Өнөөдөр бөөр хамгаалах дэлхийн өдөр тохиож байна. Жил бүрийн гуравдугаар сарын 2 дахь долоо хоногийн пүрэв гаригт “Бөөр хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн юм. Анх 2006 онд Олон Улсын Бөөр Судлаачдын Нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор уг өдрийг тэмдэглэж эхэлсэн байна. Улмаар дэлхийн бүх улс оронд уриалга хүргүүлж, одоогоор 200 гаруй оронд тэмдэглэдэг болоод байгаа аж. Харин манай улс 2009 оноос хойш найм дахь жилдээ тэмдэглэж эхэлж байна. Бөөрний өвчлөл сүүлийн 10 жилийн байдлаар хүн амын өвчлөлийн гуравдугаарт жагсах болсон мэдээ бий.
Ялангуяа эрт оношлуулаагүй тохиолдолд өвчин даамжирч архагшдаг байна. Нэгэнт архагшсан бол бүр мөсөн хэзээч эдгэрдэггүй. Тодорхой хугацааны дараа бөөрний архаг дутагдалд ордог аж. Ингэснээр бөөр биед гүйцэтгэдэг үндсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрч, хорт бодис биеэс гадагшлахгүй, цус төлжихгүй, даралт хэвийн биш болохоор хүний бие организмын солилцоо тэр чигээрээ зогсонги байдалд ордог байна. Ингээд бүх хэвийн байдал алдагдаж эцсийн шатандаа бөөр орлуулах эмчилгээ хийлгэхгүйгээр амьдрах боломжгүй болдгийг мэргэжлийн эмч нар анхааруулж байна.