрийн албаны тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт нь давхар харьяалалтай эсэхийг мэдээлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.
-16 мянган хүн давхар харьяалал үүсгээд явж байна гэхээр маш том тоо сонсогдож байна. Энэ асуудлыг хэрхэн зохицуулсан бэ?
-Монгол Улсын иргэн өөр улсын иргэн болох гэж байгаа бол Иргэний бүртгэл, мэдээллийн төвд мэдээлдэг үүрэгтэй болно. Үүнээс гадна ажилд орохдоо, төрийн албанд орохдоо давхар харьяалалтай эсэхээ мэдүүлдэг болно. Ингэснээр манай төрийн ой санамж, иргэний бүртгэл сайжрах гээд олон талын ач холбогдолтой болно. Даяаршлын нөхцөлд улс хооронд хөрөнгө мөнгө, хүмүүсийн шилжилт хөдөлгөөн эрс ихсэж, түргэсэж байгаагаас улбаалж, өнөөдөр хоёр биш, гурав, хэд хэдэн улсын иргэний харьяалалтай болох явдал ч нэмэгдэж байгаа нь нууц биш. Гэсэн ч бид даяаршлын давалгаанд хөл алдах учиргүй, харин өөрийн гэсэн бодлоготой байж, түүнийгээ чанд хэрэгжүүлж чадвал харин ч хөгжил дэвшилд хүрэхэд дөхөмтэй нөхцөл бүрдэж байгаа.
-Гадаадад төрж байгаа хүүхдүүдийг яах вэ? Жишээ нь АНУ-д төрсөн бол тэр улсын иргэн болдог хуультай шүү дээ.
– Иргэний харьяаллын хөрсний зарчим, цусны зарчмаас улбаалж, хууль зүйн зөрчил, коллиз үүсдэг явдал бий. Гэвч бид өөрийнхөө хуулийг дээдлэх учиртай. Аав ээж нь монгол бол манай улсын иргэн гэж тооцно. Гадаадад төрсөн ч гэсэн Монгол Улсын хуулийн дагуу иргэнийхээ эрх эдэлж, үүргээ биелүүлэхийг шаардана. Харин насанд хүрээд Монгол Улсын иргэний харьяатаас гарна гэвэл ном журмаараа гарах учиртай. Түүнээс биш чи гадаадад төрсөн гэдэг шалтгаанаар иргэнээсээ хасах нь зохисгүй, Үндсэн хуулийн заалт, үзэл санаатай харшилсан явдал.
-Хэрэв Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдчихвал Хөх үнэмлэх олгож эхлэх юм байна. Энэ үнэмлэхийг ямар хүмүүст олгох вэ? Мэдээж тавигдах шаардлагуудыг тусгасан байх.
-Нэгдүгээрт, Монгол Улсын төрийн хэл, бичгийн мэдлэгтэй, монгол гарал үүсэлтэй хүмүүст. Хоёрдугаарт, Монгол Улсын хөгжил дэвшилд хэрэгтэй шинжлэх ухаан боловсрол, урлаг, спортод хэрэгтэй эсвэл шаардлагатай ажил мэргэжилтэй чадвартай хүмүүст. Гуравдугаарт, Засгийн газраас тогтоосон тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагчдад Хөх үнэмлэх олгоно. Эдгээр шаардлагыг хангасан хүмүүст эхний удаад таван жил амьдрах эрх олгоно. Цаашид хууль дүрэм зөрчөөгүй бол сунгаж болдог байхаар төсөлд тусгагдсан.
-Хөх үнэмлэх авсан гадаадын иргэнд ямар давуу тал бий болох вэ?
-Мэдээж хэрэг дуртай үедээ хилээр орж гарах эрхтэй, сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх эрхтэй болно. Гэхдээ энэ үнэмлэхийг авсан хүн Монгол Улсын иргэн болчихлоо гэсэн үг биш. Харин тодорхой хугацааны дараа иргэн болох хүсэлт гаргаж болно. Сонирхуулахад, энэ үнэмлэхийг авсан хүн монголд сурсан нэг жилийг хоёр жилээр дүйцүүлж тооцно, Засгийн газрын заасан тодорхой нутагт хөрөнгө оруулсан, ажилласан нэг жилийг 1,5 жилээр тооцож байхаар төсөлд тусгасан байгаа. Үүний цаана ямар бодлого байна вэ гэхээр шаардлагатай ажиллах хүч, хөрөнгө оруулалтыг өөрийн орондоо татья гэж байгаа юм. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар бол Хөх үнэмлэх олгох тухай ямар ч зохицуулалт байхгүй. Хөрөнгө оруулагчийн үнэмлэх гэж өгдөг. Түүнийг жил болгон сунгадаг, орж гарахад төвөгтэй байдаг талаар гомдол хэлэх хүмүүс их бий. Тиймээс энэ хөх үнэмлэхийг хөгжлийн шаардлагаар гаргаж ирж байгаагэж ойлгож болно. Ийм зохицуулалт гаж тогтолцоогүй бүх оронд бий. Арлын Сингапур, арабуудаар хүрээлэгдсэн Израиль, аврага эдийн засагтай АНУ, асар олон хүн амтай Хятад улсад ч байгаа. Хөрөнгө чинээтэй, бас эрдэм боловсролтой, нарийн мэргэжлийн хүмүүсийн төлөө улс орнууд өрсөлдөж байна. Харамсалтай нь манай оронд тийм ухаалаг, уян хатан бодлого үгүйлэгдэж ирсэн болно.
-Үүнээс гадна аялал жуулчлал хөгжих боломжтой юм байна гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яахав. Заавал бид газраа ухаж сэндийлэх албагүй. Монголынхоо унаган байгаль, монголчуудынхаа соёлын сонгодог их өвийг үзүүлэх, сурталчлах аялал жуучлал бол хөгжлийн нэг үүц яах аргагүй мөн. Өнгөрсөн жил, Германд болсон аялал жуулчлалын олон улсын хурлын үеэр Монголд ирэх сонирхолтой герман хүний тоо хагас саяд хүрсэн гэсэн. Өөр ч олон боломж байна. Жишээ хэлэхэд, түүхэн учир шалтгаанаар дэлхийн дайдад цацагдсан, өөрсдийгөө монгол гэж боддог олон сая хүн дэлхий дээр амьдарч байна. Тэдний дунд Монголд ирж үзэхийг, Бурхан халдуны хөлд залбирахыг, Чингисийн хөшөөнд мөргөхийг, Туулын уснаас тамшаалж үзэхийг хүсдэг хүмүүс олон бий. Зүгээр л уулзахад мэдрэгддэг. Харин тэднийг ирэхээр нь гомдоочих гээд байдаг дутагдлаа бид засах хэрэгтэй. “Алаг махны минь тасархай, Алтан ясны минь хэлтэрхий” гээд зорин ирсэн хүмүүсийг гомдооно гэдэг том нүгэл. Тэд ирэхдээ ганцаараа ирэхгүй, найз нөхдөө авчирна. Онгоцонд суухдаа мөнгө төлнө, зочид буудалд мөнгө төлнө, хоол иднэ, ноолуур, эсгий, арьсан эдлэл, бэлэг дурсгалын зүйл худалдаж авна. Аялал жуулчлал бол экспортын бизнес. Энэ нь манайд хамгийн ашигтай бизнес. Аялал жуулчлал олон ажлын байр бий болгохоос гадна орлого нь олон хүнд жигд хуваарилагддаг сайн талтай. Нэг жуулчин найман ажлын байр бий болгодог гэж ярьдаг. Нэг хайрханыг хэдэн ч хүнд, хэдэн ч удаа харуулж болно. Нэг ордыг нэг удаа ухаад л дуусгана. Тийм болохоор ухаалаг, зохион байгуулалт сайтай аялал жуулчлал бол хамгийн ирээдүйтэй, байгальд ээлтэй бизнес.
Товчдоо, УИХ-д өргөн барьсан хууль маань Монгол Улсыг хөгжилд хөтөлсөн, хөрөнгө оруулалтад тус дөхөм болсон эрх зүйн таатай орчныг л бүрдүүлэхээр зорьж байгаа юм шүү дээ.
-Манай улсад гаднынхан ажил хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдол нэлээд бий. Жишээ нь,вьетнамчууд машин засварлаж, жуулчны визтэй хятадууд барилга дээр ажиллаж байна. Эдгээр хүмүүст Хөх үнэмлэх өгөх үү?
-Манай улс расист улс биш, ардчилсан улс. Гэвч тийм боломжгүй. Зөвхөн хуульд заасан шаардлагыг хангасан хүмүүст олгоно. Төрийн хэл буюу монгол хэл, бичгийн мэдлэгтэй, Засгийн гараас тогтоосон хэмжээний хөрөнгө оруулсан, аль эсвэл Монголд нэн шаардлагатай мэргэжилтэй боловсон хүчинд олгоно. Түүнээс биш хууль бус оршин суугчдыг албажуулах гэсэн бодлого огт биш.
–УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцэж амжих болов уу?
-Хөгжлийн эрх ашигт нийцэж байгаа, нийгэмд хүлээлт үүсгэсэн энэ хуулийг УИХ маань хэдий чинээ эрт батална, төдий чинээ үр ашгаа эрт өгнө гэдэгт итгэж байна.