Categories
гадаад мэдээ

ДЭЛХИЙН ХҮМҮҮС: “Toyotа”-г үндэслэн байгуулагч Киичиро Тоёда

Японы “Toyotа” машиныг мэдэхгүй
хүн үгүй. Энэ салбартаа дэлхийд тэргүүлдэг “Toyotа” корпораци нь нэхмэлийн машин
үйлдвэрлэлээс үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. 1924 онд Сакиди Тоёда нь автомат
ажиллагаатай G загварын өөрөө зогсдог нэхмэлийн машин бүтээжээ. Түүнийхээ патентыг
Английн нэгэн компанид худалдаж мөнгөөр нь машин үйлдвэрлэх үйл ажиллагаагаа эхлүүлсэн
гэдэг. 1929 оноос Сакиди Тоёдагийн хүү Киичиро Тоёда нь компанийнхаа дэргэд автомашин
үйлдвэрлэлийн асуудлыг хариуцсан газар байгуулахыг санаачилсан. Ийнхүү нэхмэлийн
машинаар гараагаа эхлүүлсэн “Toyo­da Automatic Loom Works” компани нь шинэ салбарт
хүчээ сорихоор шийджээ. Энэ ажлыг Сакиди Тоёда өөрийн хүү Киичиро Тоёдад хариуцуулсан
байна.

Киичиро Тоёдаг Японы машин үйлдвэрлэлийг
үндэслэн байгуулагч гэж болно. Тэрээр хүүхэд байхдаа байнга өвддөг бие муутай байсан
тул гэр бүлийнхээ бизнесийг үргэлжлүүлнэ гэдэгт эцэг, эх нь эргэлзэж байсан гэдэг.
Тэр үед техник нэлээд хөгжиж, Сакида Тоёда нэхмэлийн машинаас илүү автомашин ирээдүйтэй
гэдгийг мэдэрчээ. Тиймээс ч машинд сонирхолтой хүүгээ энэ салбарт ажиллуулахаар
болж дунд сургуулиа төгссөнийх нь дараа Эзэн хааны нэрэмжит Токиогийн их сургуульд
оруулсан. Киичиро Тоёда машин, хөдөлгүүрийн чиглэлээр дагнан суралцаж амралтаараа
аавынхаа үйлдвэрт дадлага хийж чамгүй туршлага хуримтлуулсан юм. Их сургуулиа дүүргэснийхээ
дараа аавынхаа үйлдвэр дээр автомашин үйлдвэрлэлийг хариуцсан газар байгуулж өөрөө
хариуцан ажиллах санал дэвшүүлсэн юм. Үүнийг аав нь ч эхнээсээ дэмжсэн гэдэг. Үүний
өмнөхөн Европ, АНУ-д очиж нэг жил туршлага судалсан байжээ. Залуухан япон эр үйлдвэрүүдээр
орж үйл ажиллагаатай танилцахдаа хөдөлгүүр зэргийг хэрхэн үйлдвэрлэж байгааг ихэд
анхааралтай ажиглана. Байнга л юм асуухад нь үйлдвэрийн ажилтнууд дургүйцдэг байсан
гэнэ. Ийнхүү гадаадын орнуудаар явж байхад амаргүй байсан боловч бууж өгөөгүй гэдэг.
Ингээд нутагтаа эргэж очоод шатахуунаар ажилладаг машин үйлдвэрлэх ажлаа эхлүүлжээ.

Хожим нь Киичиро Тоёда үйлдвэрээ
өргөжүүлж “Toy­ota Motors” компани хэмээн нэрлэж өрх тусгаарласан түүхтэй. Түүний
үйл ажиллагааг Японы Засгийн газар анхнаас нь дэмжсэн. Гэвч 1930-аад онд дэлхий
нийтээрээ эдийн засгийн хямралд автсан байсан тул нэлээд бэрхшээлтэй тулгарсан байна.

Дэлхийн II дайны үед “Toyota
Motors” компани нь Японы эзэн хааны армид зориулан машин үйлдвэрлэж байжээ. Дайн
дууссаны дараа улс орных нь эдийн засаг хямралд автсан тул компани нь дампуурахаа
шахсан гэдэг. Киитиро Тоёда хүнд байдлыг давж гарахын тулд хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсэн
. Ингэснээр хэмнэлт хийхийн хажуугаар сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн
боломжтой гэдгийг харуулжээ. Дайны дараахь үеэс эхлүүлсэн энэ бодлогыг тус корпораци
өнөөдөр ч үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байгаа.


Киичиро Тоёдаг үйлдвэрлэлээ эхлүүлэхэд
эдийн засгийн хямрал нүүрлээгүй байсан бол илүү хурдан амижлтанд хүрэх байсан ч
гэдэг. Харамсалтай нь анх үйлдвэрлэсэн машинаасаа ердөө 20-ийг л зарсан
байна.

Дэлхийн II дайн дууссаны дараа Америкийн
тал Японы компаниудад цөөхөн тооны ачааны машин үйлдвэрлэх зөвшөөрөл олгосон юм.
Түүнээс нэг жилийн дараа “Toyota Motors” нь зах зээлд суудлын машин нийлүүүлэх эрх
авсан. Удалгүй Японы компаниудын машин үйлдвэрлэлд тавьсан хязгаарлалтыг цуцалсан
хэдий ч “Toyota Motors” компани санхүүгийн бэрхшээлтэй тулгарчээ. Банкнаас авсан
зээлээ төлж чадахгүйд хүрсэн тул 1500 ажилтныг халахад хүрээд байсан үе. Уг асуудлыг
шийдэхэд үйлдвэрчний эвлэлүүд идэвхтэй оролцож Япон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн
өрнөсөн гэдэг.

Киичиро Тоёда олон жилийн туршид
“Toyo­ta Motors”-ийг амжилттай удирдсаныг нь боловсон хүчнээ маш зөв сонгож чаддаг
байсантай холбон тайлбарладаг. Тэдний хүчин чармайлтаар тус компани өргөжин тэлж,
“Toyota” машин дэлхий нийтэд алдартай брэнд болсон.

Киичиро Тоёда ер бусын зүйл хийх
гэж зүтгэдэггүй нэгэн байсан гэдэг. Юуны түрүүн зах зээлд нэвтэрч, дараа нь бүтээгдэхүүнээ
улам боловсронгуй болгоно гэсэн зарчмыг баримталдаг байсан. Түүнээс гадна найдвартай
ажиллах, сайн чанарын, амархан угсарч, салгадаг машин үйлдвэрлэнэ гэсэн бодлогыг
баримталжээ.

Киичиро Тоёда “Toyota Motors”-ийн үйл ажиллагааг
улам өргөжүүлж, шинэ үйлдвэрүүд барихаас гадна машинаа улам боловсронгуй болгоход
нэлээд анхааран ажилласан. Ингээд дэлхий дахинаа алдартай болсон тус компани нь
1972 он гэхэд 10 сая дахь машинаа үйлдвэрлэсэн юм.

Өнөөдрийг хүртэл “Toy­ota
Motors” компани нь үйлдвэрлэж буй машинаа улам бүр боловсронгуй болгож, техник технологийн
хөгжил дэвшлийг нэвтрүүлсээр ирсэн. Эдийн засгийн хямралуудыг амжилттай даван гарсан
гэж болно. 1983 онд тус компани нь “General Motors”-той хамтран ажиллах гэрээ байгуулсан
нь нэлээд шуугиан тарьж байсан түүхтэй.

Киичиро Тоёдад компаниа удирдахад
амаргүй байсан гэдэг. 1950 оны эдийн засгийн хямралын үеэр ажилчид нь эсэргүүцлийн
цуглаан зохион байгуулж тэрээр ажлаа өгөхөөс өөр аргагүй болжээ. Түүний үеэл Эйдзи
Тоёда ажлыг нь авсныхаа дараахан шинэ загвар буюу“ Toyoto Lexus”-ийг зах зээлд нийлүүлсэн.
Энэ нь автомашины түүхэнд бас нэгэн шинэ түүхийг нээсэн гэдэг.

Киичиро Тоёдагийн аав Сакиди Тоёда
нас барахынхаа өмнө өөрийнхөө зорилгодоо хүрэхийн тулд тууштай шаргуу ажиллахыг
хүүдээ захисан гэдэг. Хүү нь ч аавынхаа хэлснийг биелүүлсэн. “Toyota Motors” компанийг
үндэслэн байгуулагч маань 1950 онд ажлаа өгч түүнээс хоёр жилийн дараа хорвоогийн
мөнх бусыг үзүүлжээ.

Киичиро Тоёда гэдэг хүн дэлхийн
автомашины түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *