Байгалын онц аюултай үзэгдэл болж байгаатай холбоотойгоор хотоос гарах
автозамуудыг өчигдөр оройн 21.00 цагаас эхлэн тодорхой хугацаагүйгээр
хаав. Тиймээс иргэдийг хотоос гарахгүй, мэргэжлийн байгууллагаас
гаргасан зөвлөмж, анхааруулагыг мөрдөхыг албаны хүн санууллаа. Салхи
18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга
шуурч байгаа тул өчигдөр орой 21:00 цагаас Зам тээврийн сайд
М.Зоригт сайдын тушаалаар орон нутгийн замын хөдөлгөөнийг хаан зорчиж
байсан иргэдийг аюулгүй газарт хоноглуулсан байна.
Цасан шуурга шуурч эхэлсэн өчигдрөөс орон нутагт 76 иргэн төөрч, эрэн
хайх ажиллагааг эхлүүлжээ. Яг одоогоор Завхан аймгийн Асгат,
Баянхайрхан, Нөмрөг, Дөрвөлжин, Отгон суманд нийтдээ 26 иргэн,
Баян-Өлгийн Буянтад нэг иргэн сураггүй алга болсныг эрэн сурвалжилж
байна. Эдгээр хүмүүсийн гурав нь малаа хариулж яваад төөрсөн бол бусад
нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан бололтой.
Цасан шуурганаас болж Увс аймгийн Давст сумын нутагт 700 гаруй бог мал
цасанд дарагджээ. Аймгийн Онцгой байдлын газар, орон нутгаас шуурхай
арга хэмжээ авч цаснаас ухаж гаргасан байна.
Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас иргэд цасан шуурганы үеэр хол,
ойрын замд гарахгүй байх, зайлшгүй гарах тохиолдолд дулаан хувцас,
халуун хоол хүнс болон цас ухах багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй
явах, автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган
замд гарах, аль болох туулах чадвар сайтай автомашинаар зорчиж, цаг
агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас
өгч буй урьдчилан сэргийлэх мэдээг байнга авч, дагаж мөрдөхийг
анхааруулсан байна.