Казахстан улсын Астана хотноо энэ сарын 18-20-ний өдрүүдэд “Рио-2016” наадмын сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн зохиогдох билээ. Энэхүү тэмцээнээр эхний хоёр байранд шалгарсан бөхчүүдэд олимпийн наадамд оролцох эрх олгох юм. Тэгвэл манай улсын тамирчдын хувьд өнгөрсөн онд АНУ-д болсон ДАШТ-ээс эмэгтэй хоёр, эрэгтэй дөрвөн жинд олимпийн наадамд оролцох эрхээ олж авсан юм.
Олимпийн эрхийн төлөө эрэгтэй 86 кг жинд О.Үйтүмэн, 96 кг жинд Д.Хүдэрбулга нар өрсөлдөх бол эмэгтэй 48 кг жинд Э.Нарангэрэл, 53 кг жинд Э.Сумьяа, 58 кг жинд П.Орхон, 75 кг жинд Б.Одончимэг нар өрсөлдөнө. Дасгалжуулагчаар Б.Баяраа, Б.Батбаяр, З.Дүвчин нар ажиллах бөгөөд шүүгчээр Д.Сэрээтэр оролцох аж.