Categories
мэдээ цаг-үе

Ангийн даргын засаглал, ард түмний гавьяаттай нэг ангийнхан

Хуучнаар ажилчны районы гэгддэг Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийг тэртээ наян хоёр онд төгссөн нэг ангийнхны дурсамж дурдатгал, инээд наргиан, баяр хөөрийг хуваалцлаа. Дондовын Алтанцэцэг багштай арвын “Г”-гийнхэн сургуулийнхаа тавин жилийн ойн дурсамж уулзалтад сэтгэл догдлон иржээ. Аравдугаар ангийг дөчин нэгүүлээ бужигнан төгссөн бол эл удаагийн уулзалтад арван гурван “охид хөвгүүд” хүрэлцэн ирсэн байна. Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн гурван ч “сурагч” ирж амжилгүй утсаар холбогдоод, зүрх сэтгэлээрээ хэдийнэ ангийнхаа нөхөдтэй уулзан учирч, хөөр баярыг нь хуваалцаж байна уу гэмээр. “За одоо та хэд ямар наргиантай зүйл хуучилж байна, хэн хэн нэмэгдэж ирэв” гээд л завсар чөлөөгүй утасдаж байлаа.

Гучин дөрөвдүгээр сургуулиас олон алдар суутан төрсөн түүхтэй. Учир нь жаран зургаан онд Ажилчны районы гэх тодотголтой гурав, дөрвөн хорооны 600 гаруй хүүхэд энэ сургуульд шигшигдэн ирсэн юм. Тус ангийн 29 хүүхэд ч энэ үеэр ангийнхантайгаа учрах ерөөл бүрджээ. Үндсэндээ найман ангиас шилжин ирсэн хүүхдүүд түүхийн багш Х.Бямбасүрэнгээр удирдуулан нэг хамт олон болсон түүх ийм. Математикийн нэртэй багш нарын нэг Б.Эрдэнэ хэмээх буянтан дунд ангийн дэггүй сурагчдыг ухаалгаар удирдан чиглүүлснийг тэд бахдан өгүүлж байлаа.

Дунд сургуулиа дүүргээд л маргааш нь 19 хөвгүүний 12 нь эр цэргийн албанд мордож байсан гэдэг. Бусад хөвгүүдийн гурав нь цэргийн сургуульд, хоёр нь гадаадад, нэг нь дотоодынхоо сургуульд элсэн суралцжээ. Тэртээ наян хоёр онд 34 дүгээр сургуулийг төгссөн сурагчдын ажил үйлс, алдар замнал нь тэгш дүүрэн явна. Хоёр Ерөнхийлөгчөөс Алтан гадас хүртсэн хошой одонтон ч бий ажээ. Тэрхүү бахархал болсон эрхэм бол Доржсүрэнгийн Цэдэнгомбо юм. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой, ард түмний гавьяат тэрээр ангийнхныхаа зургийг дарж, дурсамж бүтээдэг гэрэл зурагчин ажээ. Мөн Д.Хашгэрэл, Ё.Сувдаа, Г.Ганхуяг нар Алтан гадас одонгоор энгээрээ мялааж, нөхдөө баярлуулад байна. Анги удирдсан Алтаа багштайгаа нийлээд төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор таван хүн шагнуулаад байна.

Уг ангийн нөхөд дунд удам дамжсан нисэх хүчний ажилтан цөөнгүй. Ангийн хамгийн сайхан дуулдаг “Алтан гургалдай” Ё.Сувдаа 28 жил онгоцны үйлчлэгчээр ажилласан ажээ. Тэрээр агаарт хүүхэд эх барьж авсан гавьяатай “Хүйн ээж” юм. Монгол Улсад нисэх хүчин байгуулагдсаны түүхт 90 жилийн ойгоор аавынхаа тухай “Бүргэд бүргэдээрээ үлддэг” ном бичиж ангийнхандаа дурсгасан байна. Түүний аав Ёндон Монголын урдаа барьдаг нисгэгч, сургагч багш байсан төдийгүй бэлтгэсэн шавь нар нь бүгд л гавьяат болжээ.

Ангийн хамгийн намхан “жоохноо” хочтой Р.Гантуяа ч мөн удам дамжсан нисэх хүчний ажилтан. “Орос дуу, гитар, Гантуяа гурав нийлэхээрээ ёстой явж өгнө дөө” хэмээн ангийнхан нь цаашлуулж, “Оросын уран сайханч шүү дээ” гэв. Ангийнхаа хөдөлмөрийн аваргаар гурван жил дараалан шалгарсан, ажилсаг нямбай нэгэн бол Ж.Цогтдорж юм. Насаараа зэвсэгт хүчинд алба хааж буй тэрбээр нэрийг нь дуудах төдийд л “Би” гээд команд авсан юм шиг зогсож ангийнхнаа инээлгэнэ. Эл эрхмийн энгэрт НҮБ-ын энхийг сахиулахын одон медалиуд, цэргийн гавьяаны одон зэрэг гялалзан харагдана.

Цаг агаарын нөхцөл байдлаас болж уулзалтад ирж чадаагүй хүүхдүүдийн нэг нь Төв аймгийн Заамар сумын цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Р.Ариунболд. Цэргийн гавьяаны одон, Цагдаагийн алдар зэрэг олон хүндэт медалиудтай.

Ангийн атаман нь Д.Ганхуяг бөгөөд оросоор ус цаг шиг ярьдаг, бүх хичээлдээ сайн түүнийг “Ломоносов” хэмээн хочилдог. Толгой сайтай хэдий ч зөрүүд, хүний үг даадаггүй хэмээн ангийн даргын тэмдэглэл дээр бичээстэй байна лээ. Шатар тоглох дуртай тэрээр шатрын спортын мастер болоод удаагүй байгаа аж. Арван жилд газар зүйн багш “Зааны ясан эргийг оросоор юу гэж нэрлэдэг”-ийг асуухад ганцаараа зөв хариулж ангийнхнаа гайхшируулж байсан сүрхий толгойтой нэгэн.

“Г”-гийн охид сургуулийн сагсан бөмбөгийн одууд байв. Д.Чулуунцэцэг, Ц.Оюунчимэг, Д.Бадамцэцэг, Д.Байгалмаа Д.Хашгэрэл, Т.Отгонтуяа нар сагс сайн тоглоно. Үүнээс Д.Чулуунцэцэг, ангийн хамгийн өндөр Д.Байгалмаа, Ц.Оюунчимэг нар сургуулийн сагсны шигшээ багт тоглодог байж. Оюунчимэгийн маань шидсэн бүхэн нь ордог, адтай одтой довтлогч байлаа шүү дээ” гэж тэд хуучилна. Ангийн хөвгүүдээс бүх спортод чамгүй сайн нь Б.Жаранжин гэнэ.

Хүүхэд ахуй цагаасаа насан идэр хүртлээ хамт байж, нэгэндээ ижил дасал болсон энэ ангиас дөрвөн хос төржээ. А.Шархүү-Ц.Оюунчимэг, Л.Энхболд-С.Эрдэнэ-Оюун, Д.Ганхуяг-Д.Чулуунцэцэг, Х.Батчулуун-О.Баярсайхан нар ханилан суусан бөгөөд бүгд л өнөр олуулаа болжээ. Сургуульд байхын олуулаа бужигнаж өссөн болоод ч тэр үү ангийн охидоос олон хүүхэд төрүүлж өсгөсөн “Алдарт эх” олон байдаг юм байна. Ш.Гэрэлцэцэг, До.Цэцэгмаа, Ц.Оюунчимэг, Б.Сэлэнгэ, Д.Бадамцэцэг, Да.Цэцэгмаа, Н.Хандаа, С.Нямсүрэн нар Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой.

Анги, хамт олны зугаалгаар С.Эрдэнэ-Оюун ихэвчлэн тогоо барьдаг төдийгүй хоол цайных нь амт гэж ванлий гэнэ. Ангийн хамгийн ухаалаг охидын нэг нь Н.Хандаа. Тэрээр долдугаар ангид шилжиж ирсэн өдрөө л зургаан цагийн хичээлд бүгдэд нь онц асуугдаж ангийнхнаа алмайруулж байсан гэдэг. Мөн тэр өдөр охидын зөвлөлийн хурал болоход “Охид, хөвгүүдээ үймүүлэхэд нь битгий даган баясч тэднийг хөгжөө. Улам онгирно шүү дээ. Хараад байхад цагаан цайлган сэтгэлтэй хүүхдүүд байна лээ. Ийм хүүхдүүд хүний үг авдаг юм. Бид ухаантай байж хөвгүүдээ хүмүүжүүлнэ” гэж хэлээд ангийн охидоо шүүмжилж байсан гэдэг.

Ангийн үймээний эзэн нь Гантөмөр. Бага ангид байхын охид хөвгүүдгүй бүгдээрээ нийлж тоглодог, сахилгагүй ангийнхан байж. Ангийн охид, хөвгүүд нийлээд “тэмээлцэж” тоглох дуртай. Модон морин дээр харайж байгаа юм шиг бие биенийхээ нуруун дээгүүр харайж, үсэрч, нэгнийгээ унаж тоглохыг “тэмээлцэх” гэнэ. “Ангийн охидоо яаж гэмтээчихээгүй юм бэ, их л ширүүн тоглодог байсан сан, манай охид ч бие хаа өвдлөө гэхгүй тоглоом сайн даадаг байж дээ” гэж хөвгүүд нь дурсах. Тэд хичээл тарангуут л голын эрэг орж ангиараа хөлбөмбөг тоглодог байж. Охид, хөвгүүдгүй хөлбөмбөг тоглодгийг нь бусад ангийнхан мөн ч их гайхдаг байсан аж. Тэднийг сурагч ахуй цагт ажлын зургаан хоногтой байсан бөгөөд хагас сайн өдөр хичээл тарав уу үгүй юу охид хөвгүүдгүй ууланд гарч нууцаар самар түүдэг байжээ.

Хөвгүүд нь охидынхоо нүүрс түлээг нь бэлдэж өгдөг, нэгнийхээ гэрийн ажилд тусалдаг, хамтын хүчээр л ажлын ард гардаг атгасан гар шиг эвтэй нэг ангийнхан гэвэл тэднийг л хэлнэ. Ангийн дарга нь ажил хэргийг тохоон томилж, дааж авсан үүрэг даалгавраа ангийнхан нь дуулгавартай нь аргагүй биелүүлдэг байна. Арвын “Г” ангийн дарга нь П.Болд буюу “Ягаанаа”. Ангийн даргад сурагч бүрийн тухай тэмдэглэл, тэдэнд зориулсан шүлэг, ангийнхны хэнд нь ч байхгүй зургууд хадгалаастай. “Наад хүн чинь амьд түүх болсон нөхөр дөө” гэж ангийн найзууд нь бахархана. “Олон ангиас ирсэн хүүхдүүд мөртлөө их л нийтэч, хүний үг сайн даадаг хамт олон шүү” хэмээн ангийн дарга Ягаанаа найзуудыгаа магтах дуртай. Төгсөөд 34 жил хэдийнэ өнгөрсөн ч нэгнийгээ гэсэн сэтгэл нь хэвээр, тусламж хэрэгтэй нэгэндээ хэзээд ойр. Сургуульд байхын гэр гэрээрээ орон, ажил төрөлд нь тусалдаг байсан нь янзаараа. Тэд одоо ч ойр ойрхон уулздаг. Ягаанаа дарга ангийнхандаа гэнэтийн бэлэг барих дуртай. Шүлэг бичих дуртай төдийгүй ангийнхаа нэлээд хэдэн хүүхдэд зориулж бичсэн шүлгээ багын зурагтай нь хамт жаазлан бэлэглэжээ. Одоо ч мөн хоёр хүүхдэд бэлэг бэлдээд байгаа гэнэ. Тэдний уулзалтад очсон минь ч ангийн даргын гэнэтийн бэлэг. Энэ удаагийн дурсамж уулзалтаар Ягаанаа дарга сургуульдаа зориулсан шүлгээ жаазлан сургуулийн удирдлагад дурсгажээ. ”Өөрсдөд минь ч байхгүй ховор нандин зураг Ягаанаад л бий шүү дээ“ гэж нөхөд нь элгэмсүү зөөлөн сэтгэлээр магтацгааж байна лээ. Харин Ягаанаа дарга “Тэр зурагнуудыг чинь Цэдэнгомбоос гуйж нэг, загнаж нэг, хулгайлж нэг авна шүү дээ” хэмээн хөгжөөсөн.

Ахлах ангийн сурагч ахуй насандаа хайрын захидал их л нисгэдэг байж. Н.Оюунцэцэгт дээд ангийн хөвгүүнээс захиа ирснийг П.Болд, Б.Алтансүх нар замаас нь авч хуулаад, өөр охидод өгч байсан удаатай. Дурлалдаа умбасан хүүхдүүд захиагаа дамжуулах гэж завсарлагаан болгоноор гарч гүйгээд л хичээлдээ тогтож ядан сууна. Хөлд нь хий орсон хүүхдүүд багш нарын нүдэнд хэдэнтээ өртөж, захиагаа хураалгаж байсан “гашуун” түүх цөөнгүй.

Тэдний ангид сонин хачин хоч нэрүүд их. Галбадрахыг Жунгаан саарал, майга саарал, Д.Гантөмөрийг араг яс, П.Төмөрбаатарыг нахиу, А.Шархүүг бух, Баатарсүрэнг өндөг, Оюунцэцэгийг данжаад буюу дааяа, Б.Алтансүхийг сахал, Г.Ганхуягийг ёонкоо гэж хочилдог байв. “Өндөг” Баатарсүрэн л ангийнхандаа хоч нэр их зүүнэ. Мөн Галбадрахын паян их. Нэгэн удаа ангийнхан зугаалганд явахаар ярилцаж байгаад Б.Эрдэнэ багшийгаа уурлуулахад багш нь “Нохой долоож үх” гээд хэлчихэж л дээ. Тэгэхэд Галбадрах “Багш аа, муур долоовол яасан юм” гэж хэлээд ангиар дүүрэн инээдэм болж байсан юмсанж. Мөн нэг удаа Галбадрах хичээл таслах нь тэр. Маргааш хичээлдээ ирэхэд нь Б.Эрдэнэ багш “Чи яагаад хичээл таслав” гэхэд “Багш аа, миний зүрхээр хатгуулаад” гэж шалтагласан юм байх. “Чиний зүрх хаанаа байдаг юм” гэж багшийг асуухад “энд” гээд буруу талдаа зааж хөглөж байжээ. Ангийнхны гэр сургуулиасаа нэлээн зайтай. Хөвгүүд өвөлдөө сургууль руугаа тэшүүрээр явна. Уралдаж тоглох нь ч их. Хөвгүүд тэшүүрээр уралдахад Галбадрах гүйцэгдэх дөхөөд ирэхээрээ ардаа яваа нэгэн рүүгээ үнс цацаж “хорлодог” дүрсгүй хүүхэд байсан гэдэг.

Арвын “Г” анги нэг давхарт байна. Хичээлийг нь давтуулах санаатай багш нь цоожлоод явчихдаг байж л дээ. Харин хичээл давтах ёстой “нөхдүүд” шалан доорх дулааны шугамаар дамжин нэгнийгээ дэлгүүр гаргаад, ангиараа булагнаж өгнө шүү дээ. Шалгалтан дээр овоо хуулдаг байсан тухайгаа ч тэд дурсаж байлаа. Үзэгний толгойд шалгалтын хариуг хийгээд ширээн доогуур унагаагаад хуулж ч байж, хуулуулж ч байж.

Өнгөрсөн жил Ё.Сувдаа ангийн дарга руугаа их л баяртайгаар утас цохижээ. Болсон явдлыг сонирхоход арван жилийн ширээний анд Ж.Цогтдоржтойгоо 33 жилийн дараа хичээлд хамт суусан нь тэр гэнэ. Хоёул Зэвсэгт хүчний 303 дугаар ангид алба хаадаг бөгөөд сургалтын үеэр ийнхүү тааран номын дуу сонсжээ.

Ангийн дарга П.Болд өдгөө сургуульдаа хөлбөмбөгийн дугуйлан хичээллүүлдэг. Дөрөвдүгээр цахилгаан станцад засварчин хийдэг бөгөөд багаасаа л хөлбөмбөгт хорхойтой нэгэн байв. Спортын мастер тэрээр арван жилээ хөлбөмбөгийн II зэрэгтэй төгсөж, “Эрчим” багийн анхны гишүүдийн нэг болжээ. Одоо ч багтаа тоглосон хэвээр. Дөрөвдүгээр Цахилгаан станцын тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер М.Амарбаясгалан, С.Отгонбаяр зэрэг найзтайгаа “Шинэ Яармаг хүүхдийн хөлбөмбөгийн клуб”-ыг 2009 онд байгуулж, хөлбөмбөгийн спортыг хүүхдүүдэд сурталчилж яваа. Тэд “Эрчим” клубын анхны тамирчид бөгөөд спортын мастерууд. Тэдний хөлбөмбөгийн төлөө хийсэн бүтээсэн нь дундаршгүй. Тухайлбал, П.Болд хөлбөмбөгийн эвхэгддэг хаалга бүтээн, дээрх найзууд нь ивээн тэтгэж Яармагийн сургуулиудыг хөлбөмбөгийн хаалгатай болгосон байна. Мөн 50 шахам сургуулийг ийм хаалгатай болгожээ

Ангийн даргын хуучилсан нэг сонирхолтой яриаг энд хүүрнэе. Тэрээр цагаан сараар хөлбөмбөгийн мастер, “Шинэ яармаг хүүхдийн хөлбөмбөгийн клуб”-ын дасгалжуулагч асан “Багараа” хочит Нэргүйгийнхээр орж л дээ. Тэгэхэд Шведээс чамд бэлэг ирсэн гээд түүнд бэлэг гардуулах нь тэр. Юун бэлэг билээ гээд гайхахад “Чи олон жилийн өмнө голын уснаас хүүхэд аварч байсан даа” гэв. Тэгж хэлэхэд нь 1995 оны долдугаар сарын 12-нд усанд живж буй бяцхан охиныг аварч байснаа санаж. Түүний аварсан охин өдгөө хоёр хүүхдийн ээж болон Шведэд амьдардаг бөгөөд амь аварсан ачтандаа сэтгэлийн бэлгээ явуулсан нь тэр байжээ.

Сургуулийн 50 жилийн ойд зориулсан “Бид 34-ийнхөн” тоглолт дөрөвдүгээр сарын 16-нд болох юм байна. “Энэ тоглолтыг л маш сайхан хийж төгсөгч нартаа бэлэг барина даа” хэмээн сургуулийн захирал Р.Өлзийхишиг хэлж байлаа. Сургуулийн захиргаанаас ойн баярыг угтан олимпиад, уралдаан, тэмцээн олныг зохион байгуулж байгаа төдийгүй түүхэн ном, кино бүтээхээр ажиллаж байгаа аж.

Ө.МАНЛАЙ

Э.ОТГОНТУЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *