Засгийн газрын 90 дугаар тогтоолоор өнгөрсөн сараас эхлэн малчны зээлийн хүүг жилийн 10 хувийн хүүтэй олгохоор болсон билээ. Тэгвэл Төрийн банк өнөөдрөөс эхлэн малчдад жилийн 10 хувь, сарын 0.8 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ.Малчид уг зээлд хамрагдахын тулд малчин данстай байх ёстой бөгөөд дансаа ашиглаж малын гаралтай түүхий эдээ борлуулж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн байх шаардлагатай аж. Мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдсан байх ба малдаа вакцин, тарилга хийлгэсэн байх ёстой гэх шаардлагыг тавьж байгаа юм.
Хэрэв тухайн малчин өрх 100-500 бог малтай бол 2.5 сая төгрөг хүртэл зээлийг 12 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээл олгох юм байна. Харин 500-аас дээш бог малтай бол таван сая хүртэлх төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай авч болох юм байна.