-Хятадын компанитай Гаалийнхан, Геологийн төв лабораторийнхон нийлж улсад онц иххэмжээний хохирол учруулсануу-
Улсын мөрдөн байцаах газрын Онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс БНХАУ-ын иргэд, Гаалийн ерөнхий газрын алба хаагчид, Геологийн төв лабораторийнхон нийлж улсад татвар төлөхөөс зайлсхийж, онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй нэгэн хэргийг шалгаж байгаа аж. БНХАУ-ын иргэдийн хөрөнгө оруулалттай “Жи Пи Эф” нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр “Салхит” уурхайгаас алт, мөнгөний хүдэр олборлодог компани аж. УМБГ-т дээрх компанийн хууль бус үйлдлийн талаар ноцтой мэдээлэл ирсэн тул захирал Жин Жиа Минд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
“Салхит” уурхай нь их хэмжээний мөнгөний нөөц бүхий орд газар юм байна. Тус газраас гарч буй тонн хүдэрт 1400-гаас дээш грамм мөнгө агуулагддаг аж. “Жи Пи Эф” компани мөнгөний хүдэр олборлоод Гурвансайхан сумын нутаг дэвсгэрээс Говьсүмбэр аймгийн Чойрын өртөө хүртэл хүнд даацын автомашинаар зөөвөрлөдөг гэнэ. Чойрын өртөөн дээрх Гаалийн хяналтын бүс бүхий хашаанаас вагонд ачиж, БНХАУ руу хил давуулан худалдаалдаг байна. Тус компанийн олборлосон мөнгөний хүдрээс Гаалийн төв лаборатори болон Геологийн төв лабораторид тусгай лацтай дээж авч шинжилгээнд өгдөг байсан байна. Шинжилгээгээр шороон хүдэрт байгаа мөнгөний агууламж маш өндөр буюу тонн тутамд 1400-1500 орчим грамм мөнгө байгаа нь тогтоогдож байсан аж. Үүний дагуу улсад татвар тушааж хилээр хүдрээ гаргадаг байжээ. Тус компанийн хүдрийг БНХАУ-ын уул уурхайн түүхий эд худалдан авдаг компаниуд булаацалдаад авдаг байсан гэнэ. Мөн “Зөвхөн хөрсний өнгөн хэсгээс ийм их хэмжээний мөнгө гарч байгаа юм чинь яг орд газрынхаа үүцэнд буюу газрын гүн рүү хүрвэл мөнгөний маш өндөр агууламж бүхий орд гарч ирэх нь ойлгомжтой” хэмээн геологичид ярьдаг байжээ. Гэтэл хоёр жилийн өмнөөс тус компанийн удирдлагууд солигдсон байна. Компанийн шинэ удирдлагууд гарч ирснээс хойш үйл ажиллагаа нь өөрөөр явагдах болжээ. Өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн гэнэт “Жи Пи Эф” компанийн хүдэр дэх мөнгөний агууламж хэд дахин буурсан байна. Өмнө нь шороон хүдрийн агууламж нь тонн тутамдаа 1400 граммаас дээш агууламжтай гардаг байсан бол гэнэт 428 болтлоо буурчээ. Гаалийн ажилтнууд юуны учир мөнгөний агууламж хэд дахин буурч байгааг мэдэж байсан боловч огт мэдээгүй мэт хилээр гаргаж эхэлсэн байна. Мөн урд хөршид тонн хүдэр нь 250 ам.доллараас буудаггүй байсан “Салхит” уурхайн хүдрийн үнэ ч навс унах нь тэр. “Жи Пи Эф” компани олборлосон хүдрээ тонныг нь 54 ам.доллараар худалдаалж байгаа талаарх хоёр компанийн хамтарч ажиллах гэрээг манай албаныхан, хууль хяналтын байгууллагынханд үзүүлжээ. Тус компани мөнгө олборлоод өөрсдийн зардлаа нөхөх ямар ч боломжгүй болжээ. 428 мөнгөний агууламжтай шороон хүдрийг худалдан авах компани байхгүй гэнэ. Цаг зав, хөрөнгө мөнгөний гарз болдог байна. Мөн уул уурхайн компани ч ямар ч ашиг байхгүй, алдагдалтай ажиллаж, дампуурах зам руугаа орох эрсдэлтэй гэнэ. Гэвч “Жи Пи Эф” компани ямар нэгэн доголдолгүйгээр ажлаа хэвийн үргэлжлүүлээд байсан аж. Бүр бичиг баримт, лабораторийн шинжилгээгээр маш бага мөнгөний агууламжтай гарсан хүдэр БНХАУ-ын Эрээн хотын гаалийн хашаанд буугаад л шууд зарагддаг байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тодорхой болжээ. Ийнхүү өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн он гартал хүдрээ хилээр гаргажээ.
