Categories
мэдээ цаг-үе

“Зохион бүтээгч” дугуйлан ирээдүйн инженерүүдийг бэлтгэж байна

“Тэнгис кино” театрын ард байрлах 12 дугаар байранд “Зохион бүтээгч” дугуйлан хичээллэдэг юм байна. Сүүлийн үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчид уг дугуйланг ихэд сонирхох болжээ. Тус дугуйлангаас энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ. Дугуйлангийн сурагчид хичээлийн цагаасаа хамаарч цагийн сонголтоо хийдэг юм байна. 12:00 цагийн үед дугуйлангийн өрөөнд арав гаруй хүүхэд хичээллэж байв. Өрөөг сурагчдын бүтээлээр тохижуулжээ. Дугуйлангийн захирал С.Батгэрэл сурагчдад гарын доорх материал ашиглан хэрхэн усан онгоц хийж болохыг зааж байна. Т.Буянбат хүү өмнөө загвар хийх материалууд, багаж хэрэгсэл тавьсан харагдана. Тэрээр өөрийн хийсэн усан онгоцоо эргүүлж тойруулж харна. Мөн бусад сурагчдын хийж буй бүтээл рүү ихэд сонжин харж байв.

Би том болоод онгоцны нисгэгЧ болно. ӨӨрийнхӨӨ хийсэн онгоцыг унаж хҮмҮҮсийг гадаадын олон оронд аюулгҮй хҮргэж ӨгӨх болно

Зохион бүтээгчдугуйлангийн сурагч Т.Буянбатын сэтгэгдлийг хуваалцлаа.

Дугуйланд суралцаад хэр удаж байна?

-Хэдэн сар болж байна.

Анх хэн дугуйланд оруулсан бэ?

-Аав дугуйланд явах уу гэж асуугаад бүртгүүлсэн.

Энэ дугуйлангийн юу нь их таалагддаг вэ?

-Өөрөө өөрийнхөө хүссэн тоглоомыг хийх нь надад таалагддаг. Би онгоцны нисгэгч болохыг мөрөөддөг. Онгоцны нисгэгчийн тухай гардаг кино, хүүхэлдэй үзэх их дуртай. Би том болоод онгоцны нисгэгч болно.Тэгээд өөрийнхөө хийсэн онгоцыг унах болно. Бас хүмүүсийг гадаадын олон оронд аюулгүй хүргэж өгөх болно.

Аав, ээж нь ямар ажил эрхэлдэг вэ?

-Манай аав, ээж хоёр савхин бээлий оёдог.

Чи тэдэндээ тусалдаг уу?

-Би аавынхаа оёсон бээлийнүүдийг хооронд нь холбож өгч тусалдаг.

Дугуйланд явснаар юу хийж сурсан бэ?

-Онгоц, машин хийж сурсан. Бас усан онгоц. Манай гэрт миний хийсэн зөндөө онгоц байгаа.

50 дугаар сургуулийн 3д ангийн сурагч Ж.Баасандорж:

Дугуйланд танай сургуулиас явдаг хүүхэд бий юу?

-Би энэ дугуйланд ангийнхаа найзтай хамт сурдаг.

Анх дугуйланд эмээ нь оруулсан гэсэн үү?

-Тэгсэн. Эмээ намайг дугуйланд оруулсан. Манай эмээ усны инженер мэргэжилтэй.

Ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болохыг хүсч байна?

-Барилгын инженер.

Яагаад заавал барилгын инженер болно гэж?

-Манай аав, ээж барилгын инженер. Барилгын компанийн захирал байхгүй юу. Намайг том болохоор их сургуульд сургаж, барилгын инженер болгоно гэж хэлдэг юм.

Дугуйлангийн багш нар юу зааж байна?

-Манай багш цаасаар машин, усан онгоц яаж хийхийг зааж өгсөн.

Танай ангийнхан адилхан дугуйланд явж өөрөө гоё юм хийж сурахсан гэж ярьж байна уу?

-Үгүй. Би ангийнхандаа хэлдэггүй.

Яагаад. Сурсан зүйлээ бусадтайгаа хуваалцах чинь сайн хүүхдийн шинж шүү дээ?

-Эхлээд өөрөө хийж сураад дараа нь хэлнэ ээ. Одоохондоо надтай адилхан машин, усан онгоц хийгээд сурчихна гэж бодоод хэлдэггүй. Манай эмээ миний хийсэн зүйлийг бүгдийг нь цуглуулж байгаад ангид үзэсгэлэн гаргана гэсэн гэв.

Бага ангийн сурагчид үдээс хойш хичээлтэй учир эцэг, эхчүүд хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхөөр ирсэн юм. Ингээд дунд ангийнхны ээлж эхлэв. Дунд ангийнхны хувьд ашиглаж буй материал нь арай өөр. Учир нь сургалт дөрвөн шаттай бөгөөд анхан шатанд цаасаар техник бүтээхэд оршдог байна. Хоёрдугаар шатанд ундааны сав, элдэв гар доорх материал ашигладаг бол дараагийн шатнаас дуураймал материал, эцсийн шатанд зориулалтын материал ашигладгаараа онцлогтой аж. Мөн нас насны онцлогоос хамаарч ашиглах материал, хийх загварууд нь ялгаатайгаар сургалтыг явуулдаг байна.

23 дугаар сургуулийн 6в ангийн сурагч Т.Улсболд зураг, технологийн хичээлд илүү сонирхолтой гэнэ. Тиймээс хүүгийнхээ авьяасыг хөгжүүлэхийн тулд ээж нь уг сургалтад бүртгүүлжээ. Дугуйланд яваад сар гаруйхан хугацаа болж байгаа ч олон төрлийн техникийн загвар хийж сурчээ. Тэрээр ярихдаа “Би энэ дугуйланд явсандаа их олзуурхаж байгаа. Надад PС тоглосноос машин, онгоц хийх нь илүү сонирхолтой санагддаг” гэж байв.

ИнгээдЗохион бүтээгчдугуйлангийн захирал С.Батгэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.

Дугуйлангийнхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Дугуйланг сонирхож буй хүмүүс их байдаг уу?

-Манай гол зорилго техникт сонирхолтой ирээдүйд инженер юм уу техник спортын мундаг тамирчин болох хүсэлтэй хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэх улмаар энэ хүүхдүүдийн бүтээлийг сурталчлах юм. Цаашлаад олон улсын уралдаан тэмцээнд оролцуулж авьяас чадварыг нь сорих зорилготойгоор байгуулагдсан. Анх 2012 онд дугуйлан нээгдсэн ч үйл ажиллагаа түр завсарлаад өнгөрсөн намраас эргэн жигдэрсэн.

Танай дугуйланд явах сонирхолтой маш олон хүүхэд байхад үйл ажиллагаагаа яагаад зогсоосон юм бэ?

-Та бүхэн харж байна. Манай дугуйлан хүүхдүүдэд сургалт явуулахын тулд төрөл бүрийн зориулалтын материал, мотор, акумлятор, алсын удирдлага болон багаж хэрэгсэл, цахилгаан тоног төхөөрөмжүүд хэрэгтэй. Эдгээр нь өртөг өндөртэй байдаг. Эхний шатны сургалтууд энгийн гар доорх материалаар явагдана. Шат ахих тусам хийж байгаа материалууд нь нарийвчлалтай болдог.Хөдлөх, явах ангиудаас эхлээд үнэтэй болоод ирдэг. Нэг ёсондоо эдийн засгийн хүндрэлээс болж нэг хэсэг үйл ажиллагаагаа зогссон гэсэн үг.

Сургалтын төлбөр хэд вэ?

-Манай дугуйлангийн нэг сарын төлбөр 60 мянган төгрөг. Манай нийт хичээл орж байгаа цагийг бодоод үзэхээр нэг цаг нь 2500 төгрөг гэсэн үг. Бусад багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл ашиглан материал зарцуулж бүтээл гаргадаггүй сургалтын төв ямар ч материаллаг бааз шаардлагагүйгээр зөвхөн сургалтын төлбөр нь цагийн 5000 төгрөгийн үнэтэй байдаг. Үүнтэй харьцуулахад төлбөрийн хувьд хямд. Одоогийн байдлаар бид сурагчдынхаа төлбөрөөр материалынхаа зардлыг л нөхөж байгаа. Багш нарын цалин, байрны түрээс, урсах зардлыг өөрсдөө дааж явдаг.

Хичнээн хүүхэд танай дугуйланд суралцаад байна вэ?

-Анх байгуулагдсанаас хойш 120 гаруй сурагч манай сургалтын төвийг төгссөн.

Олон улсын эсвэл дотоодын уралдаан тэмцээнд дугуйлангийн сурагчид оролцдог уу?

-Хараахан оролцоогүй байна. Манайд яг ийм чиглэлээр болдог Техник технологийн олимпиад гэж ганц тэмцээн болдог. Түүнд тухайн сургуулийнх нь технологийн багш нар нь ихэвчлэн ахлах ангийн сурагчдаа бэлдэж оролцуулдаг ба шагналт байранд шалгарсан сурагчид нь их дээд сургуульд суралцах эрхээр шагнуулдаг. Манайд одоогоор дээд тал нь есдүгээр ангийн хүүхэд суралцдаг. Тэгэхээр манай хүүхдүүдийн нас нь арай хүрээгүй байгаа юм. Тиймээс хүүхдүүдээ гадаадын уралдаан тэмцээнүүдэд оролцуулах төлөвлөгөөтэй байгаа ба монгол хүүхдүүд амжилттай оролцож эх орныхоо нэрийг дуурсгана гэдэгт итгэлтэй байна.

Сургалтаар хүүхдүүд чухам ямар мэдлэгийг олж авах бол?

-Одоогийн байдлаар сургалтаа дөрвөн шатанд хуваагаад байна. Гарын ур дүй, ямар материал боловсруулж чадах вэ гэдгээс хамаарч сургалтыг насны ангилал, шатлалд хувааж байгаа юм.

