“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ой энэ сард тохионо. БХЯ, ЗХЖШ-аас орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд хэд, хэдэн бүтээлч ажил зохион байгуулан ажиллаж байгаа аж. Энэ долоо хоногт гэхэд хэд, хэдэн арга хэмжээ нь зохион байгуулах ажээ.
Тухайлбал, энэ сарын 10-нд “Зэвсэгт хүчний сургалтын тогтолцоонд хийсэн шинжилгээ” эрдэм шинжилгээний хурал, “Монгол цэргийн музей”-д цэрэг эрсийн агшин гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэж, “Оюутан цэрэг”-ийн нээлт энэ өдөр нийслэл болоод Ховд, Дорнод аймагт нэгэн зэрэг болно. Нийслэлд болох “Оюутан цэрэг”-ийн нээлт гуравдугаар сарын 10-ны 10.00 цагт Нийслэлийн засаг, захиргааны тавдугаар байранд болох бөгөөд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны удирдлагууд, Монголын оюутны холбоо, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд оролцоно.
Мөн энэ сарын 11-нд “Офицеруудын ордон”-д “Эх орны цэрэг” яруу найргийн наадам болон гадаад улсаас манай улсад суугаа Элчин сайдын яамдын ажилтнуудын “Нөхөрсөг-уулзалт тэмцээн”, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагуудын дундах тэмцээн болохоор товлогджээ.
УИХ-ын 2015 оны 85 дугаар тогтоолоор “Батлан хамгаалах бодлогын үндэс” бодлогын баримт бичиг шинэчлэгдэн батлагдсан билээ. Энэхүү бодлогын баримт бичигт орсон өөрчлөлт шинэчлэл, түүний онцлог, Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний ангиудад, яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын алба хаагчдад энэ сарын 11-нд танилцуулахаар бэлтгэлээ хангаж байгаа ажээ.
Мөн ойн хүрээнд Зэвсэгт хүчний 95 жилийн ойгоор Улаанбаатар цэргийн хүрээний Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын нэгдсэн үлээвэр найрал хөгжмийн жагсаал Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбайд зохион байгуулж, ойн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт, хүчит 256 бөхийн барилдаан болохоос гадна Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын талархалын хэсэгчилсэн тоглолтыг Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний анги, байгууллагуудад зохион байгуулахаар ажиллаж байна.