Өнгөрсөн сард “Жи Пи Эф” компанийн “Салхит” уурхайн хүдрийг шинжилгээнд Гаалийн төв лабораторийн нэр дээр өгсөн байна. Ингэхдээ гурван дээж аваад гурван өөр газарт өгч шинжилгээ хийлгэжээ. Энэ оны хоёрдугаар сарын 16-нд хүдрийн дээжийг Геологийн төв лабораторийн шинжилгээний албанд шинжлүүлсэн байна. Магадлан итгэмжлэгдсэн уул уурхайн олборлосон дээжийн эрдэсийг шалгах тусгай зөвшөөрөл бүхий “Ханлаб” ХХК-ийн шинжилгээнд мөн хүргүүлжээ. Түүнчлэн уул уурхайн компаниуд дунд шинжилгээ үнэн бодит хийдгээрээ нэр хүндтэй “SGS” компани руу нэг дээжийг нь хүргүүлсэн байна. Гэтэл дээрх гурван газрын шинжилгээний хариу гурван өөр гарсан байх юм. “Ханлаб” ХХК“Та бүхний ирүүлсэн дээжийг шинжилж үзэхэд шороон хүдэрт 1398 грамм мөнгө агуулагдаж байна” гэсэн албан ёсны хариуг өгчээ. Харин “SGS” компани “Хүдэрт байгаа мөнгөний агууламж 1706 грамм байна” гэх шинжилгээний хариу илгээжээ. Гэтэл Монгол Улсын Геологийн төв лабораторийн хариу “Жи Пи Эф” компанийн “Салхит” уурхайн хүдрийн дээжид шинжилгээ хийхэд мөнгөний агууламж 441 грамм байна” гэж гарчээ. Ийм хол зөрүүтэй хариу гарч таарах уу. Эндээс хэргийн зангилаа тайлагдаж эхэлжээ.
Дарга нарын хяналт дор хийсэн шинжилгээгээр мөнгөний агууламж хэддахин нэмэгджээ
Геологийн төв лабораторийн захирлаар дөнгөж томилогдож ирээд удаагүй байхдаа “Танай ажилтнууд Хятадын компаниудтай нийлж мөнгөний агууламжийг дарж шинжилгээ хийсэн байна. Хууль бус үйлдлийг зогсоож өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу Н.Тэгшбаяр захирал шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Ингээд Геологийн төв лабораторийн захирлын тушаалаар Ажлын хэсэг гарч, шинжилгээнд ирсэн дээжид дахин шинжилгээ хийлгэжээ. Ингэхдээ Н.Тэгшбаяр тэргүүтэй дарга нарын хяналт дор шинжилгээ хийсэн байна. Гэтэл хэдхэн хоногийн өмнө мөнгөний агууламж нь 441 грамм гэсэн хариу гарч байсан “Жи Пи Эф” компанийн “Салхит” уурхайн хүдэр удирдах албан тушаалтнуудын нүдэн дээр өөрчлөгджээ. Бүр мөнгөний агууламж 1417 грамм байгаа нь тодорхой болов. Ингэж Геологийн төв лабораторийн мэргэжилтнүүд “Жи Пи Эф” компанийнхантай нийлж гэмт хэрэг үйлдсэн байж магадгүй хэрэг цааш хүрээгээ тэлж эхэлжээ. Геологийн төв лаборатори дотооддоо хяналт шалгалт хийж буруутай этгээдийг олохоор болсон байна. Харин УМБГ-ынхан Гаалийн алба хаагчид болон “Жи Пи Эф” компанийг шалгаж байгаа аж. Цагдаагийн байгууллагад БНХАУ-ын “Жи Пи Эф” компанийн ажилтнууд мөнгөний агууламж багатай дээжийг жинхэнэ дээжээр солих ажил хийдэг байж болзошгүй мэдээлэл ирсэн гэнэ. Үүний дагуу гэрчүүдээс байцаалт авах үед тус компанийн нэгэн жолооч бага агууламжтай тусгайлан бэлдсэн дээжийг Геологийн төв лабораторийнхонд аваачиж өгч жинхэнэ дээжийг сольдог байсан талаар мэдүүлжээ. Үүний дагуу шалгалт хийгдэж байгаа гэнэ.
Гаалийнхан Хятадын компанитай нийлж Монгол Улсын эсрэг ажиллаж эхлэв үү
Хилээр гарч буй хүдрийн агууламжийг дарах хэнд ашигтай вэ. Энэ асуултын хариултыг олох маш амархан юм байна. Мөнгөний агууламж өндөр байх тусам улсад өндөр татвар төлнө. Харин мөнгөний агууламж бага байх тусам төлөх татварын хэмжээ багасна.
Гэнэт “Жи Пи Эф” компани хөрөнгө мөнгө гаргаж олборлосон хүдрээ маш бага үнээр өгч байхаар нэгэн компанитай гэрээ байгуулсан нь мөн л татвар төлөхөөс зайлсхийж буй арга байж магадгүй гэнэ. Мөнгөний агуулга нь 428 грамм байвал гаалийн татварын нэгдүгээр аргаар боддог байна. Харин агуулга нь 798-аас дээш байвал гаалийн татварын дөрөвдүгээр аргаар буюу өндөр татвар төлдөг байна. Ямар ч хүний нүдэнд ил цагаанаар мөнгөний агуулга нь арав дахин буураад ирж байхад манай гаалийнхан анзаарахгүй сууж байна гэвэл худлаа. Гаалийнхан Хятадын компанийнхантай нийлж мөнгөний агууламжийг хэд дахин дарж гаргаад улсын сан хөмрөгт орох ёстой байсан мөнгөний тодорхой хувийг замаас нь авдаг байсан байх магадлал өндөр байгаа гэнэ. Дээрх компани гаалийнхантай нийлж улсад хэдэн тэрбум төгрөгийн татвар төлөөгүй гэдгийг тогтоох ажил хийгдэж байгаа гэнэ. Албаныхан “Энэ компани улсад хэчнээн тэрбумын хохирол учруулсныг удахгүй тодорхой болгоно” гэж байсан юм. Мөн дээрх асуудлаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байх үед гаалийнхан тус компанийн мөнгөний агуулгаа дарсан байж болзошгүй хүдрийг хилээр гаргачихсан байна.
Сайд, УИХ-ын цөөнгүй гишүүн Яан Жин Гуаны арыг хамгаалдаг уу
“Жи Пи Эф” компанийн захирал Жин Жиа Минтэй холбоотой хэргийг хуулийн байгууллагынхан шалгаж байгаа. Дээрх гэмт хэрэгт холбогдож эхэлсэн даруйдаа “Жи Пи Эф” компанийн захирал Жин Жиа Мин хил даван зугтаачихсан байна. Харин Жин Жиа Минийн дотнын найз гэгдэх манай улсад өдгөө нэлээд нэр хүндтэйд тооцогдож байгаа хувийн эмнэлгийн эзэн Яан Жин Гуан тус компанийн үйл ажиллагааг хариуцаж байгаа гэнэ. Түүнийг цагдаагийнхан шалгаж байгаа гэх. Манай улсад олон жил болж байгаа Яан Жин Гуан гэгч нь УИХ-ын гишүүд, сайд, дарга нарын болоод гэр бүлийнхнийх нь эрүүл мэндийг хариуцдаг, ойр дотнын хүмүүст нь эмчилгээ хийдэг нэгэн гэнэ. Тэрбээр “Намайг сайд, УИХ-ын олон гишүүн хамгаалдаг” хэмээн “Жи Пи Эф” компанийн монгол ажилтнуудыг байнга дарамталдаг гэх. Бүр сайд, УИХ-ын гишүүдтэй хамт авахуулсан гэрэл зургаа үзүүлээд дарамталдаг гэх яриа ч байна. Мөн Яан Жин Гуан нь авлигын хэргээр ял сонсож байсан нэгэн юм байна. Хууль хяналтынхан ийм нэгэн ээдрээтэй хэргийн зангилааг тайлж эхэлжээ.
Э.Баатар