Эхний хоёр шат нь нэг нэг сарын хугацаатай явагддаг. Эхний шатанд энгийн хийцтэй буюу үзүүлэнгийн загварууд хийдэг. Анхан шатанд усан онгоц, нисэх онгоц, машин нь бүтэц, зохион байгуулалтын хувьд хоорондоо ийм ялгаатай байдаг юм байна гэдгийг мэдэж авахаас гадна яаж хийх технологийн дарааллыг мэдэж авдаг. Хоёрдугаар шатанд хөдөлдөг загварууд хийнэ. Усан онгоц, нисэх онгоц, машинаас гадна танк, галт тэрэг, пуужин гээд өөр өөр хийж болохуйц зүйлийг хийнэ.

Тэгэхээр танай дугуйланг төгсөхөд техникийн бүтэн загварыг хийдэг болж төгсөх нь ээ?

-Дөрөвдүгээр шатанд суралцсан хүүхдүүд хагас дуураймал загварыг хийж сураад төгсөнө. Бүтэн дуураймал гэхээрээ яг адилхан хөдөлнө, эх загвартайгаа мотор, шил, зангуу гэх мэт бүх зүйлээрээ адилхан. Жижигрүүлсэн загвар гэж хэлж болно. Одоохондоо манай сургалтад бүх үе шатыг бүрэн эзэмшиж төгссөн сурагч байхгүй.

Яагаад?

-Яагаад гэвэл бүтэн дуураймал загварыг хийхэд дор хаяж нэг жилийн уйгагүй ажиллагаа шаардлагатай болдог. Гэтэл манайх сүүлийн хоёр жил л эрчимтэй сургалт явуулж байна. Би хүүхэд байхдаа бүтэн дуураймал загварыг гурван жилийн турш хийж байсан.

Хүүхэд байхаасаа энэ дугуйлангаар суралцах нь тухайн хүүхдийн цаашдын амьдралд ямар нөлөө үзүүлдэг вэ?

-Маш сайн нөлөөлдөг. Жишээ нь манай сургалтад явж байгаа хүүхдүүд ажлын байранд сурах ёстой зүйлүүдийг, тэрнээс ч нарийн зүйлүүдийг дугуйланд сурж байхдаа мэдэж авдгаараа давуу талтай. Онолыг нь сайн мэдэхгүй юм гэхэд дадлагыг маш сайн мэддэг болдог. Дээр нь гарын ур дүй, зохион бүтээх, сэтгэх, засах энэ бүх зүйл нь түрүүлээд суучихдаг. Их сургуульд ороод багшийн заасан хичээл шууд толгойнд нь буудаг. Нөгөө хүмүүс нь хажуугаар нь онолтойгоо зууралдсаар байж байгаад төгсөх жишээний. Энэ хүмүүсийн хооронд газар тэнгэр шиг ялгаа бий. Ийм л чадварлаг хүмүүс ирээдүйд дэлхийд эх орноо таниулна. Адаглаад л манай дугуйланд суралцсан хүүхэд гэрийнхээ тавилгыг хэний ч гарыг харахгүйгээр хийчихнэ. Наад зах нь машиныхаа оношийг тодруулчихна, эвдэрсэн хэрэгслээ өөрсдөө засчих, монголчлоод өөрчилж шинэчлэх тийм л чадварыг бид суулгана шүү дээ гэв.

С.Батгэрэл физикийн багш, электроникч мэргэжилтэй бөгөөд өмнө нь Улаанбаатар, “Энх-Орчлон” зэрэг их, дээд сургуулиудад физик электроникийн чиглэлээр хичээл заадаг байжээ. Тэрээр өөрөө удирдан санаачилж Монгол Улсад мэдээллийн технологийн таван мэргэжлээр лаборатори нээн тохижуулж, хичээлийн төлөвлөгөөг нь боловсруулж байсан юм байна. С.Батгэрэл багш сургалтаа явуулахын зэрэгцээ мэргэжлийн ажлаа гүйцэтгэдэг байна. Өдгөө түүний шавь нар 1000 орчим болж хүрээгээ тэлсэн бөгөөд мэдээллийн технологийн компьютер сүлжээ, электроникийн мэргэжилтнүүдийн ихэнх нь түүний шавь гэнэ. Тэрээр энэхүү дугуйлангаа нийслэлийн бүх дүүргүүдэд хичээллүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Мөн ирэх дөрөвдүгээр сараас электроникийн анги хичээллүүлэхээр болжээ. Тус дугуйлангийнхан өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан машины удирдлага, телевизийн удирдлага зэргийг бүтээж байгаа юм байна. Түүнчлэн ирэх зургадугаар сард жижигрүүлсэн загвар бүхий хүүхэд унах зориулалттай машин хийхээр зэхэж байгаа бөгөөд жижигрүүлсэн хэлбэр бүхий роботыг ч бүтээх гэж байгаа аж. Энэ хүүхэлдэйн робот нь бусад роботтой харьцуулахад хүнтэй адилхан үйлдэл хийж чадахаараа давуу талтай аж.

Б.АРИУНЗУЛ

One reply on ““Зохион бүтээгч” дугуйлан ирээдүйн инженерүүдийг бэлтгэж байна”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *