Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүчирхийлэгчид гэр бүл рүүгээ ойртох үед нь дохиолол өгдөг чип суулгана

Нийгэмд хүлээлт үүсгэж байгаа хуулиудын нэг бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас сүүлийн дөрвөн жил орчим хугацаанд 50 гаруй хүн амь насаа алдсан бол 2015 онд 968 хүн гэмтсэн байна. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үздэг ч үүнийг хуулийн хэмжээнд аваачин үзэж, буруутай этгээдэд нь зохих ял оноох нь цөөн. Гэр бүлийн доторх асуудал хэмээн орхигдуулсаар ирсэн нь энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг нэмэгдүүлсээр байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 89 хувь нь эмэгтэйчүүд гэсэн судалгаа бий. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнө манай эмэгтэйчүүдийн байгууллагууд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг яаралтай батлахыг уриалж, энэ талаар дуу хоолойгоо нэгтгэдэг. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллын 21 дүгээрт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх байсан ч батлагдсангүй, дахин хойшилсон.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдан хэрэгжсэнээс хойш олон жил өнгөрсөн ч хэрэглэхэд түвэгтэй, доголон хууль болсон нь гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй байгаагаас харагдаж байгаа юм. Хохирогчдын хамгаалал муу, хүчирхийллээс шууд тусгаарлаж чаддаггүй, хуулийн хариуцлага хангалтгүй учир энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгааг олон улсын хүний эрхийн байгууллагууд манайд байнга сануулдаг. Тиймээс 2014 оноос эхлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэ хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа юм. Мөн Эрүүгийн болон Зөрчлийн тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хуулиудад гэр бүлийн хүчирхийллийн талаар багагүй зохицуулалт оруулж өгөөд буй. Хэрэв шинэчилсэн хууль батлагдвал гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид зан үйлээ өөрчлөх, хохирогчид дахин аюул учруулахгүй байхад чиглэсэн ял шийтгэлийн өвөрмөц төрөл, албадлагын арга хэмжээ цогцоороо хэрэгжих юм.

Хүчирхийлэгчийн зан төлөвийг өөрчлөх албадан сургалтад хамруулах, цаашлаад хүчирхийлэл үйлдэгчийн зорчих эрхийг хязгаарлаж, хохирогчид ойртох үед дохиолол өгдөг чип суулгах, хохирогчоос тусгаарлах зэрэг бодит арга хэмжээ авах боломжтой болно. Иймээс энэ хуулийг яаралтай хэлэлцэж батлах шаардлагатай байгааг УИХ-ын эмэгтэй гишүүд онцолдог.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилго нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог тодорхойлоход чиглэгдэж байгааг өөрчилж, хохирогч, гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтыг шинээр нэмж томьёолж байгаагаараа онцлог. Шүүхээс гаргасан эрх хязгаарлах шийдвэрийг хэн, яаж гүйцэтгэх, зөрчигдсөн тохиолдолд хэрхэх нь тодорхойгүй байгааг өөрчилж, Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын үүргийг тодорхойлох бөгөөд эрх хязгаарлах шийдвэрийг зөрчсөн тохиолдолд гэмт хэрэг гэж тооцох зохицуулалтыг холбогдох хуулиудаар зохицуулах боломжийг бий болгож байгаа юм байна. Түүнчлэн хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх цогц үйлчилгээний зохицуулалтуудыг томьёолж, үйлчилгээг мэргэшсэн төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх, тэдэнд үзүүлэх дэмжлэгийн хэлбэрүүдийг шинээр оруулж өгчээ. Хүчирхийлэл үйлдэгчдэд хүлээлгэх хариуцлагын шатлал бүхий цогц тогтолцоог бий болгоно. Гэр бүлийн хүчирхийллийг жижиг зөрчлийн хэмжээнд авч үзэж байсныг өөрчилж, гэмт хэрэг, зөрчлийн хүрээнд багтаасан холимог зохицуулалтыг хуульчилжээ.

Энэ хуулийн төсөл батлагдсанаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт шатанд илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах төрийн бүтэц, механизм, байгууллага, албан тушаалтнуудын оролцоо, гүйцэтгэх үүрэг, эрх хэмжээ, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог нарийвчлан зохицуулахтай холбогдсон эрх зүйн орчин бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зохицуулалт энэ хуулиас гадна эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд боловсруулагдаж байгаа бусад хуулийн зохицуулалтаар давхар хангагдах боломжтой болж байгаа аж. Жишээ нь, хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор цагдаагийн ажилтнаас эрх хэмжээгээ хэрэгжүүлэх үндэслэл, журам, хэргийн бодит байдлыг шалган тогтоохтой холбоотой зохицуулалтыг Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиар, хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлагын төрлийг Гэмт хэргийн тухай хуулиар, шүүхээс оноосон ялыг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг Ял эдлүүлэх, нийгэмшүүлэх тухай хуулиар гэх мэтчилэн цогц байдлаар тусгажээ.

Ингэхээр хүчирхийлэл үйлдсэн этгээд ямар нэг байдлаар ялаас мултрах асуудал дахин гарахгүй гэсэн үг.

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *