Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ-8 нисдэг тэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-ны 21:00 цагийн орчимд осолдсон билээ. Онгоцонд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн 11 алба хаагч сууж явсан юм. Ослын улмаас ахмад Н.Батбаяр нас барсан. Хэргийг Мөрдөн байцаах газраас шалгаж байгаа. Онгоц юунаас болж осолдсон талаар ажлын хэсэг гарч, хэд хэдэн удаа хуралдсан. Ингээд ОХУ-ын мэргэжлийн газраар шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах шийдвэр гаргасан юм. Өнгөрсөн сард ОХУ-ын Москва хотын Олон улсын агаарын хөлгийн ослын шалтгааныг тогтоох газарт осолдсон Ми-8 нисдэг тэрэгний хар хайрцаг болон ослын газарт үзлэг хийсэн шинжээч нарын хавтаст хэргийн хамт хүргүүлсэн юм. Харин Москва хотын Олон улсын агаарын хөлгийн ослын шалтгааныг тогтоох газрын мэргэжилтнүүд ослын газарт үзлэг хийсэн шинжээч нарын хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлд тулгуурлан дүн шинжилгээ хийсэн байна. Ингээд нисдэг тэрэг осолдсон талаарх дүгнэлтийг гаргажээ. Мөн онгоцны хар хайрцгийг бүрэн уншиж дууссан байна. ОХУ-аас хар хайрцагны бичлэг болон юунаас болж осолдсон талаарх дүгнэлтээ Батлан хамгаалахын яам, ЗХЖШ-т өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн гэнэ. Харин холбогдох яам болон ЗХЖШ-аас Ми-8 нисдэг тэрэг осолдсон талаарх ОХУ-аас ирсэн дүгнэлтийг ихэд нууцалж байна. Бүр хэргийг шалгаж байгаа Мөрдөн байцаах газарт ч өгөлгүй хэд хоног хав дарсан гэх мэдээлэл байна. Хар хайрцагны мэдээллийг тайлж уншихад манай улсаас Иргэний нисэхийн Ерөнхий газрын хоёр шинжээч, БХЯ-ны томоохон албан тушаал бүхий хоёр хүн байсан аж. Хар хайрцагны мэдээллийг тайлж уншсан баримт 20 гаруй хуудас болсон гэнэ. Ми-8 нисдэг тэрэг юуны учир осолдсон талаар албаны эх сурвалж бидэнд ийм мэдээлэл өгсөн юм. ОХУ-аас осолдсон нисдэг тэрэгний эд анги болон бусад техникийн нөхцөл байдал, хар хайрцагны мэдээлэл хэвийн байна. Нисдэг тэрэгний техникийн бүрэн бүтэн байдалд ямар нэгэн алдаа дутагдал гарсан зүйл ажиглагдаагүй. Хэвийн үйл ажиллагаатай байсан нь хавтаст хэрэгт авагдсан шинжээч нарын тайлбарт тодорхой харагдаж байна. Харин нисгэгч хэт доогуур нисэж явсан. Үүнээс болоод нисдэг тэрэг унаж осолдсон магадлал өндөр байна гэх утга бүхий дүгнэлтийг хүргүүлсэн гэнэ.
Мөн Мөрдөн байцаах газраас Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Отгонбаяр, осол гарах үед нисдэг тэрэг жолоодож байсан Ш.Батжаргал нарыг Эрүүгийн хуулийн 217.1-д заасан “Төмөр зам, усан болон агаарын тээврийн байгууллагын ажилтан тухайн төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний бие махбодид хүндэвтэр буюу хүнд гэмтэл эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 217.2-д заасан. “Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Онгоцны нисгэгч Ш.Батжаргал нь хоёр дахь удаагаа МИ-8 нисдэг тэргийг осолдуулж байгаа юм. Өмнө нь 2007 онд УИХ-ын гишүүн байсан “Симба” Батаатай үнэг хөөж яваад Ми-8 унагаж байсан аж. Дээрх хэргийн шүүгдэгчээр онгоцны дарга Д.Гансүх, II нисгэгч Ш.Батжаргал, портмеханикч Ц.Чимиддорж нарт Эрүүгийн хуулийн 217.2 дугаар зүйл ангиар ял төлөвлөж байсан ч Өршөөлийн хуульд хамрагдаж байсан юм байна. Ш.Батжаргал нь Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисэх багийн даргын албыг хашиж байхдаа ийнхүү дахин нисдэг тэрэг осолдуулжээ. Мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн Улсын нисэхийн хэлтсийн даргыг хугацаа нь дууссан онгоцыг хууль бусаар сунгасан гэх мэдээлэл ирсний дагуу мөрдөн байцаалт хийгдэж байгаа гэнэ. Онгоцны нислэгт тэнцэх чадварын гэрчилгээг авахдаа хууль бусаар авсан байж магадгүй гэх хэргийг ч шалгаж байгаа юм байна.
Э.Баатар