Categories
мэдээ нийгэм

“Монгол тэмээ-999” уралдаан боллоо

Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Монгол тэмээ-999” уралдаан, тэмээчдийн зөвлөгөөнийг Даланзадгад хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Дэлхийд хоёр бөхт тэмээгээрээ гоёж, Гиннест бүртгүүлэх “Монгол тэмээ-999” арга хэмжээнд Улсын их хурлын дарга З.Энхболд, Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Улсын их хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын төрийн түшээ эрхмүүд оролцож байна.

Их говийн тэмээчдийн наадамд Өмнөговь, Говьсүмбэр, Увс, Дорнод, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Говь-Алтай, Төв аймгаас 1200 гаруй хурдан тэмээтэй тэмээчид хүрэлцэн иржээ. Нээлтийн арга хэмжээний дараа “Сайхан хос” шалгаруулах тэмцээн болж нэгдүгээр байранд Өмнөговь аймгийн Цогт-овоо сумын хос, хоёрдугаар байранд Мандал-овоо сумын хос, гуравдугаар байранд Ханхонгор сумын хос тус тус шалгарлаа.

“Тэмээчдийн зөвлөгөөн”-ий үеэр ХХАА-н сайд Р.Бурмаа хэлсэн үгэндээ “Дэлхийн хоёр бөхт тэмээний удмын гол цөм нь монгол үүлдрийн тэмээ тул манай төр, тэмээ судлаач эрдэмтэд, малчид тэмээнийхээ генефондыг хамгаалж, тоо толгойг нь өсгөхөөр ажиллаж байна. Өнгөрсөн 2015 онд Өмнөговь аймагт үржүүлж байгаа “Ханын хэцийн хүрэн”, Говь-Алтай аймагт үржүүлж байгаа “Төхөм тунгалагийн хүрэн” омгийн тэмээг тус тус үүлдрээр баталлаа” гэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *