Categories
гадаад мэдээ

Америк оюутныг нэн даруй суллахыг шаардав

Хойд Солонгост хоригдож буй америк оюутныг нэн даруй суллахыг АНУ-ын албаныхан шаардаж байна. Суртал ухуулгын хуудас хулгайлсан америк оюутанд Хойд Солонгосын албаныхан 15 жил хөдөлмөрийн лагерьт хорих ял оноосон юм. 21 настай Отто Уормбиерыг Хойд Солонгосын төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан байна. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард улс төрийн суртал ухуулгын зурагт хуудсыг авч хилээр гарах гэж байгаад баривчлагджээ. Отто Уормбиер “Янгакдо” олон улсын зочид буудалд байрлаж байхдаа ажилчдын өрөөнөөс суртал ухуулгын хуудсыг хулгайлсан байв. Тэрбээр бусдын ятгалгаар суртал ухуулгын хуудсыг хулгайлсан гэдгээ өнгөрсөн сард Пхеньянд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм. Отто Уормбиер АНУ-ын Виржиниа их сургуульд суралцаж байсан аж.

Солонгосын хойгт АНУ болон БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилт үргэлжилж буйн зэрэгцээ Пхеньяны талаас өдөр бүр заналхийлсэн мэдэгдэл ирж байна. Хамгийн сүүлд Хойд Солонгос устөрөгчийн бөмбөгтэй баллистик пуужингаар АНУ-ын Манхэттеныг газрын хөрснөөс арчина хэмээн сүрдүүлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *