Categories
мэдээ цаг-үе

Дашхүүгийн Галбаяр: Аавынхаа “Диваажинд хүрэх зам” жүжигт тоглосныг нь хараад биширч билээ

Монголын театр, дэлгэцнээ дүрээ мөнхөлсөн жүжигчин Дашхүүгийн хүү Галбаяртай ярилцлаа. Түүнийг “Намрын синдром”, “Тагнуулч аав”, “Шуугиан таригч” киног найруулснаар нь хүмүүс андахгүй билээ.

-Аавын тань тухай дурсамжаар яриагаа эхэлье?

-Миний аав Баянхонгор аймгийн Богд суманд 1948 онд төрсөн. Богино хэмжээний курст суугаад малын эмч хийж байгаад цэрэгт явсан байдаг юм. Цэргээс халагдаж ирчихээд жүжигчин болно гээд л хот руу явсан юм билээ. Аав маань “Намайг тухайн үед жүжигчин болно гэхэд сумынхан маань бүгд гайхаж байлаа. Аав нь хотод ирээд Хүүхэд залуучуудын театрт ирээд шалгалт өгч, дагалдан жүжигчин болсон” гэж дурсан ярьдаг байсан. Ард түмэндээ хүрсэн дүр нь “Элдэв зургийн эзэд” л дээ. Одооны хошин урлагийн тоглож байгаа анхны өрөлтүүдийн суурийг тавилцсан хүмүүс бол МУГЖ Жанчивдорж, миний аав хоёр шүү дээ. “Элдэв зургийн эзэд” 1980-аад оноос хойш дөрөвдүгээр сарын 1-нд ганцхан удаа тоглогддог сайхан хөтөлбөр байлаа. Тэр хөтөлбөр яалт ч үгүй нуруун дээр нь 20-иод жил явсан байдаг.

-Аавынхаа тоглосон дүрээс хамгийн сэтгэлд хоногшсоныг онцолбол?

-Манай аав эрэгтэй хүн эмэгтэй хүний дүрд хувирч тоглоогүй байхад зориглож хийсэн хүн. Одоо ч хэвшмэл үзэгдэл болчихож.Тэгэхэд аав, Жааяа ах хоёр л бодож олоод “Хадам ээж, хүргэн” гэх үзүүлбэрээр нэлээд нэрд гарсан байдаг. Манай аавыг хадам ээжээр нь харж хүмүүс их ярьдаг байсан. Мөн “Бэрсүүт жүрж” кинон дээр Батзаяа ахын хадам ээж болж, Цэнд-Аюуш эгч дууг нь хийсэн байдаг юм. Харахад яг л эмэгтэй хүн дүр бүтээсэн байдаг. Тэр нь өөрийнх нь жүжигчний онцлог. Өөрөө ч амьдрал дээрээ ёгтлол өндөртэй хүн байсан.

-Аавын хувьд ямар хүн байв?

-Шүүмжилж, хүүхдүүдээ загнана гэж байхгүй. Тайван, хэр барагтаа юм дуугарахгүй. Завтай үедээ хачин сайхан хоол хийнэ гээч. Аав маань үглэж яншихаас илүү үлгэрлэж өөрийнхөө байгаа байдлаар үр хүүхдэдээ хичээл заадаг байж дээ гэж боддог. Хүүхдүүддээ амьдрал ийм гэж зааж байгаагүй. Өөрийнхөө байгаа байдлаар, хүмүүстэй харьцаж байгаа хандлагаар харуулдаг байж. Би аавыгаа энх тунх байх үед нэг хүнийг муу хэлж байхыг сонсоогүй. Тийм л гэгээн хүн байсан.

Манай аав гэр орны ахуйн ажилд маруухан. Ямар сайндаа хаалганы цоож эвдэрчихсэн чинь хаалгаа тэр чигт нь салгаад Жааяа ахтай (Жанчивдорж) дамжлаад театр руу явж байхав дээ. Хичээлээ тараад ирсэн хаалга байдаггүй. Яаж байгаа юм гэсэн “Аав чинь цоожны нүх янзлуулна гэсэн” гэж билээ. Театр орж мужаанаар янзлуулах гэж байгаа хэрэг л дээ. Би сүүлд оюутан болоод аавынхаа “Диваажинд хүрэх зам” жүжгийг үзсэн. Тэр инээдмийнх биш драмын жүжиг. Тэрэн дээр Ардын жүжигчин Очирбат, Жанчивдорж, аав гурав траншейныхан болдог. Тэр жүжиг дээр гайхалтай тоглож байсан. Анх үзэхдээ ааваар нь л хараад байсан юм билээ. Урлаг руу ороод урлагаар өвчлөөд ирэхээр аав маань ер нь ямар жүжигчин юм бол гэж харж эхэлсэн. Тэр үед тэр жүжигт тоглож байхыг хараад аавыгаа гайхаж биширч билээ.

-Таныг найруулагч болоход аав тань нөлөөлсөн үү?

-Би найруулагч болно гэж боддоггүй байлаа. Анх таеквондогоор хичээллэдэг байсан. Спорт хөөж байсан чинь нэг өдөр аав дуудаад “Миний хүү СУИС ороод Лхасүрэн ахтайгаа уулзаадах” гэсэн. Лхасүрэн багш дээр очсон чинь “Чамайг зодолддог их л мундаг амьтан гээд байсан. Чи чинь ийм жижигхэн байсан юм уу. Чи жүжигчин болохгүй” гэдэг юм байна. Миний мэргэжлийн өрөлтийг тэнд хийчихсэн байсан хэрэг. Учраа ч олоогүй очсон хүнд “Чи жүжигчин болохгүй, найруулагч бол мэдэв үү. Миний ангид бүртгүүлээдэх” гэж хэлэхэд нь гайхаж байсан. Тухайн үед Лхасүрэн багш найруулагчийн ангийг удирдаж авч байсан юм билээ. Лха багш дээр найруулагчаар хоёр жил сурч байгаад сүүлд жүжигчний мэргэжлээр Сугар багш дээр төгссөн юм. Тэгж л анх спортын салбараас урлаг руу хэлтийгээд орчихсон. Би эргэлзээгүй урлагийн сургуульд орсон нь урлагийн гэр бүлд өссөнтэй холбоотой. Багаасаа урлагаар амьсгалж, тайзны ард гүйж өссөн. Театрт тоглогдох хүүхдийн жүжгийн олны хэсэгт ордог байсан. Аавын ажил дээр миний доод талын дүү Галбадрах бид хоёр л өнждөг байлаа. Галбадрах дүү маань одоо хийлч мэргэжилтэй. Бостоны их сургуульд мастер хамгаалж байгаа. Урлагийн орчинд өссөн болохоор бид хоёр урлагаар явж байна. Манайх таван хүүхэдтэй айл. Өлзий-Орших гээд том ах маань “Стар совт” компанийн захирлаар ажилладаг. Манай эгч Өлзийдэлгэр Уул уурхайн сургуульд багш. Доодох дүү Галбадрах. Бага дүү Өлзийбаяр маань Олон улсын бизнес эдийн засгийн мэргэжлээр төгсөж ирээд энд ажиллаж байгаа.

-Аав тань дүр дээрээ хэр ажилладаг хүн байсан бэ, та уран бүтээл хийхдээ аавынхаа арга барилыг бодож ажилладаг уу?

-Аавтайгаа хамт уран бүтээл хийж байгаагүй учраас мэдэхгүй л дээ. Эргэн тойрныхон, хамт уран бүтээл хийж байсан хүмүүсээс нь сонсож байсан. Дүрээ хаана яаж бэлддэг юм бол гэдгийг нь мэддэггүй байсан гэсэн. Харахаар нэг өрөөнд хүмүүс инээлгээд суудаг байж. Бусад жүжигчид дүр дээрээ ажиллаад л байж байхад аав огт бэлддэггүй байж. Дашхүү дүрээ хэзээ бэлддэг юм бол гэж бодож байтал тайзан дээр гараад л нөгөө үгнүүдийг нь хэзээний цээжилчихсэн тоглолтоо хийдэг байсан гэсэн. Хүмүүс их гайхдаг гэж ярьж байхыг би сонсож байсан.

-Та “Миний нууц хүү” жүжгийг тавьсан байх аа?

-Энэ миний анхны жүжиг. Ванпиловын “Ууган хүү” зохиолоос сэдэвлэж монголчлоод хийсэн Мөрөөдлийн театрын анхны жүжиг юм. Анх удаа жүжиг тавьж үзсэн. Жүжиг их хэцүү юм билээ. Театр надад их ойр байх болов уу гэж бодсон чинь эсрэгээрээ үгүй байсан. Энэ жүжгэн дээр оюунаараа нэлээд ядарсан. Хэзээ нэг цагт дахиад нэг жүжиг тавиад даагаа нэхнэ дээ гэсэн бодол төрсөн шүү.

-Жанчивдорж гуай гээд театрынхан танайхаар орж, гардаг байсан байх.

-Жанчивдорж ахын гэр манай дээд давхарт байсан. Бидний тэр үе их сайхан байж дээ. Одоо би Жанчивдорж ахын хүү Сэнгэдорж найзтайгаа 20-иод жил найзалж байна. Бие биенийхээрээ байнга орж гарна. Нэг айл юм шиг л хамтдаа өсцгөөсөн дөө.

Тэр үед манай байранд жүжигчин Бат-Өлзий ах, Очирбат гуайнх нэгдүгээр орцонд байна. Хоёрдугаар орцонд аав, Жааяа ахынх, дөрөвт удирдаач Туулайхүү ахынх гээд манайх урлагийн байр байсан. Манайхаар театрынхан бүгд л орж гарна. Тухайн үед Бат-Өлзий ах нэг цагаан машинтай байсан юм. Нэг өглөө харсан цагаан машиных нь дөрвөн дугуйг аваад явчихаж. Тэгсэн аав Бат-Өлзий ах руу залгаад “Өлзий хө, чиний машины дөрвөн дугуй алга” гэж хэлсэн чинь Бат-Өлзий ах тоглож байна гэж бодоод “Өө тэгж үү Дашхүү ах аа. Өөр юу нь алга болж” гээд л тоглож байснаа удалгүй үс нь босчихсон ороод ирсэн. Нээрээ алга болчихож, Дашхүү ах аа гээд л ороод ирж билээ. Бас л гоё байр байсан шүү.

-Ээж тань ямар хүн байдаг юм бэ?

-Ц.Цогзолмаа гэж хүн бий. Кино үйлдвэрт 20-иод жил монтажин дээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Монтажийг хальсаар угаадаг учраас хортой нөхцөлд ордог. Байнга мөнгөн ус гээд хортой ажиллаж байдаг учраас эрт тэтгэвэртээ гардаг юм. Одоо СӨХ-ны дарга хийж, цэцэрлэгийн хүүхдүүд л харж байна даа. Үр ач нараа хараад л сууж байгаа. Ээж маань сайхан ануухнаараа байгаа.

-Таныхаар гэр бүлээрээ тэмдэглэдэг хамгийн гоё баяр юу байв?

-Дөрөвдүгээр сарын нэгэн. Бас театрын хүүхдүүдийг баярлуулдаг зургадугаар сарын нэгэн. Хүүхэд, залуучуудын театр учраас дандаа хүүхдийн театрт жүжиг тавьдаг байсан. Зургадугаар сарын нэгэнд их гоё үйл ажиллагаа явна. Тэр хоёр баяр их гоё болно. Сэтгэлд их дотно байдаг юм. Дөрөвдүгээр сарын нэгэнд гадаах цонх нь хагардаг байсан. Театрын гаднах цонх хагараагүй бол энэ жил хүн бага үзэж үү гэдэг байлаа. Бага нас маань ерөөсөө театрт өнгөрсөн шүү дээ.

-Аавтайгаа байнга хамт алхдаг байсан гэсэн. Алхаж байсан үеэ дурсах сайхан байдаг уу?

-Багадаа аавтай явахдаа заримдаа ичдэг байсан. Тавдугаар хорооллын тээврийн товчооноос театр орохын хооронд зүгээр явбал тавхан минут алхаад л орох газар 40-50 минут явж очдог байсан. Нэг хүнтэй таараад яриад л зогсчихно. Хүмүүс дуудаад л, таньдаг ч хүн олон. Тэр хоёрын хооронд их удаан явдаг байсан. Тэгээд л Дашхүү явж байна гээд л дуудаад харахаар нь ичдэг байж билээ.

-Гэр бүлийнхнийгээ танилцуулаач?

-Би гурван хүүхэдтэй. Эхнэр маань жүжигчин Т.Хулан. Залуу хүмүүсийн нэгэн адил амьдарч байна. Оюутны ширээнээс хамт гэр бүл зохиогоод ёстой л тэгээс амьдралаа босгох гэж байгаа хоёр уран бүтээлч. Урлагийн гэр бүл учраас аавынхаа нэр хүндийг өөрөөрөө өртөөлүүлээд үр хүүхдүүддээ үлдээх юмсан гэж боддог. Одоогоор хүүхдүүд маань бага байна.

-Монголын кино урлаг хэр хөгжиж байна вэ?

-Монголын кино урлаг 80 жилийн түүхтэй урлаг. Азидаа маш томд ордог байсан. Үнэндээ Солонгосын кино урлаг байгаагүй байхад Монгол кино урлагтай л байсан. Монголд том том сэдэвтэй “Дайсны цэргүүд ээ сонсоцгоо”, “Цогт тайж” гээд том түүхэн кинонууд хийж байсан. Тэр үед төрийн дэмжлэгтэй хөрөнгө хаяж кино хийдэг байсан. Хүмүүс техник технологи гээд байдаг. Дээр үед том техникээр асар том баазаар хөдөлдөг байсан. Дээр үед техникээр зодож кино хийдэг байсан юм. Одоо кино урлагийн эмгэнэл нь төр нь кино урлагийг фокус гэж харахаа больчихсонд байгаа. Хаячихсан учраас жижиг студиудын нуруун дээр кино урлаг оччихсон. Жижиг студийн нуруун дээр байгаа учраас жижиг л кино гарна шүү дээ. Яагаад гэвэл кино урлаг асар том хөрөнгөн дээр хөгждөг.

-Бодлого дутдаг гэж үү?

-Тийм. Гэхдээ бодлого дутдаг гээд ярихаар төрөөс юм шаардсан хүмүүс гээд байдаг. Бид төрөөс нэхээд байгаадаа биш. Монгол киног үндэсний дархлаа өв соёлоо авч үлдэхийн тулд заавал гаргах хэрэгтэй. Гэхдээ юм өөр болох байх. Сая киноны тухай хуулийг өргөн барьж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *