Categories
их-уншсан туслах-ангилал

Сонгогчдын ирцийг нэмэгдүүлэхэд үндэсний компаниуд санаачилга гаргаасай

Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны зургадугаар сарын 29 хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос зарласан. Өнөө жил УИХ-ын сонгуулийг орон нутгийн сонгуультай хамтатгаж байгаа нь зардал мөнгө хэмнэсэн сайн арга хэмжээ болно хэмээн зохион байгуулагчид дүгнэжээ. Сонгууль ч яахав товлосон өдрөө тогтсон цагтаа болдгоороо болно. Харин санал өгөх хүмүүс буюу сонгогчид маань хэр идэвхтэй сонгуульдаа оролцох бол. Статистик мэдээллээс харахад сонгуульд санал өгөх сонгогчдын идэвх жил ирэх тусам буурсаар байгаа. Тухайлбал, хамгийн сүүлд болсон 2012 оны УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын 67 хувь оролцсон нь Монгол Улс ардчилалд шилжсэнээс хойш 22 жилийн хугацаанд хамгийн бага үзүүлэлт байв. 1992 онд энэ сонгогчид маань сонгуульдаа 95 хувьтай оролцдог байв шүү дээ.

Яагаад сонгогчдын ирц ингэтэл буурах болсон шалтгааныг олон янзаар тайлбарладаг. Судалгаанууд ч бий. Төрийн байгууллагууд, голлох намууд болон нэр дэвшиж байгаа улстөрчдийн нэр хүнд муу байгаа нь сонгогчдын санал өгөх идэвхийг бууруулдаг байна.

Манайхан төр засаг, улстөрчдийг болохгүй бүтэхгүйгээр нь дуудаж баахан шүүмжилдэг. Харин тэднийг сонгуулиар солих, өөрчлөх боломжтой гэдгээ ухамсарладаггүй. Жирийн иргэн бүр энэ боломжоо мэдэрч, сонгуульд идэвхтэй оролцвол өөрийнхөө дэмжсэн хүмүүсээ гаргаж ирэх боломжтой. Сонгуулийн ирц муу байгаа нь сонгогчдын боловсролын түвшин муу байгаагийн нэг илрэл гэж үздэг.

Судалгаанаас харахад сонгуульд оролцох залуусын идэвх мөн л багассаар байгаа аж. Залуус сонголтдоо хариуцлагагүй ханддаг, тухайн үеийн сэтгэл хөдлөлдөө автдаг зэрэг нь сонгуулийн ирцэд нөлөөлдөг. Мөн сонгууль шударга болдоггүй гэсэн бодол, аман яриа зэрэг нь хүмүүсийн идэвхэд сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Энэ мэт олон зүйлээс шалтгаалж сонгогчдын ирц багассаар байгаа. 2008 онд 76 хувьтай сонгуульд оролцож байсан сонгогчид 2012 онд 67 хувь болтлоо буурсан нь цаашид үүнийг зайлшгүй анхаарах ёстойг сануулж байна. Хэрэв энэ сонгуулиар сонгогчдын ирцэд анхаарал хандуулахгүй бол тун чамлалттай тоо сонсогдож мэдэх нь. Хуульд зааснаар ирц тавин хувьдаа хүрэхгүй бол дахин сонгууль зарлаж бөөн зардал чирэгдэл болно.

Ингэхээр сонгогчдыг сонгуульд идэвхтэй оролцуулах, ирцийг нэмэгдүүлэхийн тулд тодорхой арга хэмжээнүүдийг зайлшгүй зохион байгуулах хэрэгтэй. Мэдээж, сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд анхаарах ёстой ч энэ тийм богино хугацаанд хийчих зүйл биш. Тиймээс сонгогчдын санал өгөх идэвхийг өдөөх, сонирхол төрүүлэхүйц ажлуудыг хийх ёстой. Америкт л гэхэд сонгуульд санал өгсөн хүмүүстээ том том брэндийн дэлгүүрүүд нь тодорхой хувийн хямдрал үзүүлдэг гэнэ лээ. Санал өгснөө гэрчлэх баримтаа үзүүлээд дэлгүүрээс хувцас хунар худалдан авах, үйлчлүүлэхдээ хөнгөлөлт эдэлдэг гэсэн үг. Энэ нь төр засгаа байгуулахад өөрсдийн хичээл зүтгэлээ оруулсны урамшуулал бөгөөд нөгөө талаасаа хүмүүсийг сонгуульд идэвхтэй оролцуулах хөшүүрэг юм.

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар манайх бас ийм нэг урамшуулал туршаад үзсэн. Санал өгсөн хүмүүст 1000 төгрөгтэй тэнцэхүйц гар утасны нэгж өгч байсан билээ. Үүнийг Сонгуулийн ерөнхий хороо зохион байгуулж байсан юм. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар үндэсний том компаниуд ийм ажлыг санаачлан хэрэгжүүлбэл яасан юм. Улсад хамгийн их татвар төлж, хичнээн хүнийг ажилтай орлоготой байлгаж, нэг ёсондоо улсаа чирч явдаг том компаниуд сонгуульд санал өгсөн хүмүүстээ хямдралтай үйлчлэх урамшуулал зарлавал ирц тодорхой хэмжээгээр өсөөд л ирнэ. Манайхан санал өгсөн хүмүүсийнхээ хуруун дээр нь бэхээр тэмдэглэдэг. Ийм бэхэн тэмдэглэгээтэй хүмүүст том сүлжээ ресторанууд 50 хүртэл хувийн урамшуулал зарлаж, үйлчлэхэд болохгүй юмгүй. Хэзээнээсээ монголчууд сонгуулийг баяр мэт санаж, гоёж гоодон очиж саналаа өгдөг. Саналаа өгчихөөд хүмүүс ресторанд очиж сайхан хооллож, ярьж хөөрөн сууг л дээ. Саяхан манай нэг том сүлжээ ресторан нэрийн пиццагаа 50 хувь хямдруулан, хэдэн өдөр л захиалгад дарагдан хөл хөдөлгөөнтэй бужигнана лээ. Нэг талаар компанийн сурталчилгаа, нөгөө талаасаа компани нийгмийн хариуцлагаа ухамсарлан төр засгаа эмхлэн байгуулахад дэмжлэг үзүүлж байгаа хэрэг юм. Ийм үйл хэрэгт үндэсний том компаниуд бүгд идэвх санаачилга гарган оролцох хэрэгтэй л дээ. Ноолуурын “Говь”, “Гоёо”, “Алтай” брэндээс эхлээд “Номин”, “Оргил”, “Good price”, “Миний дэлгүүр”, “Боса”, “Наран”, “Мөнгөн завьяа” гээд дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ 50-70 хувь хүртэл хямдрал зарлавал ёстой бужигнаад явчихна даа. Барилгын компаниуд ч тэр өдөр байр захиалсан хүндээ хөнгөлөлт үзүүлж болно. Үүрэн телефоны компаниуд ч санал өгсөн хүмүүсээ урамшуулах хамгийн оновчтой хувилбарыг гаргаад ирнэ.

Хэрэв үндэсний компаниуд ингэж зохион байгуулж чадвал хүмүүс саналаа эрт очиж өгчихөөд дэлгүүр хэснэ. Ресторанд орно. Үсчин, гоо сайханд орж иллэг массаж хийлгэнэ. Хол ойрын хүмүүстэйгээ утсаар хууч хөөрнө. Байраа ч захиалчихна. Эдийн засаг бага гэлтгүй эргэлдээд, хүмүүсийн сэтгэл санаа ч өөдрөг болно. Хамгийн гол нь сонгогчид саналаа идэвхтэй өгнө. Сонгогчдын ирц сайн бол төр засгаа эмхлэн байгуулах, дараагийн дөрвөн жил хэнээр улсаа удирдуулахаа сайн бодож сонгоно гэсэн үг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Сонгогчдын ирцийг нэмэгдүүлэхэд үндэсний компаниуд санаачилга гаргаасай” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар уншигчдадаа хүрлээ. Сонины өнөөдрийн дугаарын тэргүүн нүүрт хөршийнхөө хаалгыг таглаж хана босгосон асуудлын талаар бэлтгэсэн сурвалжлага нийтлэгдлээ. Нэгэн орон сууцанд оршин суугч хажуу хөршийнхөө хаалгыг таглан хана босгож байгаа нь иргэдийг ихэд бухимдуулах болжээ. Энэхүү сурвалжлагын үргэлжлэлийг IV нүүрнээс уншаарай.
АНУ-ын иргэн Ч.Ганбат гэх этгээд Монгол Улсын таван паспорттой болох ноцтой мэдээлэл байна. Б.Батзаяа нарын хэрэгт холбогдсон түүний талаарх мэдээллийг VII нүүрнээс уншина уу.
“Өдрийн сонин”-ы алдарт III нүүр бол нийгмийн үзэл санааны том талбар байдаг, сонины нийтлэлийн бодлогын тодорхойлдог юм. Энэ удаа нийтлэлч Д.Оюунтуяагийн “Сонгогчдын ирцийг нэмэгдүүлэхэд үндэсний компаниуд санаачилга гаргаасай” хэмээх нийтлэл орлоо.
Харин II, V нүүрт улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлын мэдээлэл хэвлэгдлээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяагийн ярилцлага орсон байна. Тэрээр ярихдаа “Гамшгийн нөхцөл байдал үүссэн бол тухайн хүүхдийг Засаг дарга хамгаалалтдаа авна” гэсэн байна.
Түүнчлэн өнөөдрийн дугаарт “Миний аав” буланд Өвгөөдэй Дамдинсүрэнгийн хүү Энхсайханы дурсамж ярилцлага нийтлэгдсэн байна. Тэрбээр “Цэндийн Дамдинсүрэн гуай аав хоёрыг До яам хүртэл андуурч байсан” хэмээн ярьжээ.
Мөн “Дэлхийн спорт” буланд дэлхийн спортын сонин сайхнаас нийтлэгдэв. Энэ сарын сүүлээр Францад болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхижуулах олон улсын тэмцээнд манай улсаас 11 хүн оролцохоор болсон юм. Тэгвэл нарийн боовны төрөлд оролцохоор болсон тогооч Б.Дашнямтай ярилцсан ярилцлага ч өнөөдрийн дугаарт гарлаа.
Эрхэм уншигч та манай сониныг 99112954 дугаарт холбогдон захиалаарай. Мөн шуудангийн бүх салбарт хандан захиалгаа өгч болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *