Categories
мэдээ цаг-үе

Хүмүүс ээ, газар харагдаж байна

1492 оны аравдугаар сарын 12-ны үүрээр “Пинта” хөлгийн усан цэрэг Родриго де Триана “Газар. Газар харагдаж байна” хэмээн хашгирах үед гурван онгоцны нийт гишүүд болох ер орчим хүн галзуурахад ганц хуруу дутуу болчихсон байсан гэдэг. Энэ бол Америк тивийг нээсэн Кристофер Колумбын аяллын гэрэлт хуудасны эхлэл билээ. Харин түүх нь хавьгүй өмнө, Энэтхэг, Хятадыг чиглэн өрнө зүг рүү хөдөлж хүрч болох онол дэвшүүлсэн, тэр онолоо бататгах аяллын хөрөнгө босгохын тулд Португаль, Англи, Итали, Испанийн эзэн хаадын өмнө өвдөг сөхөрч тэнүүчилж явсан Генуягийн ядуу далайчны даяанчлалаар эхэлдэг. Товчхондоо бид өнөөдөр дэлхийн түүхийг орвонгоор нь эргүүлсэн алдарт аялагч, зоригт далайчин, хэрцгий колончилогч, мухар сүсэгтэн Кристофер Колумбын тухай өгүүлэх гэсэн юм.

Колумб 1451 онд Генуяд төрсөн нь яг үнэн. Харин өсч өндийсөн орчин, эцэг эх, хүмүүжил, боловсрол зэргийнх нь талаар түүхчид алд дэлэм зөрүүтэй мэдээлэл тараадаг тул энэ хэсгийг нь орхиё. Судлаач бүхний зөвшөөрдөг нэг баримт нь түүнийг Европоос баруун зүг рүү аялан тэмүүлэхэд түлхэц болсны нэг нь Италийн газар зүйч Паоло Тосканеллиг гэдэг юм билээ. Тосканелли дэлхийг бөөрөнхий хэлбэртэй гэж үздэг, харин радиусыг нь жинхэнээс нь хэтэрхий багаар тооцоолсон тул Европоос гарч Африкийг тойрон Энэтхэг, Хятадад очсонд орвол шууд баруун зүг рүү аялж дэлхийг тойроод Ази руу очих нь бага зардалтай, богино хугацааны аялал болох юм хэмээх таамаглалыг дэвшүүлжээ. 25 настай Колумб энэ үзэл бодолд “живж” тухайн онолыг улам боловсронгуй болгосны эцэст “аялах хэрэгтэй” гэсэн зорилгод хүрчээ. Дэлхийн ихэнх хүмүүс амьдарч буй гаригаа хавтгай хэлбэртэй гэж үздэг, том чадалтай улс нь жижгийгээ шууд л цэрэг, зэвсгийн хүчээр устгаж болдог, боол хүн гэдэг нь нохой, муурны дараа бичигддэг байсан үе шүү дээ. Колумб өөрийн онолоо Португалийн хаан, Английн Генрих VII, Испанийн Фердинанд нарт ээлжлэн танилцуулаад нэмэр эс олов. Англичууд дотооддоо хаан сэнтийний төлөөх тэмцэлтэй, Испанийн хаан мавруудын нутаг Гранадыг эзлэх гээд, Португали еврейчүүдийн нүүдэлд дарагдчихсан байсан тул Колумбын утгагүй санааг огт хүлээж авсангүй. Аргаа барсан Колумб Франц руу хандах гэж байтал Испанийн хатан хаан Изабелла түүнийг дуудаж санаа оноог нь сонссоны эцэст хөрөнгө гаргахаар болжээ. Хэрвээ шинэ усан замаар Испанийн хөлөг онгоц Энэтхэг, Хятад орж чадвал энэ нь тухайн улсад асар их баялаг авчрах боломжийг нээж өгөхөөр байлаа.

Колумбын дөрвөн аяллын маршрут, цаг хугацаа

Ингээд хатан хааны санхүүгийн тусламжтайгаар Кристофер Колумб “Санта Мариа”, “Нинья”, “Пинта” хэмээх дарвуулт гурван хөлөг онгоц, 90 усан цэрэг бүхий багтай 1492 оны наймдугаар сарын 3-нд Палое боомтоос өрнө зүг рүү Атлантийн далайг чиглэн загаснаас өөр зүйл юу ч үзээгүй ус руу тэмүүллээ. Саргассын тэнгисийн ногоон замганд зоогдож, соронзон орны меридианд луужингууд нь бүгд буруу зааж эхлэх үеүдэд хөлгийнхөн “Бурхан биднийг буц гэж байна” хэмээн шүтлэгтэн бослого гаргах дөхөж байлаа. Аргагүй шүү дээ, гурван сар орчим аялсан хүмүүс ахмадынхаа үнэн худал нь мэдэгдэхгүй зөгнөлд итгэх үзэл нь мохоо биз дээ. Тэгээд Колумб “За одоо гурав хоног хөөе. Газар эс харагдваас хүрдээ буцаан эргүүлэх болно” хэмээн амласан гэдэг. Тэгээд гурав дахь хоногийнх нь төгсгөлд тэр усан цэрэг Родриго де Триана бүгдийг сэртэл хашгирсан түүх бичигджээ. Энэ усан цэрэг бол Америк тивийг харсан анхны европ хүн агаад хожмоо Колумбын нэртэй мөнхөд хамт хүүрнэгдэх азтай нэгэн болж байгаа юм. Одоо Севилья хотод түүнд зориулсан хөшөө ч бий. Колумбын анхлан очсон газар нь Багамын арлууд, Куба, Гайти байсан бөгөөд тэндхийн нутгийн иргэдтэй учирч алт, мөнгө арвинтай, үржил шимтэй, үзэсгэлэнтэй газар нутагтай болохыг нь мэдэж авсан. Европт буцаж очоод үзэж харснаа ярихдаа тэр шинэ газар, тив нээсэн гэдгээ ойлгоогүй “Энэтхэг, Хятад руу европчууд очиж байгаагүй газраас арвин олз омогтой ирлээ” гэх шахуу юм яриад л явж байсан гэдэг.

“Пинта” хөлгийн усан цэрэг Родриго де Триана

Гэхдээ аялал нь үр дүнтэй болсон нь нэгэнт ойлгомжтой тул хатан хаан Изабелла түүнд 17 хөлөг онгоц, 1500 хүнтэй баг өгч хоёр дахь аялалд нь гаргасан юм. Үүнээс хойш хоёр ч удаа шинэ тив рүү аялж эцэстээ ямар ч Энэтхэг, Хятад биш огт өөр тив нээсэн гэдгээ ойлгожээ. Колумбаас өмнө викингүүд хойд Америкийн эрэгт хүрч байсан гэлцдэг ч энэ ямар ч баримт сэлтээр нотлогдоогүй тул яах аргагүй Кристофер Колумб анхдагч болж таараад байгаа юм. Тэр үеийн нөхцөл байдал Америк тивийг нээхэд тун дөхчихсөн, Колумб биш юм аа гэхэд өөр хэн нэгэн түүний замаар аялах нь ойлгомжтой болчихсон байсан үе гэлцдэг. Тэгэхдээ л Италид төрж Португалид өссөн, Испанийн нэрийн өмнөөс бүх аяллаа гүйцэтгэх хувь тавилантай байсан Колумб хэмээх энэ залууд бүх нэр төр ирсэн билээ. Хүн хүнээ дарлаж болдог тэр цаг үеийн бодит төлөөлөгч байсан тул нутгийн иргэдийг хүйс тэмтрэх, хүчээр өөрийнхөө шашинд урвуулах, эд хөрөнгийг нь дээрэмдэх, газар нутгийг нь булаан хатан хааны эзэмшил болгох зэрэг зохисгүй үйлдэл гаргаж байсныг яалтай ч билээ. Түүний гаргасан жимээр цувсан европчууд бүр ч илүү харгислал үйлдсэн шүү дээ. Гэхдээ дэлхийн зөвхөн нэг талд чихэлдэж амьдарч байсан хүмүүс эсрэг талдаа шилжин суурьшиж Америк, Канад, Аргентинаас эхлүүлээд өөр олон олон улс үүсгэх хувь тавилангийн эхлэлийг тавьсан гээд бодохоор түүнийг буруутгах аргагүй юм. Өөрийн нэрээр нэрлэгдсэн хот, муж, хөшөө, барилга, тэр бүү хэл улстай хүн энэ дэлхийд хэд билээ. Бараг л тэр ганцаараа байх.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *