Categories
мэдээ цаг-үе

Өөртөө цаг гаргаж ном унш

“Ном унших дадал гэдэг нь Харвардын дипломоос ч чухал” хэмээн Билл Гейтс хэлжээ. Манай сонин ч ном унших дадал суулгах, номонд шимтэхийг залууст уриалдаг. Хүмүүс мөнгөөр гачигдаж байгаа тухайгаа л байнга улиглаж санаа зовдог ч ухаанаар гачигдаж байгаагаа ярьдаггүй. Угтаа ухаанаар гачигдаж байгаадаа анхаарал хандуулбал мөнгөөр гачигдахгүй болох юм. Залуус бид алдаа гаргадаг. Гэвч алдаа гаргахаас үргэлж айж явдаг хүмүүс амжилт ололтын тухай мөрөөдөөд ч хэрэггүй. Ахмад хүмүүс өөрсдийгөө туршлагатай гэж бидэнд хэлдэг ч тэр хүмүүсийн гаргасан алдаа л байдаг шүү дээ. Нэг үгээр хэлбэл хүмүүс өөрийн гаргаж байсан алдаагаа туршлага гэж нэрлэдэг. Алдахаас бүү ай. Дэлхийд нэрээ гаргасан хүмүүс алдахаас айсан бол мөн олонтаа алдаа гаргаагүй бол амжилтад хүрэхгүй байсан. Гэвч амжилтад хүрсэн хүн болгон олон диплом цуглуулсандаа биш олон зүйл мэдэж, ихийг уншсан байдаг.

Тиймээс унш, бас дахиад унш. Өдөр бүр өөртөө цаг гаргаж унших дадалд суралц. Ном унших нь кино үзэх, хөгжим сонсох, дасгал хийхээс ч илүү тайвшруулдаг гэсэн судалгаа бас гарсан байсан. Сошиалд олон цагийг дэмий шахуу чатлан өнгөрөөж буй залуус ном унших завгүй байгаагаа бичсэнийг олж харлаа. Сошиалд гаргаж байгаа цагаа багасгаад ном уншихад зориул. Нэг л мэдэхэд та энэ дадалдаа дуртай болно. Номонд чи автаж, номоос чи олон зүйл мэдэх болно. Ном унших бүрт чинь эрдмийн мод толгойд чинь цэцэглэж байна гээд бод доо. Ухаантай гэж боддог хүн болгон чинь чамаас илүү уншсан байгаа. Ном уншина гэдэг өөрийгөө хөгжүүлэх хамгийн оновчтой арга. “Сайн ном унших нь ухаантай хүнтэй ярилцах мэт. Уншигч түүнээс мэдлэг, юмсын учир шалтгаан, амьдралын сургамжийг олж авдаг” гэж Л.Н.Толстой хэлсэн байна лээ шүү.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *