Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Батлан хамгаалах хууль тогтоомж, Цэргийн штабуудын үйл ажиллагаа, “Монгол цэргийн жавхаа” уралдааныг сурталчлах, иргэдэд ажлаа танилцуулах өдөрлөг, “Ахмад, залуучуудын гурван үеийн уулзалт”-ыг зохион байгууллаа. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл уг үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Аливаа тусгаар тогтносон улсын билэг тэмдэг болсон Зэвсэгт хүчний 95 жилийн ой, 810 жилийн түүхтэй Монгол цэргийн өдрийг бид бүхэн хамтдаа тэмдэглэж байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчинд зүтгэж байгаа үе үеийн албан хаагчид, уг салбарт амьдралаа холбосон бүх хүнд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Нийслэлээс цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх зорилгоор “Монгол цэргийн жавхаа” уралдааныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Уг уралдаанаар дамжуулан иргэн цэргийн харилцааг бэхжүүлж, цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлж, иргэдэд эх оронч, үндэсний бахархалт үзлийг бий болгож байгаа юм” гэлээ.