Categories
мэдээ цаг-үе

С.Одонтуяа: Гамшгийн нөхцөл байдал үүссэн бол тухайн хүүхдийг Засаг дарга хамгаалалтдаа авна

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяатай ярилцлаа.

-Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. Ялангуяа эцэг, эхчүүд сонирхож байна. Уг хуулийнхаа талаар ярихгүй юу?

-УИХ-аар Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг батлуулсан. Уг хуулиуд хэрэгжсэнээр хүүхдийн эрхийг хэрэгжүүлэгч талуудын үндсэн үүрэг, тэдний хоорондын харилцан хамаарлыг илүүтэй тодорхой болгож өгсөн. Хуулийн хүрээнд улсын статустай хүүхдийн байцаагч нарыг бий болгохоор судалж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагууд бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээний чанарт хяналт тавьж, дүгнэлт гаргадаг ч энэ нийгмийн хамгийн үнэ цэнтэй зүйл болох хүн, тэр тусмаа хүүхдийн эрх зөрчигдөж байгаа эсэхийг хянадаг, дүгнэдэг улсын байцаагч гэж манайд байдаггүй. Тэр утгаараа хүүхдийн байцаагчтай болох гэж байгаа юм.

Нэг зүйлийг нэмж өгүүлэхэд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль 1996 онд батлагдсан. Түүнээс хойш 20 жилийн дараа шинэ хуультай болж байна. Хууль батлагдсанаар Монгол Улсын хэмжээнд хүүхдийн эрхийг хангах үндэсний тогтолцоо бий болж байна. Мөн аливаа хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хэрхэн хамгаалах вэ, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулах зэрэг харилцааг зохицуулах эрхзүйн орчинтой боллоо.

-Хуулийн хэрэгжилтийг хэрхэн хянах вэ. Манайд батлагдсан хуулиуд олон ч хэрэгжилтийг нь хянах байгууллага, төсөв байдаггүйн улмаас “Хууль гууль боллоо” хэмээн шүүмжилдэг?

-Таны хэлж байгаа зөв. Манайхан хууль батлахдаа тухайн хуулийн хэрэгжилтийг нь хангах асуудлаа байнга бодож байх ёстой. Эдгээр хуулийг хэрэгжүүлэхэд нийтдээ 20-иод дүрэм, журам, стандарт батлах хэрэгтэй болоод байна. Салбарын яам болон Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, агентлагууд хамтарч тусгайлсан төлөвлөгөө гаргаж, боловсруулах ёстой. Мөн энэ хоёр хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн тооцооллыг олон улсын экспертүүдийн дэмжлэгтэйгээр бид хийж байна. Жил бүр улсын төсөвт 3.2-3.5 тэрбум төгрөг тусгуулж байж эдгээр хууль бүрэн хэрэгжих бололцоотой. Ингэхдээ хоёр үе шаттай хийнэ. 2017, 2018 оноос санхүүжилт нь шийдэгдээд явна.

-Сүүлийн үед хүүхэдтэй холбоотой сэтгэл сэртхийлгэм хэргүүд гарах болсон. Мөн гэр бүлийн хүчирхийлэл манайд төдий л буурдаггүй. Энэ бүхнийг хэрхэн зохицуулж өгч байгаа юм бол?

-Үр хүүхэдтэй хүн бүр энэ тал дээр санаа зовдог. Хүүхэд хүчирхийллийн золиос болж байгаад нийгэм даяар нэлээд шүүмжлэлтэй ханддаг болсон. Шүүмжлэлтэй хандаж байна гэдэг чинь олон нийтийн хандлага эерэг тал руугаа явж байна гэсэн үг юм. Шинэ батлагдсан Эрүүгийн хуулиар хүүхдийн эсрэг хүчирхийллийг гэмт хэрэг гэж үзэхээр болсон. Түүнчлэн Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг гэр бүл, сургууль, асрамжийн газар, ажлын байр, малын бэлчээр гээд нийгмийн бүх орчинд хориглож байгаа. Гэсэн ч Хүүхэд хамгааллын тухай хууль дангаараа эдгээр асуудлыг зохицуулахгүй. Монгол Улсад хэрэгжиж буй Гэмт хэргийн тухай, Эрүүгийн тухай, Зөрчлийн тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай гэх мэт хуулиуд, тэдгээрийг дагалдан гарч буй хуулиудын хүрээнд цогцоороо шийдэгдэнэ.

-Манай орны хувьд бусад орнуудыг бодоход хүүхдээ хүмүүжүүлэх тал дээр арай өөр байдаг. Уламжлалт арга барил өдгөө ч хэвээрээ байгаа. Энэ бүхнийг хуульд тусгасан уу?

-Монголчууд эрт цагаас хүүхэд хүмүүжүүлэх өөрсдийн гэсэн баялаг уламжлалтай. Ухааруулдаг, сэнхрүүлдэг, өөрөө дагуулж үлгэрлэдэг юм. Харин өөрөө зодож занчаад өөрийнх нь хэлсэн үг, хийсэн үйлдлийг дагасан хүүхдийг буруутгаж алгаддаг нь ухамсар дорой хүмүүсийн шинж. Монголчуудын хэлдгээр хааяа нэг алган боов амсуулж болох ч энэ үйлдэл байнга давтагдаад ирвэл гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ. Хүүхдийг хэдэн настайд нь хаан мэт өргөмжлөх вэ, хэдэн настайд нь найз мэт нөхөрлөх вэ гэхчилэн сэтгэл рүү нь өнгийж, дотор нь орсон юм шиг сонсч ойлгодог байх нь чухал.

-Эцэг эхчүүдийн хувьд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Эцэг, эх ёс суртахууны доголдолтой бол Гэр бүлийн тухай хуулийн дагуу хүүхэд хүмүүжүүлэх талаар эцэг эхийн хариуцлага, мэдлэгийг дээшлүүлэх сургалтад хамрагдах шаардлагатай. Мэдээж, эдгээр үйлчилгээнүүдийг төрийн байгууллага дангаар гэхээс илүүтэй бусад хуулийн этгээдтэй хамтран хэрэгжүүлэх нь үр дүнтэй.

Гэр бүлийн тухай хуульд орж байгаа хамгийн чухал шинэчлэл нь эцэг, эхчүүд хүүхдэдээ зориулах цагийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Түүнчлэн ажил олгогч нь хөдөлмөрийн бүтээмж болон аюулгүй байдлыг нэмэгдүүлэх үүднээс байгууллагаараа ажилтны ар гэрт анхаарал тавих үүрэг хүлээж байгаа. Өөр нэг чухал зүйл нь гэхээр эцэг эхийн хуралд суухад цалинтай чөлөө олгох, албадан сургалтад хамрагдахад нь цалингүй ч гэсэн ажлаас нь чөлөөлдөг байхаар хуульчилж байна.

Хууль батлагдсан учраас холбогдох яамд журам гаргах ёстой. Хөдөлмөрийн яамнаас гэхэд өвлийн морин уралдаан хүүхдийн эрүүл мэндэд эрсдэлтэй гэж үзэж, журам гаргачихсан. Барилгын салбарт хүүхэд ажиллаж болохгүй гэх жишээтэй. Тэгэхээр салбар яамдын зүгээс хүүхэдтэй холбоотой журмуудыг гаргах хэрэгтэй. Энгийн жишээ хэлэхэд хөдөө аймаг, сумдад өвлийн цагт олимпиадууд зохиогддог. Хүүхдүүд өвлийн хүйтэнд, хүнд нөхцөл байдалд хол зам туулж олимпиадад оролцдог явдлыг дэмжихгүй байгаа.

-Сүүлийн үед цахим орчинд хүүхдийн хүчирхийллийн янз бүрийн бичлэг, зураг тавигдах болсон. Энэ нь нэг талдаа олны анхааралд өртөж байгаа мэт боловч нөгөө талдаа тухайн хүүхдэдээ хэцүү байдаг бололтой…

-Өмнө нь далд хэлбэрт түгээмэл байсан хэргүүд цахим орчинд тавигдаад ирэхээрээ олны анхаарлыг татах болсон. Энэ нь аливаа нэг сөрөг үйлдэл, хандлага руу олон нийтийн анхаарлыг татахад хялбар болгож байгаа. Үүнийг нь бүр хуульчлаад өгч байгаа юм. Тодруулбал, хүүхдийн эрх зөрчигдөж буйг, хүүхэд эрсдэлтэй нөхцөлд байгааг мэдсэн иргэн заавал мэдэгдэх үүрэг хуулиар хүлээнэ. Хаана, хэнд хандаж, мэдээлэл хүргүүлэх талаар хуульд тусгасан байгаа.

-Мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол тухайн иргэнийг яах юм?

-Хүүхдийн эрхийн зөрчил илэрсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх талаар Зөрчлийн тухай, Эрүүгийн тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирийллийн тухай гэх мэт бусад хуульд тодорхой заасан. Хүүхдийн эрх болон Хүүхэд хамгааллын тухай хууль нь эдгээр хуультай холбогдож байж хүүхэд, гэр бүлийн асуудлаар эрх зүйн орчны шинэчлэл болж байгаа юм. Мөн тухайн шатны Засаг дарга ямар нэгэн эрсдэлтэй нөхцөлд орсон хүүхдийг түр асран байршуулах, эрхийг нь хамгаалах үүрэг хүлээж байгаа. Жишээлбэл, архичин эцэг, эх гэх мэт гэр бүлийн эрсдэлтэй орчинд амьдарч байгаа хүүхэд байж болно. Мөн алдаж эндээд, хуулийн шийтгэл хүлээж байгаа, эсвэл суллагдаад гарч ирж байгаа хүүхэд байж болно. Түүнчлэн гамшгийн нөхцөл байдал үүссэн бол тухайн хүүхдийг Засаг дарга хамгаалалтдаа авах үүрэгтэй.

-Хойд эцэг, эх, асрамжийн газар гээд хүүхдүүдийн эрх зөрчигддөг асуудлууд мундахгүй байдаг. Энэ асуудлууд хэрхэн туссан юм бол?

-Хүний амьдралд давагдашгүй хүчин зүйлүүд их байдаг. Үхэл гэдэг зүйлийг бид яаж ч чаддаггүй. Тийм болохоор хагацал, өнчрөл хүний амьдралд ирдэг жам ёсны хэцүү асуудал. Үлдсэн өнчин хүүхдийг бид ямар нэг аргаар хүн болгодог. Түүнчлэн амьдын хагацалтай тулгарсан болон бутач хүүхдүүдийн асуудлыг ч мөн хөндсөн. Өмнө нь бид өнчин хүүхдүүдийг асрамжийн газар руу явуулаад тухайн асуудлыг шийдчихэж байгаа мэтээр хардаг байсан. Гэвч асрамжинд байсан хүүхдүүд өнөөдөр амьдрах чадвар байна уу, эцэг эхийг нь орлож байгаа хүмүүс хайрлаж чадаж байна уу, боловсролтой болж чадаж байна уу гээд яривал олон асуудал бий. Бусдын асрамжинд байгаа хүүхдүүд эцэг, эхийнхээ дэргэд өссөн хүүхдүүдээс тэс өөр. Бид асуудлыг бодитоор харах хэрэгтэй. Тиймээс энэ хуулиар өнчин хүүхдүүдийг садан төрлийнх нь асрамжинд өгье гэж байгаа. Асрамжиндаа авч байгаа хүмүүст төрөөс амьжиргааны тэтгэмжээр урамшуулах заалт оруулсан.

-Хөдөлмөрийн яамнаас өвлийн морин уралдаан хүүхдийн эрүүл мэндэд эрсдэлтэй гэж үзсэн тухай дээр хэлсэн. Саяхан Дүнжингарав гээд уралдаан боллоо. Цаашид ч болох байх. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа юм?

– Хүүхдийн эрхийг зөрчиж байгаа нэг асуудал нь хүйтний улиралд хүүхдээр хурдны морь унуулж байгаа. Саяхан нэг судалгаагаар хүүхдүүдийн ихэнх нь өвлийн улиралд морь унаж уралдах хүсэлгүй болохоо илэрхийлсэн дүн гарсан байна билээ. Хүүхдийг оролцуулж ашиг хонжоо, нэр төрийн төлөө явж уралдаан наадамд оролцох нь Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцсон байдаг. Энд нэг зүйлийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Хүүхэд хичээлийн бус цагаар, чөлөө заваараа эцэг эх, гэр бүлийнхнийхээ бизнест туслах нь нээлттэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *