Categories
мэдээ нийгэм

Өрхийн эмнэлгүүдэд очиж улаанбурханы вакцин хийлгэнэ

Өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар улаан бурхан өвчний дэгдэлтийг бууруулах арга хэмжээний зардалд 948,3 сая төгрөгийг нөөцийн сангаас гаргахаар шийдвэрлэж, 18-30 насны хүмүүсийг вакцинд хамруулахаар болсон.

Энэ шийдвэрийн дагуу иргэдийг ямар журмаар вакцинд хамруулах талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс тодрууллаа. “Одоогоор ХӨСҮТ-д ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь 18-30 насны хүмүүс байгаа. Өвчлөлийн хэмжээ өндөр байгаа тул вакцинжуулалтыг яаралтай эхлүүлэх шаардлагатай гэж үзсэн. Вакциныг гадаадаас захиалж авчруулах юм. Вакцинд 18-30 насны иргэд хамрагдах бөгөөд харьяа дүүргийнхээ өрхийн эмнэлгүүдэд очиж хийлгэнэ” гэдэг мэдээллийг өгсөн юм.

Улаанбурхан өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна

Сүүлийн өдрүүдэд өвчлөлийн тоо огцом нэмэгдэж байгаа улаан бурхан өвчнөөс хэрхэн сэргийлэх талаарх мэргэжлийн байгууллагын гаргасан зөвлөмжийг хүргэж байна.

Улаан бурхан нь халууралт, амьсгалын зам болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, агаар дуслын замаар дамждаг цочмог халдварт өвчин юм. Вирус ханиах найтаах, ярих үед гадаад орчинд дусал байдлаар цацагдан агаарын урсгалаар тархаж, шүргээд өнгөрөх төдийд халдвар авах боломжтой.

Илрэх шинж тэмдэг:

Өвчний эхний шинж тэмдэг цочмог халууралт бөгөөд 1-4 өдөр үргэлжилнэ. Үүнтэй зэрэгцэн бие сулрах, цочромхой болох, ууртай болох, хүүхэд бол уйлагнах, толгой өвдөх, хоолны дур буурах, нойргүйдэх шинж илэрдэг. Үүнээс хүндэрвэл толбо буюу өвчний өвөрмөц тууралт гарна. Тууралт эхэндээ бага арааны харалдаа завьжны салстад, хатуу зөөлөн тагнай, гүйлсэн булчирхай, залгиурын ар хананд гардаг байна. Тууралтын онцлог нь дэс дараалсан, үечилсэн, биеийн дээрээс доош чиглэсэн байдаг. Чихний араас эхлэн, эхний өдөр хүзүү цээжний дээд хэсгээр, 2 дахь өдрөөс их биеэр, 3 дахь өдрөөс гар хөлөөр гардаг байна.


Эмчилгээ:

Хүндрээгүй үед гэрээр эмчилнэ

  • Хүүхдийг тусгаарлан хэвтрийн дэглэм бариулна
  • Чанартай хөнгөн хоол, шингэн их уулгана
  • Витамин эмчилгээ хийнэ. / +А витамины тунг 24 цагийн зайтай 2 удаа өгөх нь хараа алдагдах хүндрэлээс сэргийлнэ/
  • Хамгийн гол нь асаргаа сувилгаа:

-Амны хөндийг буцалсан ус, 2 хувийн содын уусмалаар зайлна

-Нүдийг 20 хувийн сульфацил натрийн уусмалаар өдөрт 3-4 удаа 2-3 дуслаар дусаах, буцалсан усаар угаах

-Ор дэрний хэрэглэл цэвэр байлгах зэргээр ариун цэвэр сайн сахих

-Өрөөг дулаан чийглэг, агааржуулалт сайтай байлгах. Чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх

-Хүндэрсэн үед эмнэлэгт хэвтүүлж эмчийн хяналтад эмчлүүлнэ.

Урьдчилан сэргийлэлт:

  • Өвчтөнг тусгаарлаж, 17-21 хоног хөл хорио тогтооно.
  • Халдварын голомтод байсан 3-12 сартай хүүхдэд хавьтлаас 5 хоногийн дотор булчинд 3 мл энгийн гаммаглобулин тариулна. Харин 12 сараас дээш сартай хүүхдэд идэвхтэй дархлаа буюу вакцин хийнэ. Гэхдээ вакцин хийлгэх эсрэг заалттай тохиолдолд 1,5 мл иммуноглобулин тариулна.
  • Товлолын дагуу 8-11 сартайд, 6 сарын дараа тус бүр 2 удаа дархлаажуулалтад зайлшгүй хамруулна.

Халууралт, тууралт бүхий өвчний шинж тэмдэг илэрвэл харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах, эсвэл ХӨСҮТ-ийн 100 дугаарын утаснаас зөвлөгөө авах, дуудлага дуудан үзүүлэх боломжтой юм байна.

Ж.ХУЛАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *