Categories
арын-нүүр булангууд мэдээ

Талын шар цэцэг

“Талын шар цэцгийг чи минь бүү голоорой” гээд л дунд сургуульд байхдаа дуулцгаадаг байж билээ. Талд ургасан шар цэцгүүд багын дурсамжид үлдсэн болохоор ч тэр үү үнэ цэнтэй, эрхэмсэг санагдана. Төв аймгийн Цээл суманд Майхан уул бий. Тэр эгэлхэн уулын хормойгоор шар цэцгүүд ургасан байдаг сан. Багадаа дүү нартайгаа эмээ өвөөгийнд “хаягдана”. Хамаатан садны хүүхдүүдтэй хамт өвөөгийн урласан том тэргэн дээр 40-ийн бидон, 60-ын савтай ус тавиад, савнуудаа тэрэгнээс бэхэлж аваад түрж гарна. Худгаас цаахнатай Майхан уул дүнхийж харагддаг сан. Майхан уулын дүр зураг сэтгэлд буухад амар амгалангийн орон шиг санагддаг. Тэнд дэвхцэн гүйж, цэцэг түүж байсан бага нас маань ямар ч жаргалтай байсан юм бэ дээ. Эмээгийнхээ 37-ны жил дээр би мэндэлсэн гэдэг. Тийм болохоор багадаа айлын эмээ нар яагаад ийм хөгшин байдаг юм бол гэж гайхдаг сан. Эмээ маань хүний өөрийн баахан хүүхэд “маллана”. Гэрийн хаяанд эгнэж суугаад хооллож суунгаа хүүхдүүдийг хараад зарим хүн “Цэцэрлэг, ясли шиг” гэдэг байлаа. Тав, зургуулаа нийлж аваад, Майхан ууланд дураараа тэнэж, хорвоотой танилцана. Тэгэхэд “Хүүхдийн бөөр авдаг” гэх Лувсан өвгөнөөс бусад хүнээс айх айдасгүй амгалан үе байж дээ. “Бөөрийг чинь авна шүү” гэж айлгадаг өвгөнийг гэрт орж ирэхэд бүгдээрээ орон доогуур санд мэнд шургаад, гарахыг нь хүлээж хэвтэнгээ унтчихсан байдаг сан.

Талд ургасан шар цэцгийг түүх дуртай байж билээ. Одоо бол сайхан санагдсан цэцгүүдийг зүгээр л харж баясдаг болсоон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *